Дэлхийн тэргүүлэх гүрнүүд эдүгээ зэвсгээр хөөцөлдөж нэгнээсээ илүү
гарахыг бус харин сансар огторгуйн судалгаагаар ид өрсөлдөж байна.
Эрдэмтдийн яриагаар огторгуйд буй олон гаригаас Ангараг гариг дээр л
өмнө нь амьдрал байсан байж ч магадгүй ажээ. Олон жил үргэлжилж буй
судалгааны дүнг ихэд нууцалж байгаа нь ч учиртай гэж барууны хэвлэлд
бичиж байгаа юм. Америкийн сансар судлалын үндэсний төвийн эх сурвалжийн
өгүүлснээр бол энэ гаригийн судалгааны дүнг 2020 онд олон нийтэд
дэлгэрэнгүй танилцуулахаар болжээ. Тэр болтол Ангараг гариг дээр амьдрал
байгаа эсэх талаар маргаан өрнөсөөр байх нь тодорхой.
Монголчууд эртнээс "улаан нүдэн" гэж нэрлэсэн энэ гаригийн талаар "Science"-д сонирхолтой нийтлэл гарсныг товчлон хүргэж байна.
Ангараг
бол нарны аймгийн дөрөв дэх гариг. Хоёр дагуултай бас хөрст гариг. Уг
гариг нь маш нимгэн нүүрсхүчлийн хийгээс тогтсон агаар мандалтай байдаг
ажээ. Дэлхийгээс илүү хүйтэн байдаг нь нарнаас хол байдагтай холбоотой.
Уг гаригийн туйлууд дээр мөс байгааг тогтоосон бөгөөд эрдэмтэд үүнийг ус
байсан гэж үздэг.
Улаан өнгөтэй харагдах байдлаар нь монголчууд "улаан нүдэн гариг" гэж нэрлэдэг. Ингэж харагдах нь хөрсний найрлагатай нь холбоотой. Ангарагийн агаар мандал их сийрэг, хуурай. Огторгуйн дурангаар харахад гадарга дээр нь суваг шуудуу мэт зүйл харагддаг бөгөөд тэдгээр нь хоорондоо ойр орших уул нуруу, өмнө нь байсан голын сайр, ан цав хагархай юм. Ангарагийн гадарга дээр уул нуруу тал хөндий галт уулын тогоо олон байх бөгөөд "Олимпийн цас" нэртэй унтарсан галт уул байдаг. Энэ нь нарны аймгийн хамгийн өндөр, том уул юм.
Ангарагийн
эргэлдэх тэнхлэг түүний нарыг тойрох зам хавтгайд хурц өнцөг үүсгэх тул
жилийн улирлууд солигдоно. Энэ гариг эрс тэс уур амьсгалтай, дэлхийг
бодвол хүйтэн гариг юм. Агаар сийрэг тул өдрийн нарнаас авсан дулаанаа
шөнөдөө хадгалан барьж чадахгүй алддаг. Экватор дээрээ өдөр нь 30 хэм
халаад шөнөдөө хасах 100 хэм хүртэл хөрнө. Ангарагийн агаар мандалд
үзэгдэх нэг сонин зүйл бол гаригийг бүхэлд нь хамарсан тоосон шуурга юм.
1971 онд ЗХУ-ын МАРС-2, МАРС-3, АНУ-ын Маринер-9 станцууд Ангарагийн
тойрох замд орж байх үед энэ тоос хоёр сар гаруй агаарт байсан байна.
Ангараг
гаригт амьдрал байх боломжтой байсан гэдэгт эрдэмтэд бүгд итгэлтэй
байна. Ангарагийн гадаргад ихээхэн хэмжээний ус байжээ. Ангарагаас манай
дэлхийд 13 мянган жилийн өмнө унасан "ALH 84001" нэртэй солирыг
судалсны эцэст түүнд чулуужсан бактер байгааг олж тогтоожээ. Америкийн
сансар судлалын төвийн дэргэдэх Жонсоны сансар судлалын хүрээлэнгийн
мэргэжилтэн Дэвид Маккей үүнийг Ангараг дээр амьдрал байсныг харуулсан
том нотолгоо хэмээн үзэж байна. Эрдэмтэд мөн 1911 онд Египетэд унасан
"Nakhla", Антарктидаас олсон "Yamato-593" солируудаас бактер илрүүлсэн
байна.
Техник технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө цагт Ангараг гаригийг роботын тусламжтайгаар судалж байна. Удахгүй сансарын хөлөг очих боломжтойг ч эрдэмтэд хэлсээр байгаа. Энэ талаар Сан-Франциско хотод нэгэн сонирхолтой хурал болжээ. Уг хуралд оролцсон НАСА-гийн судалгааны хүрээлэнгийн захирал Пете Ворден 2030 он гэхэд "Улаан нүдэн" гариг руу хөлөг нисгэх төслийн ажлыг эхлүүлж байгаа гэдгийг мэдэгдсэн байна. Гэхдээ энд маргаантай.үл ойлгогдох асуудлууд ч байгаа. Өнөөгийн технологийн хүчин чадлын хувьд сансрын хөлөг дэх зорчигчид буцаж дэлхийдээ ирэх ямар ч боломжгүй, өөрөөр хэлбэл тэдний нас нь хүрэхгүй. Тэгвэл оросууд тийшээ нислэг хийхээр болбол хүний биед ямар өөрчлөлт орох.ер нь нисэх боломжтой юу гэдгийг мэдэхийн тулд томоохон туршилт хийлээ. Туршилт бараг жил үргэлжилжээ.
Туршилтад оролцогчид гариг дээр , буух ажиллагааг хийж дууссан байна. "Ангараг-500" туршилт Москвагийн Анагаах ухаан-биологийн хүрээлэнд анх эхлэхэд олон улсын анхаарлыг их татсан билээ.Туршилтад оролцогчдыг хоёр хэсэгт хуваажээ.Туршилтад оролцогчид ихядарсан гэдгээ хэлсэн н нэг жилийн дотор ямар "нууц"-ыг олж мэдсэнээ ярьсангүй. Мэдээж тэднийг энэ талаар ярихыг хориглосон нь ойлгомжтой.
АСАР ТОМ НУУР БАЙЖЭЭ
Улаан
нүдэн гаригийн өмнөд хагаст орших Эллада хөндий (Hellas Planitia)-д том
нуур байсан хэмээн НАСА-гийн дэргэдэх Гариг судлалын институтын
мэргэжилтнүүд үзэж байна. Тэд хөндийн гадаргын олон үе давхаргад дүн
шинжилгээ хийсний эцэст ийм дүгнэлт хийжээ. Том нуур, тэнгисийг хүрээлэн
тогтсон уул, хад чулуу аажим, аажмаар усанд гулсан орж, яг л галт уулын
хайлмаг мэт олон үет давхаргыг үүсгэдэг аж.Үүнээс гадна тойрог замаас
авсан зураг дээр гадаргын зарим нэг хэсэг нь лаг шавраар бүрхэгдсэн мэт
харагддаг байна. Тус хөндийг асар том солирын уналтаас үүссэн гэж үздэг.
Магадгүй сүүлт од ч байж болох. Нарны аймагтаа л хамгийн том тогоо
гэгддэг ажээ. Диаметр нь 2000 км, гүн нь найман км.Тэгэхээр эрдэмтдийн
дэвшүүлсэн санаа үнэн бол энэ аварга том тогоонд нэлээд хэдэн сая шоо
метр ус цэлэлзэж байсан бололтой.
Ангараг дээрээс шингэн төлөвт байгаа ус олохын тулд Нойгийн үе хэмээн нэрлэгддэг 3-4 тэрбум жилийн өмнө "очих "хэрэгтэй хэмээн судлаачид үздэг. Тэр үед Элладын хөндийд нуур мэлтэлзэж байсан гэнэ. АНУ-ын Хьюстон хотноо болсон Сар болон бусад гариг судлалын талаарх бага хурал дээр НАСА-гийн эрдэмтэд Ангараг гариг дээрх усны асар их нөөцийн тухай шуугиант мэдээлэл хийжээ.
"Mars Reconnaissance Orbiter" (МРО) сансрын аппаратад байрлуулсан "Sharad"' радарын тусламжтайгаар авсан өгөгдөл Ангараг гариг "дунд өргөргөөрөө" хэдэн зуун метр зузаан мөсөөр хучигдсан болохыг нотолсон байна. Тэрхүү мөс нь мэдээж уснаас тогтсон. "Ямар ч эргэлзээ байхгүй. Радараас цацагдаж эргэн ирсэн долгион үүнийг баталж байна. Шинжилгээнд хамрагдсан геологийн бүтцийн 50-иас илүү хувь нь ус" хэмээн "Sharad"' төслийн мэргэжилтэн Жефф Плот "АР"-д ярьжээ. Тэгвэл Аризонагийн их сургуулийн эрдэмтэн Бандфилд Жошуа түүнтэй санал нэг байна. Тэрээр "Ангарагийн нийт гадаргын тал нь элсээр хучигдсан мөс байх боломжтой. Хэдэн метрээс эхлээд хэдхэн см хүртэл янз бүрийн гүнд мөс байгаа" гэжээ. Түүний ярьснаар гаригийн гадарга дээр дулааны цацраг хэрхэн ойж байгаагаас мөс хаана ойрхон, хаана гүнд байгааг мэдэж болох гэнэ. Ийнхүү америкуудын нээлт эрдэмтдийн олж авсан мэдээллийг баталж өглөө. Тэд өмнө нь "Mars Express" сансрын автомат станцын радар Ангарагийн өмнөд туйлаас дөрвөн метр зузаан мөс илрүүлсэн тухай мэдээлж байсан юм. Тэрхүү мөсний 90 хувь уснаас тогтсон болохыг ч тогтоожээ. Улаан гаригийн хойд туйл ч үүнээс дутахгүй усны нөөцтэй гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.
УСНЫ АМЬТДЫН ҮЛДЭГДЭЛ ҮҮ, ЭСВЭЛ...
Эрт
цагт далай, тэнгисээр хүрээлэгдсэн байсан Ангараг гаригт яагаад
хүйтэрсэн юм бол. Асуултад одоогоор хэн ч тодорхой хариулт өгч чадахгүй
байна. Янз бүрийн таамаг байдаг. Энэ гаригт мөстлөгийн эрин болсон байж
болох таамаглал байдаг. Зарим эрдэмтэд дулаан, чийглэг уур амьсгал хоёр
тэрбум жилийн өмнө хуурай, хүйтнээр солигдсон гэж үздэг. Гэхдээ
Ангарагийг нөмөрсөн гамшиг үүнээс хойно болсон байхыг үгүйсгэхгүй. МКО
аппарат Холден тогооны районд ширгэж хатсан нуурын зураг авчээ. Тэрхүү
нууранд өмнө нь амьдрал байсан гэдэгт НАСА-гийн мэргэжилтнүүд итгэлтэй
байдаг. Зураг дээр лаг шавар, усны амьтдын үлдээсэн байж болох ул мөр
маш тод харагддаг аж. Олон зуун сая жилийн өмнө энд мөгөөрст амьтад,
замаг, усны ургамал байсан бололтой гэж эрдэмтэд хэлж байна. Шинжээчдийн
тооцоолсноор уг нуур ойролцоогоор 400 шоо.км ус агуулж байжээ. Үүнээс
гадна Ангарагийн мөсөн дор "хайлсан" усыг хадгалдаг хангалттай хэмжээний
том усан сан байж болохыг эрдэмтэд үгүйсгэхгүй байгаа. Одоогоор ил усан
сан илрүүлээгүй байгаа. Зөвхөн ул мөр нь байдаг юм байна.
Нөгөө талаар "улаан нүдэн гариг"-ийн өнөөгийн уур амьсгалд ус гадарга дээр шингэн төлөвт байх боломжгүй. Зарим үед агаарын хэм тэгээс дээш гардаг экватор дээр нь ч ийм боломж байхгүй. Агаарын даралт нь бага учир хайлсан ус тэр дороо агаарт дэгдэн замхрах болно. Харин мөсөн дор бол хадгалагдан үлдэх боломжтой. Антарктидад яг ийм маягаар мөсөн дор ус хадгалагдаж байдаг юм. Германы сансар судлалын төвийн эрдэмтэн Дейдрих Мохльман.Францын эрдэмтэн Николья Уэдек нар Ангарагийн нууц усан сангууд ойролцоогоор 10 метрийн гүнтэй гэж үзэж байна. Хэрвээ энэ гаригаас амьдрал хайж байгаа бол бактер, эсвэл замгийг тэндээс л олох боломжтой гэнэ.
"Финикс" аппаратаар 2008 оны зургадугаар сарын 15-нд авсан хэд хэдэн зураг олны анхаарлыг их татсан. Аппарат гаригийн хөрснөөс дээж авсны дараа тэнд мөс маш тод харагддаг. Бүр ууршиж байгаа нь хүртэл. Уг мөс усных болохыг шинжээчид баталсан билээ. Түүнчлэн "Spirit" робот дэлхий рүү нэгэн сонирхолтой зураг илгээжээ. "Элсэнд гацсан роботын дугуй хөрсийг самардан тэгш өнцөгт биетийг ил гаргасан байна. Тэр нь тоосго, эсвэл чулуужсан зүсмэл модтой төстэй аж. Харин түүний цаахан талд шавар ваарны хэлтэрхийтэй тун ч адилхан зүйл элснээс цухуйж харагдсан гэж" НАСА-гийн сайтад мэдээлжээ.
Ангараг дээр амьдрал огт байхгүй гэдэгт итгэдэг хүн ч байна итгэдэггүй нь ч байна. Мэдээж энэ гариг дээр одоо хэн нэгэн амьдарч байна гэвэл олон хүн итгэхгүй байх. Гэхдээ тайлбарлахад бэрх олон үзэгдэл үйл явдал болсоор байна. 2007 онд "Spirit" роботын тусламжтайгаар авсан зураг эрдэмтэн судлаачдын анхаарлыг их татжээ. Камерын дуранд тэнгэрт хөдөлж байгаа биет өртжээ. Солир гэхэд хэтэрхий удаан хөдөлж байжээ. Бас хиймэл дагуул гэхээр биш. Гол нь "Spirit"-ийн дуранд дэлхийгээс хөөргөсөн ямар нэг аппарат өртсөн байх боломжгүй. Тойрог замд байгаа аппаратуудаас ганцхан "Викинг-2" л зурагт орох боломжтой боловч хэт өндөрт тойрч байдаг учир ийм тод харагдах боломжгүй гэж НАСА-гийн эрдэмтэд үзэж байна.
Тухайн үед "Spirit" роботыг удирдаж байсан багийн ахлагч Марк Леммон "Үүнийг сүүлт од байсан уу, эсвэл харь гаригийн хөлөг байсан уу гэдгийг бид мэдэж чадахгүй байж магадгүй. Гэхдээ бид оньсогыг тайлахын тулд ажиллах болно" хэмээн мэдэгдэж байв. Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Гэвч учрыг нь олоогүй л байна.
Н.ЭНХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих