УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүд даваа гараг бүр сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ долоо хоногт УИХ-аар Монгол улсын эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэнэ. Засгийн газрын ажлын үр дүн хангалтгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Мянганы замын бүтээн байгуулалтын ажлаар жишээ авч танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Энэ долоо хоногт Монгол улсын эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг УИХ хэлэлцэнэ. Бид Засгийн газар амлалтаа хэрхэн биелүүлэв гэдгийг ярих ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 2014 онд салбар бүрээр нь тооцвол 55-76 хувьтай гэж гарсан байна. Дунджаар 60 хувь гэсэн үг. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. 2014 онд Ардчилсан нам бүлэг фракциудынхаа улс төрийн амбиц, эрх мэдлийн төлөөх тэмцлээс болж засаг төрөө сольсон.
Засгийн газрын ажлын биелэлтэд муу дүн тавихаар байна
Ганцхан салбар дээр л жишээ татъя. Хэнтийгээс Дорнод руу тавьж буй Зүүн чиглэлийн зам нэг жил ч бололгүй эвдэрч байна. Зарим газар засмал замаар биш шороон замаар явсан нь дээр болж байна. Монгол улсын төр, төсвийн мөнгөө ингэж урсах ёсгүй. Бид хариуцсан яам, газар, компаниудтай нь хариуцлага ярих ёстой. Энэ замаар явж байхдаа өөрийн эрхгүй харамсаж, халаглах сэтгэл төрж байна.
Аливаа улс орон зам тавихдаа түүгээр зорчих иргэдийнхээ аюулгүй байдлыг голчлон анхаардаг. Тийм ч учраас замын стандартыг хатуу чанд мөрдлөг болгодог. Гэтэл манайд ийм ойлголт алга. Нэг жил бололгүй цөмрөлт үүсчихсэн байна. Зам тавьснасааа эсэн юм болж байна. Энэ бол замыг "самарчлаад”, цөөхөн км-ээр хувааж, сонгуульд дэмжиж байсан, өөрсдийн намын хүмүүст хуваагаад өгчихсөний гай. Уршгийг нь иргэд амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч төлж байна. Замыг 100 км-ээс дээш хэмжээгээр, чадалтай, мэргэшиж дадлагажсан компаниуд л барих ёстой. Ардчилсан намыг дэмжигчид, намынх нь гишүүд замын ажлыг хувааж аваад цааш нь дамжуулж, чадваргүй компаниудад өгснөөс ийм байдалд хүрч байна. Зөвхөн Дорнод ч бус хаа сайгүй ийм дүр зураг харагдана.
Зөвхөн энэ замаас л харахад Засгийн газрын 2014 оны ажлын биелэлт хангалтгүй гэсэн дүн тавихаар байна. 750 км зам тавьсан гэж ярьдаг. Чанар нь 50 хувьдаа ч хүрэхгүй байна.
Татварыг татвараар сольж болно. Харин өмчлөл, эзэмшлийг татвараар сольж болохгүй
Эрх баригч намууд сонгуулиар ямар сайхан амлалт өгч сонгогдож гарч ирснийг бид эргэн санах хэрэгтэй. Одоо бид эрх баригчдын амыг асуух цаг ирсэн байна. Монгол улсын цаашдын хувь заяа, эрх ашигтай холбоотой стратегийн ач холбогдол бүхий ордуудад төр 51 хувь эзэмшинэ гэж МАН, АН-ынхан амласан.
Гэтэл битүүний өдөр хэд хэдэн хар хууль бөөндөж гаргахдаа төрийн эзэмшлийн хувь хэмжээг байхгүй болгож, татвар луу шилжүүлсэн. Татварыг татварт шилжүүлэн өөрчилж болно. Харин эзэмшлийг татварт шилжүүлж болохгүй. Энэ бол үндсэн хууль зөрчсөн асуудал юм. Ийм хууль баталснаараа эрх баригчид Гацууртын ордыг гадныханд өгөх, Тавантолгойг ард иргэдээс нь булаах бэлтгэл ажил, суурь нөхцлийг бүрдүүлж өгсөн.
Монгол улсын 3 сая иргэн 1072 хувьцаа эзэмших эрхтэй. Хүн бүр л 5000 төгрөг тушаагаад данс нээлгэсж байлаа. Гэтэл гэрээний урьдчилгаа хийсэн гээд үүнийг байхгүй болгож байна. М.Энхсайхан энэ талаар яагаад ярихгүй байна? Хятадын төрийн өмчит компанид Тавантолгойн 49 хувийг өгчихлөө. Үлдсэн хувьд нь эрх баригчид, томоохон компаниудын хувьцаа байгаа. Тэгэхээр Монголчуудын эзэмших хянах хувь нь 30-хан хувь болж байна гэсэн үг. Товчхондоо, Монгол төрийн эзэмшилд байсан баялгийг Хятадуудад өгөх процесс явагдаж байна.
Тавантолгой ашигтай ажиллаж байсан. 2014 онд л гэхэд 30 тэрбумын ашигтай ажилласан байна. Хэрэв популист намуудын сонгуулийн үеийн амлалтаас болж 350 сая доллар аваад 250-ыг нь Хүний хөгжил, Хишиг мөнгө гэж тараагаагүй бол, Түүний хүүтэй мөнгийг төлөх гэж сүүлийн 2-3 жил Тавантолгой тамираа бараагүй бол 100-200 тэрбумын ашигтай ажиллах байсан.
Хөрс хуулж нүүрс олборлоно гэдэг сүрхий нарийн технологи биш. Гэтэл "Төр бол муу менежменттэй” гэдэг нэрийн дор хувьчилж луйвардаж авах ажиллагаа явагдаж байна л даа. Бие даагчдын зөвлөл 3 сая иргэдийн эрх ашгийг хохироож, 1072 хувьцааг байхгүй болгох, Монголын тал төрийн эзэмшлийн хувь хэмжээг 51 хувиас доош байлгах энэ явдлыг хэрхэвч дэмжихгүй.
Хятад улс 1 тонн нүүрсийг Австралиас 100 доллараар авдаг бол Монголоос 40 доллараар авч байна
Муу гэрээ хийсний үр уршиг цаашдаа ямар их хор хохиролд хүргэх вэ гэдэг нь эхнээсээ харагдаж байна. Австрали улс л гэхэд Хятадад 1 тонн коксжсон нүүрсээ 100 орчим доллараар зардаг. Гэтэл Монгол улс Хятадын хил дээр 1 тонныг 40 доллараар арилжиж байна.
Өнгөрсөн долоо хоногт Австраличууд манай улсыг нүүрсээ Хятадад ийм бага үнээр өгч байгаад гайхаж буй тухайгаа мэдэгдлээ. Бид байгалийн баялгаа ингэж үнэгүйдүүлж байгаа нь харамсалтай.
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих