"Монголын хууль гурав хоногтоо" гэсэн үг аль эртнээс нэг юм
дагуулсаар өдий хүрсэн. Энэ үгийн гарваль нь аль эрт Богд хаант Монгол
улсаас үүдэлтэй байсан гэж мөрийцөхөд ч алдахгүй. Ардын хувьсгал,
социализмын бүрэн төгс ялалтын төлөө мятаршгүй тэмцэж байх үед ч өнөөх
"Монголын хууль гурав хоногтоо" байж л байсан. Харин энэ үгийн шугам
утга нь Монголын хууль гурван хоногийн настай. Гурван хоног сүржигнээд л
унтардаг, дампуурдаг гэсэн утгаа хадгалсаар байгаа юм.
Харин сүүлийн үед зарим "түүхчид" шарласан хуудас сөхсөөр байгаад "Монголын хууль гурав хоногтоо"-ын шинэ тайлбарыг нээсэн байна. Энэ нь Чингис, Өгэдэй хааны үед Монголын хууль гурван хоногийн дотор л дэлхийн хаана ч хүрдэг гэсэн утгаар 72 цагийн хугацааг зааж өгсөн байна хэмээлээ. Түүхийг яаж тайлбарласан ч болдог цаг болохоор энэ "түүхчийн" аманд шар тос түрхсэн ч яахав. Монголчууд гуравхан хоногийн хугацаанд дэлхийд шинэ шинэ дэглэм тарааж мөрдүүлж чаддаг байсан хэмээн аархаж бахархсан байна шүү дээ. За энэ ч яахав үндсэн асуултандаа оръё. Асуудал биш асуулт шүү.
Хууль эрхзүйн шинэчлэл ид явагдаж байна. Өмнөх сайдтайгаа хэрэлдсээр байж Хууль зүйн сайд болж мандсан Х.Тэмүүжин одоо энэ ажлыг хэрэгжүүлж эхэлсэн гэх. Ер нь бол маш сайн явж байгаа ажил юм байна л даа. Гэтэл үүнийг нь зарим хүн Хуулийн шинэчлэл биш Х.Тэмүүжин хэн нэгэнтэй хэрэлдэж байсан хэрүүлээ л хуулийн салбарт аваачаад наачихаж байгаа юм гэж байна.
Сайдын багш С.Нарангэрэл доктор ч иймэрхүу үг хэлж шавийнхаа алтан шар замыг мялааж байна лээ. Бүр өмнөх Хуульзүйн сайд Ц.Нямдоржоосоо илүү хатуу харгис эрүүгийн чанга хуулийг залуу сайд хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Ц.Нямдорж Эрүүгийн хуулийн ганц нэг заалтаар нь оролдож байсан бол залуу сайд Х.Тэмүүжин үндсээр нь самарч, бүрмөсөн өөрчлөх төслийг оруулж ирээд байгаа аж. Х.Тэмүүжин сайдын хууль батлагдаад хэрэгжиж эхэлбэл 14 настай хүүхдүүд тоглож байгаад нэгийгээ түлхэж унагасныхаа төлөө хүнд гэмт хэрэг үйлдсэн болж ял сонсох аж. Одоо хэрэгжиж байгаа хууль буюу Ц.Нямдоржийн хууль нь 16 нас хүрсэн хүүхдэд найман гэмт хэрэг хүлээхээр хуульчилсан байсан аж.
Харин шинэчлэлийн хууль буюу Х.Тэмүүжингийн хууль 14 нас хүрсэн хэн боловч эрүүгийн хуулинд тусгагдсан 300 гэмт хэргийг хүлээх, даах чадвартайгаар тусгагджээ. Багадаа муугүй танхай нэгэн байсан гэж өөрийгөө цоллуулахдаа битүүхэн мушийж баясдаг залуу сайд барын зулзагыг бага дээр нь дарна гэсэн логикоор асуудалд хандаж байгаа нь төрөл арилжсан эсвэл тэнгэрээс газарт бууж чадахгүй болсных нь илрэл аж. Энэ байдлаар хууль батлагдвал ялтнуудын тоо хоёр дахин өсөх нь тодорхой гэж байна. Ялтнуудын тоог геометрийн прогрессоор өсгөж, бөөнөөр хорих лагерь байгуулах шийдвэр гаргуулаад байгаа Х.Тэмүүжинг ойлгох хүн хуулийн салбарт л лав байхгүй бололтой. Х.Тэмүүжин сайд зөөлнөөр хэлэхэд үнэхээр туршлагагүй байна. Төрийн өндөр албан тушаалд нэгэнт зориг гарган очсон л бол хашсан шиг хаших хэрэгтэй. Мэдэхгүй чадахгүй зүйл залуу хүнд захаас аван тохиолдоно. Тэр болгоноо нууж хаагаад л, ичиж зовохдоо их мэдэгчийн дүр эсгээд өнгөрүүлнэ гэдэг нүглийн нүдийг ёстой л гурилаар таглаж байгаа хэрэг биш гэж үү.
Нөгөө гяндан сандал тараасан үйлдлийг ардчиллын эсрэг гэмт хэрэг боллоо гэж аймаг, орон нутгуудаас хурааж авчраад "шатаах" зарлиг буулгаж байсан нөхөр одоо бөөнөөр хорих лагерь санаачлаад төсөв хэмнэдэг мундаг хүн болчихсон цохиж явна. Төсөв хэмнэдэг тэр хэн бэ? Сангийн сайд юм уу. Эсвэл хүний эрхийг мөнгөөр солих гэсэн албин зантай арилжаачин уу? Гяндан сандал руу хялайгаад байсан нь зүгээр л ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг унагачихаж болох нь уу гэж хөлийнх нь гишгэгдлийг харж байсан хэрэг байх нь ээ.
Хуульзүйн салбар чинь мөнгө төсөв хэмнэдэг ня-богийн ухаанд нэвчсэн сайдтай юм байна. Бас байшин булаацалдаж, ботаникаас газар тонох бүлгийн толгойл"огч шиг заримдаа аашлах нь бас хэцүүхэн. Тагнуулын газрын эмнэлгийг оффис болгосноороо МСЗ-ийн шинээр баригдах орчин үеийн эмнэлгийн өрсөлдөгчийг нам дарж өгсөн гэх эзэн биегүй үг гадуур тархаад байна. Хууль зүйн салбарын жинхэнэ сайд нь ийм байхад дэд нь гэж бас нэг бөөн амбийц. Нэг гэмт хэрэгтнийг хамгаалах гэж хууль зүйн дэд болсон юм шиг бухаж булгих нь хөөрхий дөө энэ жаал ч ногооноороо байна даа гэх сайхан сэтгэгдлийг ард олонд төрүүлж байна. Төрийн сайд хүн гэдэг дунд сургуулийн сахилгагүй хүүхдээс ч долоон доор тавьтиргүй зантай нэгэн байвал энэ төр яаж ард түмэндээ хайрлагдан хүндлэгдэх юм.
Гадаад
дотоодын луйварчидтай төрийн томчууд нь тэврэлдээд хэвтэж байхад энэ
төр яаж цэвэр ариун болох юм бэ. Ху яамны дэд сайдын шүүх хурал хэдэн ч
удаа хойшлогдов доо. Сүүлдээ бүр хачин яриа ч сонсдож эхлэв. Дэд сайд
Ө.Эрдэнэжамъянг Интерполд захидал бичсэнээс болж Интерпол Б.Хуяг,
Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахаа зогсоогоогүй юм байна шүү дээ!!! Ёстой
л хүүхэд хуурч байгаа юм шиг зүйл болж байна. "Хуульзүйн дэд сайд
хулгай хийгээд авсан зүйлээ өертөө хэрэглээгүй учраас гэм буруугүй ээ"
гэх гээд байгаа юм уу хаашаа юм бэ. Интерполд төрийн нэр барьж хувийн ч
гэж болохоор эрх ашгийн өмнөөс захидал бичсэн. Мөрдөн байцаах үйл
ажиллагаанд саад учруулахаар барахгүй юм чинь энэ шүү дээ.
Мөрдөн
байцаах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдоод барахгуй болохоороо эцсийн
мэхээ хийж Интерполд янагийн захидал бичиж тэр нэг хачин эр эм хоёрыг
гэм буруугүй болгож харагдуулах гэсэн нь хамгийн том гэм буруу мэт
харагдаж байна биш үү. Тэгээд ч тухайн салбарыг авч явах ёстой сайдууд
нь хууль зөрчиж давхиад л, ой санамжаа алдаж ойд төөрсөн сармагчин шиг
аашлаад байхад Яэн шударга ёс тогтоно гээд хүлээгээд, гөлийгөөд сууж
байх юм бэ. Аль түрүүлж гэмт хэрэг үйлдсэн нь чаддаг хорвоо болж.
Ялангуяа төрийн өндөр албан тушаалд очиж байгаад л гэмт хэрэг үйлдэхгүй
бол ёстой газар дээрээ гардуулна шүү дээ. Төрийн өндөрлөг рүү очих гэсэн
гэмт хэрэгтнүудийн зам үл тасрах ажээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих