Манай байгууллагын урлагийн тэнгэрт өвөрмөц нэгэн одууд болж яваа таван
ахлах офицер хамтраад тайлан гэхэд хаашаа юм нэгэн тоглолт хийн Бөхийн
өргөөг нураах шахлаа. Үзэгчид нь ч нураах дөхөв. Өөрсдөө ч зүгээр
байсангүй, Өөрөөр хэлбэл нураахыг жинхэнэ өдөөж өгч байлаа гэсэн үг.
Тэд алдартай хүмүүс. Цол гуншингийн хувьд гэхэд Бат-Эрдэнэ аваргаас
арай бага, Баянаа аваргатай дүйхүүц, Бадарч найрагчаас бараг илүү
гэчихэд нэг их буруудахгүй нөхдүүд байгаа юм. Тиймээс энэ нөхдүүдийнхээ
тухай бяцхан хөрөг тэрлэж, их тоглолтод нь бэлэг барьж буйгаа хэлье.
Ингээд эрхэм хошууч генерал, багын найз С.Гүржаваасаа эхэлье л дээ.
Багынх нь хочноос өгсүүлээд одоогийн нь хашиж буй албан тушаал хүртэлх
алдар цолыг нь тоолтол 37 болж байна билээ. Тэрбээр байлдагчаас хошууч
генерал хүртэлх цэргийн бүх цолыг дамжсан байдаг юм.
Харин одоо бригадын генерал цолыг алгассан байна, нэхэж олго гээд
нэлээд хэдэн удаа Ерөнхийлөгчөөс авахуулаад өөрийн дарга Ж.Өвгөнбүргэд
хурандааг хүртэл сандаргаад авсан байдаг. Харин утга уран зохиолын хувьд
яруу найрагч гэсэн ганцхан гуншинтай. Түүндээ дуртай ч гэж нугасгүй.
Хүүхэд байхдаа хонь хурганыхаа зүсийг уран яруугаар дууддаг нэгэн
байсан бол офицер болоод дарга нартайгаа уран яруугаар хэрэлдэх урлагийг
гарамгай эзэмшсэн хүн гэгддэг юм. Харин өөрөө дарга болоод хэн
нэгэнтэйгээ уран яруу хэрэлдэлтэй биш гээд жинхэнэ уран яруу шүлгийг
амнаасаа ар араасаа цувуулан гаргах болсон нөхөр
Ингэхэд тэрбээр найрагч болох замаа нэгэн үнсэлтээс болсон гэдэг юм.
Яасан гэхээр 1977 онд Хилийн цэрэгт татагдан тангараг өргөхдөө анх удаа
ангийнхаа тугийг үнссэн байна. Энэ нь түүний амьдралын анхны үнсэлт. Мөн
үнсэх явдал ихээхэн таалагдсан тул тэр үеэс хойш юу тааралдсанаа үнсэх
үнэнхүү хообийтой болсон.
Тэр ч бүү хэл зөвхөн хацар, уруул зэргээр дагнаж асан тал ч бий.
Хамгийн гол нь үнсэх тоолонд түүний амнаас нэгээс хоёр гайхалтай шүлэг
төрдөг хачин сайхан уламжлал тогтжээ. Сүүлдээ ч, "Та минь ээ, сэдэв
хэлээд өгөөч, цээжин дотор чихэлдээд байгаа энэ муусайн шүлгийг
асгаадахъя" хэмээн хуурай, нойтон агсан тавьдаг болсон байгаа юм.
Бас заримдаа хажуу хавирганыхаа хүмүүсийг гэнэт сандарган, алив цагаан
цаас өгөөд орхи түүнийг чинь би нүд ирмэх зуур мөнхийн бүтээл болгоод
орхиё хэмээн агсраад үнэхээр мөнхийн бүтээл бий болгож асан үе ч олон.
Ер нь товчхондоо халгиж, цалгиж, булгиж, буцалж, дэвэрч дэлбэрч явсан,
яваа, цаашдаа ч явах шинжтэй, амьтнаар бол сүргийнхээ дэргэд зогсох
хэрнээ тэртээ саахалт айлын гүүн зэлний зүг сэмхэн хараачлах хүчтэй,
хурдтай хүрэн азарга.
Дараагийн нөхөр нь МУСТА Б.Ганхуяг. Цол гуншин гэж найгүй урт юм бий.
Мань хүн түүнээсээ МУСТА цолондоо тун хайртай дуулддаг юм. Яагаад тэгдэг
юм бол гэсэн чинь "МТ" гэсэн хоёр үсэг орсонд хэмээн саяхан нэгэн
сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна билээ. Харин одоо энэ хоёр
үсгийн нь учир начрыг өөрөөс нь заавал асуух юм шүү хэмээн бодоод байгаа
юм.
Хуягаа угаасаа уян зөөлөн нэгэн л дээ. Одоо бүр уян болсон байгаа юм.
Ялангуяа кино үзэхээрээ асгартал уйлдаг болоод удаж буй. Саяхан
телевизээр "Чапаев" киног дахиж үзээд хоёр нүднийхээ дээд, доод зовхийг
нийлтэл уйлсан дуулдана билээ.
Тэрбээр амьдралдаа ганц бүүвэйн дуу бүтээчих санаатай 30 орчим жилийг
үдэж буй бөгөөд эхнийхээ нотыг бичиж эхлээд уяхан учраас нулимс дуслуулж
эхлэн, улмаар бүүвэйлэгддэг ч юм уу, нам унтаж орхидог учир уг дуугаа
бүтээж чадаагүй яваа. Бас их шооч. Нүдээ жоонийлгож байгаад хүн
явуулахаараа алах шахна. Өөрөө ч онигоо ихтэй.
Нэгэнтээ чуулгынхны дунд хамгийн богино онигоо ярих уралдаан зохиоход
найрал дууг найруулдаг Батхүлэг "Хуягаа" гэсэн ганцхан үг хэлээд
түрүүлсэн байгаа юм. Гэхдээ миний найз мундаг мундаг олон дуутай.
Тиймээс харанхуйд хаалгаа мөргөөд нүд нь хөхөрсөн Батхүлэгийгээ, "Арай
чи хүнд зохиосон дуугаа дуулж өгсөн юм биш биз дээ" хэмээн тавладаг.
Гэхдээ миний найз мундаг мундаг олон дуутай хүн. Монгол даяар алдартай
"Монгол" гэдэг дуунаас л эхэлнэ шүү дээ. Хуягаа гэж ийм нэгэн амьтнаар
бол амьдралынхаа хугацаанд хэд тугалснаа үл мэдэх, нохойн гөлөг ирээд
хөхөж байсан ч үл тоох, сүү ихтэй, сүүл өтгөн хүрэгч үнээ.
Гурав дахь нөхөр нь гэвэл Г.Энхбаяр. Уг нь МУУГЗ нөхөр л дөө. Түүнийг
нэг удаа би МУУГЗ Г.Энхбаяр хэмээн найздаа ярьтал, битгий худлаа залаад
бай "Хоовон" гэдэг юм хэмээн тун итгэлтэйгээр залруулж байлаа. Нээрээ ч
анзаараад байхад "Хоовон" гэхээр л түүнийг таньдаг, МУУГЗ гэхээр өөр хүн
гэж бодоод байдаг бололтой харагддаг.
Ингэхэд тэрбээр Завханы "еврей" үндэстэн. Түүнийг хэрхэн хөгжмийн
ертөнцөд хөл тавьсныг нь хэлэх үү. Хүүхэд байхдаа тэрбээр хөдөлгөөн гэж
цахилгаан нөхөр байсан гэдэг юм. Сахилгагүй гэсэн үг шүү дээ. Хоовон нэр
нь ч үүнтэй холбоотой. Тиймээс багш нь нэгэнтээ аргаа барахдаа,
"Сахилгагүйтээд байвал чиний авъяасын тухай аав, ээжид чинь хэлнэ шүү"
гэсэн байгаа юм.
Нөгөөх нь хоовойчихоод огт тоохгүй сахилгагүйтээд байхаар нь түүний
багш хэлсэн ёсоороо аав ээжид нь авъяастай гэдгийг нь дуулгажээ.
Ингэснээр аав, ээж нь түүнийг урлагийн, бас алдартай хүн болгосон
түүхтэй. Мөн хөгжмийн ертөнцийн хүнд бэрх замыг туулахдаа алдартай,
алдартай дуунууд ч олныг хийсэн нөхөр.
Тэрбээр бүтээлийн гараагаа "Сүүн цагаан хурим" хэмээх дуугаар эхэлсэн
нэгэн бөгөөд өдгөө "Тоглосон юм" гэдэг дуугаар уран бүтээлийнхээ
замналыг дуусгах бодолтой явдаг юм гэнэ билээ. "Хоовон" гэж амьтнаар
яривал энд тэндгүй дүүлж явдаг, эвэр, сахалгүй эрх цагаан ишиг.
Энэ тавын дөтгөөр нөхөр нь МУУГЗ Т.Сэр-Од. Саяхан тэрбээр зохиосон
дуугаа жагсаагаад бичсэн чинь Сонгино хайрхан дүүргийн нэгэн хорооны хүн
амын нийт тоотой тэнцсэн бөгөөд жагсаалт нь 8252 хуудас болсон дуулдана
билээ. Аймаар байгаа биз. Ингэхэд мань хүн өөрийн гэсэн онцгой мэдрэмж,
өвөрмөц ая дан бүхий дуугаараа бусдаас ялгардаг нэгэн.
Бас муугүй хоржоон бүхий яриатай. Мань эр зарим өглөө хоёр нүд нь
улайж, зовхи нь хавдчихсан ажилдаа ирэх нь бий. Яасан гээд асуухаар
цонхон дор шөнөжин муурнууд чарлалдаад гэдэг юм. Тэр чамд ямар хамаа
байна гэхээр, зарим нь ядаж байхад буруу өнгөөр дуугараад уур хүргээд
байх юм гэдэг л нөхөр дөө.
Мөн таны дууг дуулж буй дуучид зүгээр зогсохгүй юм аа гэхээр, "Зүгээр,
хөдөлгөөнтэй байг оноход хэцүү биз дээ" гэсэн маягийн хоржоонтой хариу
барьдаг нэгэн. Амьтнаар бол үс ноос үс, үр төл, мах сүү ихтэй, майлах нь
шал ондоо халзан цагаан хонь.
Тав дахь нөхөр гэвэл МУСТА Г.Ганболд. Өдөр шөнөгүй хөгжмөө балбасаар
байгаад хажуугийнхаа айлыг залхаан, хагас үнээр байрыг нь худалдаад
авчихсан нөхөр. Ер нь уран бүтээлээ ихэвчлэн гэртээ хийнэ. Бусад үед
музейгээр тэнээд явчихдаг онцлогтой.
Хааяа таарахаар найз нь дууныхаа CD-г гаргаад аа гээд л явж байдаг.
Зарсан уу гэхээр, "Зарсаан хө, байраа зарлаа... Машинаа зарлаа...Юугаа
зарлаа" гэсэн шүү юм яриад хээгүйхэн инээн духныхаа хөлсийг шударч явдаг
эр.
Нэгэнтээ шүлэг, дуучдын наадам дээр мань хүн нэгэн бүсгүйтэй танилцаад,
"Чи манай эхнэртэй яасан адилхан дамшиг вэ" гэх зэргээр олон юм ярьж,
толгой нурууны нь хавьцаа илээд авсан байгаа юм. Гэтэл нөгөөх нь,
"Битгий донгос. Солиотой хог вэ" гэх маягийн үг хэлэн уцаарлахад мань эр
юу ч болоогүй мэт инээмсэглэн, "Тээр хараач хөөе! Харааж загнах нь
хүртэл яг гээч" хэмээн нөгөөхөө гайхшруулж асан бандуухан нөхөр байгаа
юм.
Ингэхэд түүнд ийм ая Ганболдын толгойноос гараа гэж үү дээ гэмээр хачин
сайхан олон дуу бий. Амьтнаар бол тэрбээр нуруун дээр нь хэдэн ч хүн
гарсан гунганаад л хоёр нүдэндээ нулимс цийлэгнүүлэн зогсч байдаг номхон
нь дэндүү хүрэн тэмээ гэх байна.
Энэ бүгдийн эцэст хэлэхэд миний муусайн найзууд хүнийхээ хувьд үнэхээр
анд нөхдийнхөө хайлан болсон хүмүүс гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн
мэднэ. Ялангуяа эд нарын маань ааш зан мөнхөд хүүхдээрээ байдаг нь
урлагийн тэнгэртэй нөхцөж, орчлонгийн ододтой хүүрнэлддэг хувь
тавилантай нь холбоотой биз.
Тиймээс би найзуудаа түр ч атугай газар дээр буулгахын тулд таван хошуу
малтайгаа зүйрлэхийн зэрэгцээ насанд хүрсэн сахалтай, сахилгагүй, бас
сахилгүй жаалууд хэмээн нэрлэж энэхүү бяцхан хөргийг тэрлэсэн билээ.
Д.Гал
Эх сурвалж: "Эх орны манаа” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих