
Ямар сайндаа л өглөө ажилд гарахгүйн тулд бослого болохоос өмнө сэмхэн босоод хоёр гараараа хамаг биеэ үрж үнгэж байгаад буцаад хэвтчихнэ. Төдөлгүй бослогын дохио өгөхөд Содномпил толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрсөн хэвээр байна. Хянагч очоод хөнжлийг нь хуу татахад тэрбээр
усан хулгана болтлоо хөлөрчихсөн хариугүй муу амьтан нүдээ нээнэ. Тэгээд баахан шанална. Эмч түүний халууныг үзэхэд 40 градус хүртэл халуурсан байна. Ингээд тэр бүтэн өдрийн ажлаас чөлөөлөгдөнө. Гэхдээ тэр энэ аргаа байнга хэрэглээд байхгүй. Долоо найман контейнерт жонш ачаалах зэрэг хүнд ажилтай өдөр түүнийгээ хэрэгжүүлдэг байж. Тэрбээр амьсгал авалгүй гурав дөрвөн минут тэвчиж чаддаг байсан гэдэг. Мөн ууланд мод хийж байхдаа байсхийгээд л халуураад төв рүү хүргэгдцэг байсан бөгөөд эмнэлэгт очоод зүв зүгээр хөзөр тоглоод сууж байдаг байжээ. Тэрбээр хөхүүлж ханиалгахдаа мэргэжсэн нэгэн бөгөөд хүнд юм дээш нь өргөж тавих үед гэв гэнэт л хөхүүлж ханиалгаад, бүр ухаан алдаад уначихна. Энэ мэтээр өөрийгөө хүнд ажлаас авардаг байсан бөгөөд сүүлдээ түүний худлаа баашилдагийг хянагч нар гадарлах болсноор хөхүүлж ханиалгаад ухаан алдаад ойчиход нь ер тоолгүй дээгүүр нь алхаад гардаг болжээ.
Түүний тухай хоригдлуудын дунд тархсэн нэг итгэмээргүй яриа байдаг. Тэрбээр шоронгоос оргохын тулд үхсэн хүн болж жүжиглэжээ. Үүнд түүний амьсгал авалгүй хоёр гурван минут тэвчдэг чадвар нөлөөлсөн бололтой. Гэхдээ энэ бол юу ч биш, өөр нэг арга нь сүрхий нөлөөлжээ. Содномпил нэг удаа ууланд мод хийж байгаад мөн л нөгөө халуурч, хөхүүлж ханиалгадаг ид шидээ үзүүлээд төв рүү хүргэгдэхээр явж байж. Замдаа ямар нэгэн байдлаар оргоно гэсэн төлөвлөгөөтэй байсан бөгөөд хажуудаа сууж явсан жолооч, хянагч хоёрыг ямар нэгэн байдлаар аргалахаар шийджээ.
Тэгээд уулын нугачаа таарсан донсолгоотой зам дээр явж байтал тэрбээр гэнэт хөхүүлж ханиалгаад жолооч руу хүчтэй налтал тэр сандран жолоогоо огцом мушгиж хад мөргөсөн бөгөөд энэ үед кабины хаалга онгойж Содномпил жолоочийн хамт гадагш шидэгдсэн байна. Ингээд тэр ухаангүй юм шиг хэвтжээ. Төдөлгүй жолооч, хянагч хоёр гүйж ирээд түүнийг сэгсэрч үзтэл ямар ч хөдөлгөөнгүй байж. Айсан мань хоёр аманд нь чихээ наатал амьсгаа байдаггүй. Мөн энэ үед Содномпилийн нөгөө сүрхий арга хэрэг болжээ. Мань хоёр түүний аниастай нүдийг хүчээр нээгээд нүдэнд нь хуруугаа хүргэж үзтэл огт хөдөлсөнгүй. Нүдээ цавчсан ч үгүй. Уг нь хонь алахад л ингэж үздэгсэн. Нүд нь огт цавчихгүй байвал тэгээд л үхчихлээ гэсэн үг шүү дээ.
Ингээд мань хоёр түүнийг үхчихлээ гэж сандраад жолооч нь хад мөргөсөн машинаа асаах гэж оролдон, хянагч нь замын машин олж ирэхээр явжээ. Энэ үед Содномпил сэмээрхэн мөлхсөөр жалга уруудаад алга болсон байна, Жолооч машинтайгаа ноцолдсоор байгаад төдөлгүй асааж орхиж. Аваарь ослоор хүний амь бүрэлгэсэндээ айсан жолооч Содномпил рүү очилгүй, машинаасаа ч гаралгүй хянагчаа хүлээгээд уйлаад суугаад байжээ. Цаг гаруй болсоны дараа хянагч нэг замын машинтай ирсэн бөгөөд харин энэ үед нөгөө талийгаач болсон Содномпил нь байдаггүй. Мань хоёр ёстой гайхширлаа баржээ. Хянагч түүний хойноос хий дэмий л хараал тавьсан байна. Мөн жолооч руугаа агсарч "Чи аманд нь чихээ нааж байхаар зүрхний цохилтыг нь чагнаж үзэхгүй яав" гэж зандарчээ.
Харин мань жолооч аваарь ослоор хүн алчихаагүйдээ учиргүй баярлаад элгээ хөштөл инээсэн гэдэг. Гэвч Содномпил оргоод нэг их хол явж чадсангүй. Ганцхан цагийн дотор явган нүцгэн тэр хаа холдохов гэж. Учир нь тэр замдаа тааралдсан адуунаас барьж унаад явна гэж төлөвлөөд куртикныхаа дотор талаар бугуйл хийх нарийхан шидмэс ороож явсан боловч харамсалтай нь түүнтэй адуу тааралдсангүй.
Ингээд тэр нэг жалганд бүгэж байгаад баригдаж бүхий л булхай нь илэрчээ. Гурав дөрвөн минут амьсгалаа түгжиж болох асуудал. Харин нүдэнд нь гар хүрч байхад огт цавчихгүй байна гэдэг нэг л санаанд багтахгүй байгаа юм. Энэ тухай зарим нэг учир мэдэх хүнээс асуухад "Цавчихгүй байж болно. Гагцхүү тэр хүн оюун санаагаа ганцхан цэгт төвлөрүүлсэн байх шаардлагатай. Гэхдээ үүнийг йогоор хичээллэсэн хүмүүс л хийж чаддаг" гэж хэлсэн юм. Тэгэхээр дээрхи явдал хэрвээ үнэн бол "Гүрээ" Содномпил йогоор хичээллэсэн, тэр талаар бас ч үгүй гоц мэргэжилтэн байсан бололтой.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8429
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих