Ардын Засгийн газрын 1931 оны тогтоолоор Хан Хэнтий аймгийг өөрчлөн зохион байгуулж, Дорнод аймгийг байгуулсан түүхтэй бөгөөд Засаг захиргааны 14 сум 63 багтай.
Дорнод аймаг халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястнаас бүрдэх 75.5 мянган хүн амтай, 75 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Тус аймгийн төв Чойбалсан хот улсын нийслэл Улаанбаатараас 656 км алслагдсан.
Үйлдвэрлэл, дэд бүтэц:
"Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, нүүрсний "Адуунчулуун" ХК, "Дорнод гурил” ХХК, махны үйлдвэрлэл худалдааны "Мах маркет" ХХК, Нефть хангамжийн газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Зүүн бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Гаалийн газар "Хэрлэн Номин бизнес төв” зэрэг бүсийн хэмжээний томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, газруудтай .
"Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК нь Чойбалсан хот, 13 сумын төв, уул уурхайн 3 компани болон, Сүхбаатар аймгийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж байна.
Адуунчулууны нүүрсний уурхай нь 600.0 мянган тонн нүүрс гаргах хүчин чадалтай. Гэвч зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамаарч хүчин чадлынхаа 40 орчим хувийг ашиглаж байна.
Дорнод гурил ХХК нь жилдээ 9000 тн гурил, 5000 тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай, Баянтүмэн, Халхгол суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, 2200 гаруй га-д үр тариа тариа, жилдээ 5000 гаруй тн ургац хураан авч байгаа бөгөөд 600 га-д усалгаатай тариалан эрхэлж үйлдвэрийн түүхий эдээ өөрийн газар тариалангаас хангах зорилготой ажиллаж байна.
Аялал жуулчлал:
Аймгийн нутагт өвөг дээдсийн түүхийг өгүүлсэн Х-ХI зууны Киданы үеийн Хэрлэн бар хот, Хэрмэн зам, ХIХ зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, хүн чулуунууд, Угтамын хийдийн туурь, Халхголын ялалтын хөшөөнүүд зэрэг түүхийн дурсгалт газрууд олон бий.
Аймгийн нутгаар Хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн /1090 км/, Онон /292км, Улз /428 км/, Хянганы нуруунаас эхтэй Халх Нөмрөгийн зэрэг том гол мөрөн урсдаг.
Дорнод талын хөх нүдэн Буйр нуур нь далайн түвшнээс дээш 583 метрт өргөгдсөн бөгөөд 615 хавтгай дөрвөлжин км талбайтай, 50 м хүртэл гүн цэнгэг устай, булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цулбуурт, хэлтэг, цурхай зэрэг 20 гаруй төрлийн агнуурын загастай. Тус аймагт мөн Монгол улсын хамгийн нам дор газар болох далайн түвшнээс дээш 560 метрт өргөгдсөн Хөх нуур оршино.
Байгалийн нөөц баялаг:
Дорнод аймагт Халх-Нөмрөг, Дорнод Монголын дархан цаазат, Монгол Дагуурын дархан цаазат газар, Угтам, Тосон-Хулстай зэрэг байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн дурсгалт газрууд байдаг. Онон, Улз, Халхголын ой хөвчөөр хандгай, буга, баавгай, гахай, заарт харх, илбэнх, шилүүс зэрэг ховор амьтдаас гадна бүх нутгаар үнэг, хярс, тарвага, чоно, дорго, мануул, бор гөрөөс, цагаан зээр зэрэг ан амьтад элбэг. Нутгийн ой хөвч, хээр талд бүргэд, харцага, шар шувуу зэрэг махчин шувууд, галуу, нугас, ангир мэтийн усны шувууд, хур, сойр, ятуу тоодог мэт ангийн олон шувуудын зэрэгцээ үзэсгэлэнт сайхан хун, гургуул зэрэг дархан цаазтай шувууд ч бий. Мөн цэн тогоруу, хургач бор, монгол бялзуухай зэрэг судлаачдын анхаарал татаж буй дэлхийд ховор шувууд байдаг.
Ази тивийн зэрлэг амьтдын хамгийн сүүлчийн сүрэг болох цагаан зээрийн сүрэг зөвхөн Монголын Дорнод талд олон мянгаараа сүрэглэн амьдардаг.
Тус аймаг Хүрэн нүүрс, жонш, нефть, уран, шохойн чулуу, алт, вольфрам, зэс, утаат болор, хадан цагаан, төмрийн хүдэр, шатдаг занар, давс хужир зэрэг ашигт малтмалын нөөц газруудтай. Түүнчлэн Цагаан хөндий, Минжүүр, Эрээн, Цагаан чулуут зэрэг халуун, хүйтэн 20 гаруй рашаан бий.
Дорнод аймагт Буйр, Хөх нуураас загас, Цагаанчулуутын бүлэг ордоос алт, Адуунчулууны нүүрсний ил уурхайгаас хүрэн нүүрс, Сангийн далайгаас хүнсний давс, Цав, Улааны орд газраас хайлуур жонш, холимог металл олборлон ашиглаж байна. Мөн Матад, Халхгол сумын нутгаас газрын тос олборлож байна.
Цагаан зээр, монгол тарвага, саарал чоно, шар үнэг, хярс, бор гөрөөс, загас зэрэг агнуурын амьтад, хус улиас, нарс, хар мод зэрэг мод, үрэл, мойл, улаалзгана, нохойн хошуу, аньс, тэхийн шийг, гүзээлзгэнэ, долоогоно зэрэг жимс жимсгэнэ, таана, хөмөөл, мангир зэрлэг онгино, мөөг зэрэг хүнсний ургамал, навтгар таван салаа, агь, сөд, царвант шарилж, цагаан мөөг, буриад хонин зажлуур зэрэг эмийн ургамал ургадаг.
Мөн агаар, ус, газар, газрын хэвлийн баялгаас гадна элс, хайрга, шавар шохой зэрэг барилгын материал, хужир шүү, эрдэс, өнгөт металл, эрдэнийн чулуу болон химийн бусад нэгдлүүдийг олборлон ахуй, үйлдвэрлэлд ашиглах боломжтой.
Тээврийн салбар:
Тус аймаг нь цагт 60 хүнд үйлчлэх олон улсын онгоцны буудалтай.
Мөн Оросын холбооны улсын Чита, Краснокаменск хот, БНХАУ-ын Хармөрөн мужийн Харбин хот, Хянган аймгийн Улаан хот хотын чиглэлд олон улсын иргэний агаарын хөлгийн зам нээх бүрэн боломжтой. Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын чиглэлд олон улсын нислэг үйлдэж байна.
Улаанбаатар Төмөр замын Баянтүмэн тасгаас ОХУ-ын Чита хот, БНХАУ-ын Манжуур хотоор дамжин Европ, Зүүн хойд Азийн орнуудтай харилцах боломжтой юм. Мөн "Түмэн гол” төслийн хүрээнд Чойбалсан хотыг БНХАУ-ын Рашаан хоттой төмөр замаар холбох талаар судалгааны ажлууд хийгдэж байна.
Соёл боловсрол, эрүүл мэнд:
Дорнод аймгийн хэмжээнд Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв болон өрхийн 6 эмнэлэг, сум дундын 3 эмнэлэг, 13 суманд хүн эмнэлэг иргэдийнхээ эрүүл энхийн төлөө үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай аймагт Ерөнхий боловсролын 25 сургуульд 15000 гаруй сурагчид, 700 гаруй багш, 25 цэцэрлэгт 2800 гаруй хүүхэд, 100 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж, Дорнод дээд сургууль, Шаталсан сургалттай техник технологийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 2000 гаруй оюутан суралцаж байна.
Аймгийн хэмжээнд Хөгжимт драмын театр 1, номын сан 26, музей 5 болон 13 соёлын төв үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн Хөгжимт драмын театрын дэргэд Симфони найрал хөгжмийн оркестр, "Талын аялгуу” үндэсний хөгжмийн хамтлаг, найрал дуу, драм, бүжиг, хөгжмийн ангитай нийт 40 гаруй уран бүтээлчид ажиллаж байна.
Аймгийн төвийн бүх байгууллагууд, зарим сумд интернэтэд холбогдоод байна.
Аймгийн Музей нь түүх угсаатны, байгалийн, уран зургийн, К. Жуковын музей гэсэн 4 чиглэлээр ажилладаг.
Гадаад харилцаа:
Дорнод аймаг нь ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйр хот, Хянган аймагтай нийгэм, соёл, эдийн засаг, худалдааны шууд харилцаатай. БНСУ-ын Пучонь хот, БНХАУ-ын Жилин муж, Хөх хот, Шилийн гол аймаг зэрэг бусад газартай нөхөрсөг харилцаа тогтоож, хамтын ажиллагааны шинэ шатанд ороод байна.
Тус аймаг нь Зүүн хойд Азийн эдийн засгийн хөгжлийн хүрээнд "Түмэн бүс "хөтөлбөрт оролцож, мөн АНУ-ын Альяск төвтэй олон улсын "Умардын чуулга”-ны гишүүн аймаг болж, Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоотой идэвхтэй хамтран ажиллаж байна.
Дорнод аймаг нь газар нутгийн хэмжээ, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалт газрууд, ашигт малтмалын нөөцөөрөө зүүн бүс төдийгүй Монгол улсын хөгжилд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон хязгаар нутаг бөгөөд Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу аймгийн төв Чойбалсан хот нь зүүн бүсийн тулгуур төв болон хөгжиж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих