Ардын хувьсгалын эхэн үед засаг
захиргааны шинэ зохион байгуулалтаар Хан Хэнтий уулын аймгийн харъяа
Улзын голын буриад хошууны зүүн хэсэгт нутаглаж байсан нутгийн зон
олон 1925 он гэхэд "Улз”, "Баруун тарь”, "Далай”, "Хөх уул” суманд
харъяалагдах болов. Энэ 4 сум байгуулагдсанаар өнөөгийн Дашбалбар сумын
үндэс суурь болж сум үүсэн байгуулагдсан түүхэн ойгоо 1925 он гэж
тэмдэглэсээр ирсэн уламжлалтай.
1931 онд Хан Хэнтий уулын аймгаас Дорнод аймаг тасран байгуулагдахад Улзын голын буриад хошуу энэ аймагт харъяалагдах болов.
Энэ үеээс Дашбалбар сум одоогийн байгаа "Цагаан дэв” хэмээх энэ газарт төвлөрсөн түүхтэй.
Дашбалбар сум нь ОХУ-ын Чита муж, аймгийнхаа Чулуунхороот, Гурванзагал,
Сэргэлэн, Баяндун сумдтай хиллэдэг. 871315 га өргөн уудам нутагтай.
Үүний 856990 га газар нь хадлан бэлчээр, 2880 га нь хот тосгон бусад
суурингийн эдэлбэр газар, 1032,7 зам, шугам сүлжээний, 7262 га нь ойн
сан, 3150 га нь усан сан бүхий газар юм.
Дашбалбар сумын төв нь аймгийн төв /Чойбалсан хот/-оос 194 км, Улаанбаатар хотоос 750 гаруй км алсад оршдог.
Сумын төвд 800-аад сурагчтай ерөнхий боловсролын 10 жилийн сургууль, 13
ортой хүн эмнэлгийн салбар, 50 ортой цэцэрлэг, 52 хүүхдийн дотуур байр,
300 хүний суудалтай Соёлын төв, 6600 гаруй үзмэртэй орон нутгийг судлах
музей, 16000 номын фондтой номын сан, 20 гаруй худалдаа үйлчилгээний
цэг салбар ажиллаж байна.
60х2 дизель хөдөлгүүрээр албан газар, аж ахуйн нэгж, 200 гаруй айл
өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Үндэсний болон олон улсын
телевизорын нэвтрүүлгийг иргэд үздэг.
Сум засаг захиргааны нэгж 6 багтай. Аймаг, сум, багуудын хооронд ердийн шороон замтай ба томоохон голуудад модон гүүртэй.
Дашбалбар сум 817 өрхтэй, 3578 хүн амтай, 90,0 гаруй мянган мал
сүрэгтэй. Хүн амын ундаа болсон олон арван рашаан ус, гол горхи, нуур
цөөрөмтэй, тал хөндийдөө олон арван төрлийн ан амьтан, жимс жимсгэнэтэй,
газрын хөрсөндөө алт, мөнгө, хар, цагаан тугалга, уран, хайлуур жонш,
болор, гартаам биндэръяа, нүүрс зэрэг эрдэс баялагтай.
Тус сумаас Сайд нарын зөвлөлийн орлогч сайд Д. Майдар, Тээвэр холбооны
яамны сайд Л.Дамдинжав, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайд Ж. Дулмаа,
Боловсролын яамны орлогч сайд Ц. Санжаасүрэн, Соёлын яамны орлогч сайд
Б. Борхондой, Дэд бүтцийн хөгжлийн яамны сайд С. Зориг, УИХ-ын гишүүн
С.Оюун, Ардын зураач төрийн шагналт Г. Одон, ардын жүжигчин Д.
Жаргалсайхан, зохиолч Ж. Лодой, улсын мэргэн Х. Мөнхжаргал, Д.
Дагвасүрэн, С. Насангэрэл, Д. Бор-Охин, А.Санжмятав, гавъяат нэгдэлчин
Б. Цэндэнханд, Ц. Дэнсмаа, улсын аварга малчин Д.Дашгалсан, Д.Очир,
Б.Шинж, Д.Базар, С.Долгорсүрэн, С.Дамдинсүрэн нарын олон арван алдар
цуутнууд төрөн гарсан юм.
Сумын иргэд нутаг ус, төрөл садан, айл хөршөөрөө өргөл өргөдөг тахидаг
Буурлын овоо, Жараахайн овоо, Аятын овоо, Ганжиртын овоо, Эрхтийн овоо,
Дашбалбар уул зэрэг уул овоонууд байдаг.
Тус сумын онцлог давуу тал нь:
Рашаан усаар баялаг /рашаан бөөрний рашаан, Цагаан хөндийн рашаан, зүүн, баруун, дунд Эмтийн рашаан/
-Буриад ястны өв соёл, зан заншил, ёс горим нь өвлөгдөж, залгамжилж ирсэн.
-Байгалийн эрдэс баялагаар элбэг
-ОХУ-тай хиллэдэг
-Гол горхи, нуур, цөөрөм ихтэй
-Тусгай хамгаалалтын орчны бүсэд багтдаг газар нутгуудтай зэрэг болно.
Сул тал нь:
-Найдвартай эрчим хүчний системд холбогдоогүй.
-Зах зээлээс алслагдсан.
-Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хөгжөөгүй.
-Томоохон үйлдвэрлэл явуулдаг компани хоршоо байхгүй.
-Сумын хөгжлийн хэтийн төлөв нь
уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх
улмаар хоршоо фермийн аж ахуйг хөгжүүлэх, аялал жуулчлал, загас агнуур,
алт уран, нүүрс, өнгөт металл олборлох зэрэг үйлдвэрлэл хөгжүүлэх
боломжтой.
Тус суманд төрийн захиргаа болон үйлчилгээний төсөвт албан
байгууллагууд, төрийн бус байгууллагууд болон ХХК 3, ББНөхөрлөл 3, ХЭАА
1, худалдаа үйлчилгээний 20 гаруй цэг ажиллаж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих