Өнөөдөр олон улсын аз жаргалын өдөр. Ингэхэд бид аз жаргалын тухай
ямар төсөөлөлтэй байдаг билээ. Их холоос олддог хэт том зүйл мэтээр
бодоод эгэл жирийн өдөр хоногуудаасаа энэ ойлголтыг тусад нь авч үзээд
байдаг ч юм шиг. Уг нь бидний сэтгэл зүрх ямар жижигхэн зүйлд баярлаж,
уярч, догдолдог билээ дээ. Хүний мөн чанар угаас тийм зөөлөн хөрстэй шиг
байгаа юм. Тэр дундаа материаллаг зүйлээс илүү хүний сэтгэлээс гардаг
үг, үйлдэл зүрхэнд шууд хүрч тусдаг. Өөрөөр хэлбэл бидний санамсаргүй
хэлсэн үг хажуудах нэгэндээ баяр хөөрийг бэлэглэх нь бий. Ийм жишээ
энгийн амьдралд олонтаа тохиолддог.
Гагцхүү түүнийг яаж хүлээж авч байгаагаас аз жаргал, баяр хөөрийг мэдрэх эсэх шалтгаалдаг юм шиг. Өөрт тохиолдсон жишээг дурдъя. Хүний сэтгэл хөдлөл тааж таамаглаж, урьдчилж төлөвлөх аргагүй шүүдээ. Нийтийн унаанд сууж явлаа. Хажууд нэг халмаг хүн /20 орчим насны/ орж ирээд шахаж суув. "Эгч ээ, би ах нартайгаа уулзах гэжяваа юм. Жаахан архи уучихсандаа айгаад байна. Надаас үнэртэж байна уу" гэж асууж байна. Хариуллаа. Цааш үг өдөх гэхээр нь жишүү хараад суучихав. Архи үнэртүүлсэн хүн битгий хэл эрүүл яваа хүнтэй ч танимхайраад байдаггүй нийгэм шүү дээ. Өнөө залуу мөнгөө олох гэж нэлээд хайсны эцэст кондукторт мянган төгрөг өгөв. Түүнд байгаа мөнгө нь л тэр бололтой. Түүнийг анзаараагүй дүр эсгэсэн ч буух буудал нь хэтэрчихээгүй байгаа, мянган төгрөгийн хариултаа авсан болов уу гэх бодол төрнө. Буудал нь дөхөөд ирэнгүүт "Хариултаа аваарай" гэж сануулж ч үзэв. Тэрээр "За, эгч ээ. Баярлалаа" гэхэд нь дотроо өөриймсөг санагдсан ч гаднаа гаргасангүй. Залуу буулаа.
Тэгтэл түүний цаана сууж байсан эмэгтэй над руу хандан "Саяын залуу хариултаа авсан байгаа" гэж байна. Түрүүнээс хойш надтай адил өнөөх залууг хайхраагүй мэт явсан хэрнээ дотроо бас л санаа зовоод байж. Тэр үгийг сонсонгуутаа дотроос нэг зүйл огшоод л явчихав. "Хүний сэтгэл ийм сайхан" гэх бодол төрөөд, амьдрал бодит юмсан бол тэврээд авмаар дотно сайхан санагдав. Танд ч бас ийм "тэс хөндлөн" зүйлээс аз жаргалтай мэдрэмж авах тохиолдол гарч байсан нь мэдээж, Энэ юуг хэлээд байна вэ гэхээр бусдад өгөх аз жаргал биднйй гарт бий. Хүн бүхэн аз жаргал түгээх хүчтэй. Тиймээс өдөр бүр бусдадаа аз жаргал бэлэглэе.
Д.ПҮРЭВСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих