Халз мэтгэлцэнэ гэж яг юуг хэлээд байгаагаа та өөрөө сайн ойлгож байна уу. Итгэлтэй байна уу. Энэ мэтгэлцээнээр ямар асуудлыг хөндөх гэж байгаа юм бэ. Хэрвээ сэтгэлийн хөөрөл, бухимдал, эмзэглэлээ дарж, зохицуулж чадахгүй хаа хамаагүй сэдэв рүү үсчин, саваад явчихвал цаад хүндээ ялагдах, мад тавиулж мадлуулах магадлал тун өндөр гэдгийг анхаарх ёстой.
Тэгээд цаашаа хэнтэй, ямар асуудлаар, хаана буюу ямар орчинд мэтгэлцэхээр дуудаад байгаагаа тооцох хэрэгтэй. Учир нь мэтгэлцэхээр дуудсан нөхрийн чинь эрх мэдлийн хүрээнд, харьяалагддаг газар, байгууллага бол бүх зүйлийг урьдчилан харж, болзошгүй тохиолдолд хэрхэн яаж маневрлахаа төлөвлөх хэрэгтэй.
Цаад хүн маань хэр зэргийн өндөр боловсролтой вэ, уншиж мэдсэн мэдлэг боловсролоор хэр вэ. Нөгөө яагаав, фэншүү Ганбаатарыг 30,40 гаргалгаатай ч гэлүү, мэдэхгүй юм, математикийн гэсэн байхаа нэг юм яриад цаад Баярцогт чинь нам тавиа биздээ. Бодох ёстой асуудал шүү.
Магадгүй таныг хамгийн чухал баримтаа дэлгэж байтал чинь гэнэт мик чинь хаагдаад, гацаад, гэрэл чийдэн унртаад, тог тасраад унавал яах вэ. Үгүй ядаж Гүнбалай, бишээ Гүндалай шиг хэлэх үг, дэвшүүлж буй аргумент, контент, тоо баримтаа цаасан дээр буулгаад нөөцлөх хэрэгтэй шүү дээ. Тэдгээрийг чинь баталгаатай бариад ард чинь зогсох товарищ байгаа юу.
Хөндөж буй сэдвийн чинь талаар танд хэн, хэн зөвлөгөө өгч байгаа вэ. Уг асуудлаар мэрэгжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийж эрдмийн бүтээл туурвисан дадлага туршлагатай эрдэмтэд, энэ мэтийн мэтгэлцээнд оролцож явсан хашир хандгайнууд бий юу. Цаад талд чинь бүр тусгай институт тэр чигээрээ ажиллаж байгааг бас л тооцох ёстой шүү.
Уг нь бурхан шашны ном үзэж, судлаж ирсэн та бидний дунд энэ мэтгэлцээн гэх ойлголт тун ч ойлгомжтой байх ёстой доо. Гэвч хараад байхад орчин цагт тэр гайхамшигтай уламжлалаа маниус ор тас мартаад гадны, бусдын мэтгэлцээн хэмээн нэрлээд байгаа ёс зүй битгий хэл суртахуунгүй хоёр этгээдийн "хоёр бухын халз тулаан”-ыг халз мэтгэлцээн гэж ойлгоод, тэр үйлдлийг даган дууриах дуртай болчихсон харагддаг юм.
Яг шууд буюу хатуухан хэлэхэд мэтгэлцээнийг санаачлагч, түүнийг зохион байгуулж байгаа этгээдүүд, мэтгэлцээнд урьсан талаа бүхий л хэлбэрээр дарамтлах, мэтгэлцээний явцад хоёр талын хэний дуу өндөр байж, нүүр нь улааж хүрэнтээд үзэгч олонд хэн нь сүртэй харагдаж байгаагаар нь тэр хүнийг ялагч мэтээр ойлгоод байдаг болчихжээ.
Тэр битгий хэл хэний талын лобби бүлгийнхэн хүч түрэмгийлэн тухайн асуудалд, үйл явдалд оролцож байна, оролцохдоо хэн нь бусдаас илүү элдэв арга заль, ааш зан, авир гаргаж байгаагаар "их мундаг” гэж өөрсдийгөө ойлгоод байгаа харагдана.
Нэг үгээр хэлэхэд мэтгэлцээнд оролцож байгаа хоёр талын хэн нь хамгийн бүдүүлэг зан авир харуулж, хэн нь хамгийн соёлгүй, "ном” уншаагүй хүн болохоо бусдад нотлож чадсан нь нөгөөгөө ялж байгаа мэтээр ойлгуулахыг, тийм ойлголтыг олон түмэнд төрүүлэхийг оролдож, хичээж байгааг яагаад ч зөвтгөх аргагүй юм шүү.
Уг нь мэтгэлцээн гэдэг нь хамгийн энгийнээр хэлэхэд хоёр тал хөндөгдөж буй тухайн сэдэв, асуудлаар өөр өөрийн олж авсан мэдлэг, боловсрол, дадлага туршлагаа шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны баримт, нотолгоон дээр түшиглэн дэвшүүлэн тавьж, уг асуудлыг өргөн, цар хүрээтэй харж бие биеийнхээ дэвшүүлж буй саналуудыг өөрийн болон бусад эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухааны бүтээлтэй харьцуулан дүгнэж, өөрийн байр сууриа нотлохыг оролдохыг хэлдэг, тэгж ч ойлгогддог билээ. Үр дагавар нь та хоёрын цөөн цагийн эрчимтэй харилцан мэдээлэл солилцсоны ач тусаар үзэгчид, сонирхогчид болон ард олон тухайн сэдвээр маш өргөн мэдлэгтэй болж чаддагт оршино.
Андууддаа Амжилт хүсье.
Г.Чугаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих