ХАЛХ ГОЛ СУМ
1924 онд Халхгол хошууны Их хурал
хуралдаж 6 сумтайгаар Тамгын газрыг байгуулж, хошуудыг хаан ноёдын
нэрээр нэрлэж байсныг өөрчилж, Хан Хэнтий уулын аймгийн "Халхголын
хошуу” хэмээн нэрлэсэн түүхтэй.
3 сумд нь нэгдэн 1936 оны үед Халхгол, Хунт гэдэг 2 сум болсон бөгөөд
1939 оны Халхголын дайны үед их нүүдэл хийж "Үүдийн наран”, "Шажин
хурах” зэрэг газарт байснаа 1944 онд зуднаас дайжин Онон гол хүртэл нүүж
байжээ.
1958 онд Хэрлэнгийн урд бие "Хутаг уул” хэмээх газар төвлөрөн үйл
ажиллагаа явуулж байгаад 1963 оноос Халхголын "Дархан сөөг”-т төвлөрч,
1994 онд Сүмбэр, Халхгол сум нэгдэн "Хамардаваа” буюу "Ганган ширээ”
хэмээх газарт Сүмбэр сумын тохижсон тосгонд шилжин Дорнод аймгийн
Халхгол сум болсон байна.
Манай Халхгол сум нь Монгол улсын хамгийн зүүн урд хязгаарт оршдог.
Тус сум 2,8 сая га газар нутагтай, баруун талаараа Матад сум, зүүн болон
хойд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг.
Сумын төв нь аймгийн төвөөс 356 км, нийслэл Улаанбаатар хотоос 1000
гаруй км . 18 ястнаас бүрдсэн 300 гаруй өрхийн 3400 гаруй хүн амтай. 3
багтай.
Хахголын район нь бүхэлдээ агро үйлдвэрллийн 1, 2 дугаар бүлэгт багтах
газар тариаланд тохиромжтой 270,0 гаруй мянган га талбай, 300,0 гаруй
мянган га хадлангийн талбайтай. Тус суманд одоогоор 7 аж ахуй газар
тариалангийн үйлдвэрллийг 10 000 гаруй мянган га эргэлтийн талбайд
явуулж байна.
Халхгол нутгийн нутаг дэвсгэр тал, ойт хээр хосолсон үзэсгэлэнт байгаль
тал нутгийн чимэг болсон Буйр нуур, Баян бүрд, Цагаан нуур, Ташхайн
таван нуур, Халх, Дэгээ, Нөмрөг, Алтан зэрэг гол горхитой. Халх,
Нөмрөгийн дархан цаазат газар, Мэнэнгийн тал нь ан амьтан жигүүртэн
шувуудаар баялаг.
Байгалийн баялагийн хувьд, Тамсагбулагийн газрын тосны илрэц, Булангийн
хоолойн нүүрсний орд, Алтан голын шилний элс, Буйр нуурын загас,
хадлангийн их нөөц бүхий талбай, эмийн болон түүхий эдийн эрэлт ихтэй
ургамал зэрэг байгалийн баялаг ихтэй нутаг юм
Халхгол сумын нутаг дэвсгэрт эртнээс нааш тахиж ирсэн тахилгат уул овоо
олон бий. Үүнд хошууны гол тахилгат уул болох "Вангийн цагаан уул”
ордог. Вангийн цагаан уулыг 3 жил тутамд хошуу сумын ард олон ёслол
төгөлдөр тахидаг ба хуучин гол, зүүн хойд сумдын тахисаар ирсэн "Шанаа
овоо” /Хинаа овоо ч гэдэг/, "Цогтсүмбэр”, "Жамсран”, "Баян цагаан”-ны
зэрэг олон тахилгат овоонууд бий.
Халхгол суманд түүхийн дурсгалт олон зүйлүүд бий. Тухайлбал : Халхын
То вангийн хошуундаа барьж байгуулсан уран барилгын дурсгалууд дотроос
хамгийн гайхамшигтай нь Халхголын үзэсгэлэнт дэнжийг дэрлүүлэн байгалийн
чулуугаар товойлгон 2 га илүү талбай эзлүүлэн урласан Найман аюулаас
аврагч, өрөвч, нигүүлсэнгүй Жигважиджав Жанрайсиг бурхан юм. Мөн энэ
нутагт 1939 онд Халхголын дайн болсон түүхэн дурсгалт газар юм. Үүнтэй
холбоотой олон арван дурсгалт газрууд, Халхголын ялалтын 90 м зэс хөшөө,
Ялалтын музей, Жуковын командын байр, Монгол дайчдын хөшөө, 90 баатрын
хөшөө зэргүүд бий.
Тус сумаас Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож "партизан” алдрыг 33
хүн, "Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн”-ээр Ц.Жамц, М.Дамдинсүрэн,
А.Ерөөлт, Ө.Жамбаа, А.Баянжаргал, М.Балдан, Л.Жаргал, Ю.Даланнаст нар
Монгол улсын Хөдөлмөрийн баатар хэмээх өндөр шагналаар шагнуулсан
адуучин Д.Цэвэгдорж, үхэрчин П.Алтангэрэл, хоньчин Т.Лувсанбалдан,
тракторч комбайнч Р.Пүрэв нарын алдартнууд төрөн гарсан юм. Он цагийн
уртад Халхгол сумаас:
1.Өлзийн Чулуун –Бүх цэргийн жанжин, БНМАУ-ын баатар
2.Ж.Даваа -Монгол улсаас ЗХУ-д суусан анхны элчин сайд
3.Б.Жаргалсайхан -Гадаад яамны сайд
4.П.Дүгэржав -Үйлдвэрийн яамны сайд
5.Г.Мэндсайхан -Гэгээрлийн яамны орлогч сайд
6.М.Энхсайхан -Монгол улсын Ерөнхий сайд
7.М.Дашдовдон -МХЗЭ-ийн ТХ-ны нарийн бичгийн дарга
8.Б.Дашцэрэн -Япон улсад суусан элчин сайд, нэрт дипломатч
9.Д.Тарваа -Зохиолч
10.В.Боролдой -Урлагийн гавъяат зүтгэлтэн
11.Н.Мягмар -Философийн ухааны дэд доктор
12.Б.Палам -Химийн ухааны дэд доктор
13.Д.Лхагвасүрэн -Монгол улсын гавъяат мал зүйч
14.Ж.Жүрмэд -Монгол улсын гавъяат багш
15.Б.Баатарзориг -УИХ-ын гишүүн
16.Б.Цэрэндорж -ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын олон нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд төрөн гарснаас гадна
1.Ө.Цэнд -Анагаах ухааны доктор
2.Ө.Баваасан -Физикийн ухааны дэд доктор
3.Н.Мягмар -Түүхийн ухааны дэд доктор
4.Б.Палам -Химийн ухааны дэд доктор
5.Ж.Энхтайван -Хуулийн ухааны дэд доктор
6.М.Энхсайхан -Эдийн засгийн ухааны дэд доктор
7.Б.Тарваа -Түүх судлалын магистр
8.М.Цэвэгмид -дэд профессор
9.Ж.Энхтуяа -судлалын магистр нарын эрдэмтэн мэргэд төрөн гарсан юм.
Халхголын дэвсгэр нутагт газар тариалангийн 7 ААН үйл ажиллагаа явуулдаг.
1.Ялалтын өглөө ХХК /Халхгол сумын/
2.Халх буудайн цацал ХХК /Халхгол сумын/
3.Дорнод гурил ХК /Дорнод аймгийн/
4.Монголын алт /Улаанбаатар хотын/
5.Гүүд монин фарм оф Монголия /Солонгос улсын/
Жимс жимсгэнэ тариалдаг
1.Дархан сөөг /Халхгол сумын/
2.Талын өгөөж /Халхгол сумын/
Худалдааны "Амтлаг хүнс” ХК-ийн салбар тус тус үйл ажиллагаа явуулдаг юм.
Халхголд уул уурхайн үйлдвэрлэл, ХАА-г хосолсон төсөл хэрэгжүүлэх
боломжтой бөгөөд "Түмэн голын бүсийн стратегийн хөтөлбөр төсөл”,
"Мянганы зам” хөтөлбөр, Тамсагийн сав газрын тосны гарц зэрэг нь нутгийн
ирээдүйд нөлөөлөх хүчин зүйл болох бөгөөд үзэсгэлэнт байгаль эхээ
түшиглэн аялал жуулчлалын бааз байгуулан гадаадын болон дотоодын
аялагчдыг татах ажлыг түүх соёл, байгаль экологийн, спорт аялалын, ан
агнуурын зэрэг олон хэлбэрээр зохион байгуулах боломжтой. Цаашид
Тамсагбулагийн төмөр замын даланг ашиглан БНХАУ-ын Рашаант хотын төмөр
замтай төмөр замаар холбогдох улмаар Монгол улс далайд гарцтай болж
болно.
Мөн Халхголын сав дагуу усалгаатай газарт тариалан хөгжүүлэх боломжтой
бөгөөд ялангуяа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй эрхэлж,
эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах жижиг үйлдвэрлэл эрхлэх, хүнс
тэжээлийн өндөр үр ашигтай шар буурцаг, тэжээлийн буурцагт болон олон
наст ургамлын үр тариалах, Буйр нуурыг түшиглэн загасны ба ногооны аж
ахуйг хөгжүүлэх, махны чиглэлийн үхэр хонь үржүүлэх, газар тариалан МАА
хосолсон фермерийн аж ахуй хөгжүүлэхэд таатай нутаг юм.
Тус сумын хувьд аймгийн төвөөс 365 км, нийслэлээс 1000 гаруй км
алслагдсан байдаг учраас зам тээвэр, дэд бүтэц, хөгжөөгүй, эрчим хүчний
найдвартай эх үүсвэр муутай байдгаас гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг
дунд үйлдвэргүй, мах, газар тариалангийн бүтээгдэхүүн борлуулах, зах
зээлд хүрэхэд хүндрэлтэй буюу тээврийн зардал өндөр гардгаас ирж буй
бүтээгдэхүүн ялангуяа өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, шатах
тослох материалын үнэ ханш өндөр зэрэг сул талтай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих