
С.Ганбат даргыг огцруулах болсон шалтгаан нь хууль зөрчсөн үйлдлүүдтэй нь холбоотой ажээ. Тодруулбал аймгийн боловсролын газрын дарга, Байгаль орчны газрын дарга нарын томилгоог хууль зөрчиж хийсэн, төрийн болон орон нутгийн өмчит газрыг ИТХ-аар хэлэлцүүлэлгүй олгосон, аймгийн төвд байрлах Тусгаар тогтнолын талбайн хажуугийн газрыг ИТХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн эзэмшүүлсэн.
Мөн аймгийн байгаль хамгаалах сангийн мөнгийг дур мэдэн зарцуулсан зэрэг зөрчлүүд нь тогтоогджээ. С.Ганбатыг огцруулсан тухай ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад тун удахгүй хүргүүлэх бөгөөд шинэ даргыг Ерөнхий сайд хэзээ томилохыг шийдвэрлэх ёстой.
Хэдий аймгийн ИТХ нь ийм шийдвэр гаргаж байгаа ч үүний цаана Дорнодын АН-ын ужиг тэмцэл байгаа нь ойлгомжтой хэрэг гэнэ.
2012 оны орон нутгийн сонгуулиас хойш бараг жил гаруйн хэрүүл шуугианы эцэст эмнэлгийн дарга асан С.Ганбатыг засаг даргаар томилж байсан юм.
Гэсэн хэдий ч тус аймгийн АН-ынхан эв гавдаа орж чадахгүй үе үе түүнийг огцруулах, аймгийн АН-ыг шинэчлэх уриатай аймгийн намын гишүүд нь цуглаж, жагссаар ирсэн байдаг.
Тэр бүхнийг өнгөрсөн нэгдүгээр сард тус аймгаас АН-ын ҮЗХ-нд сонгогдоод байгаа Д.Цэрэнчимэгтэй холбож ярих нь ч бий. Ийнхүү АН-ын хоорондын тэмцэлд дахин нэг дарга огцрох мэдэгдэл авлаа.
Үүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэрхэн шийдвэрлэх нь сонирхол татах асуудал юм. Энэ удаа С.Ганбатыг огцруулах юм бол АН засаг барьж байгаа бусад аймгуудын дарга нарт ч аюул дуудах магадлал өндөр.
Г.Самбаа
gereg.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8563
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих