"Урбанек” компанийн захирал, эдийн засагч Б.Лхагважавтай эдийн засгийн эргэн тойрон дахь цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголын эдийн засаг таагүй байгаа талаар ярих боллоо. Энэ асуудалд эдийн засагч хүний хувьд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Төрийн сангийн бодлогоор зохицуулах гэж их явлаа. Өнгөрсөн жилийн гол
алдаа нь төрийн мөнгөний бодлогыг их том хэмжээгээр хийж үзсэнд байгаа
юм. Инфляцийг арван хэдэн хувьд барихын тулд таван төрлийн бүтээгдэхүүнд
далдуур гурван их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэн оруулж тэтгэсний
үр дүнд инфляцийг барьсан мэт харагдсан ч, төгрөгийн сулрал 20-30 хувьд
хүрсэн.
Туршлагагүй байснаас алдаа гаргасан. Тийм учраас монгол
төгрөг үнэ цэнээ алдсан. Энэ бол Монголбанкны тодорхой алдаа. "Хойд
хормойгоо авч урд хормойгоо нөхөөд” байвал Монголын эдийн засаг сүйрэл
рүү л дөхнө. Тийм учраас ийм уршигтай алдаагаа эрх баригчид дахин, дахин
битгий давтаасай л гэж хүсч байна.
Өнөөдрийн макро төвшин,
экспортын байдлаас харвал ам.долларын ханш 1750-аас доош буух найдлага
бараг л байхгүй. Ямар ч үнээр хамаагүй валютын ханшийг барих гэж
инфляцаа савлуулж байснаас одоогийнхоо төвшинг хадгалаад явах нь л зах
зээлийнх нь хуульд илүү тохиромжтой юм.
Гэтэл манай төсөв
баталсан харалган эдийн засагчид ам. долларын ханшийг 1348-аар
баталчихсан шүү дээ. УИХ дээр хэчнээн ярилцаж, хэрүүл хийгээд одооны
1800 дөхөж яваа ханш 1348 дээр яагаад ч очих боломжгүй. Манай Сангийн
яамныхан яагаад тийм тоо гаргасан гэвэл тэдний өөрсдийнх нь мөрддөг Олон
улсын дүрэм байдаг. Төсөв батлахад инфляцийг өмнөх 10 жилийн дунджаар
авдаг дүрмээ бариад л хийчихсэн тоо.
Бодит амьдрал мэдэхгүй,
хий хоосон ном, дүрмээр амьсгалдаг хүмүүсийн алдаа л гарч байгаа юм.
Одоо үүнийг засах, зөв гольдрилд нь оруулах хүчин зүйл нь зах зээлийн
өөрийнх нь хууль дүрэм л байна. Өөр зам байхгүй. Саяын 1348-аар тооцсон
төсөв бүрдэнэ шүү дээ.
Гэхдээ Санхүүгийн өршөөлийн тухай хууль
гарч, Монголын бизнесменүүд өөрсдийн бүх хөрөнгөө бүртгүүлж, энд тэнд ил
далд хийсэн мөнгөө буцааж оруулсан тохиолдолд энэ асуудал гайгүй
шийдэгдэх боломжтой. 2008 онд яг ийм арга хэрэглэсний үр дүнд 2009 оны
дэлхийн эдийн засгийн хямралыг гайгүй хохирол багатай давж гарч байсан
шүү дээ.
-Манай улсын эдийн засгийн эрх чөлөө ямар төвшинд
байдаг гэж бодож байна. Төрийн оролцоо хэтэрхий их байна гэж бизнес
эрхлэгчид үздэг шүү дээ?
-Эдийн засаг, санхүүгийн эрх
чөлөөг яриад бараг л 10 гаруй жил боллоо. Эдийн засгийн эрх чөлөөтэй
байхын тулд Үндсэн хуулиар хамгаалагдсан байх ёстой. Үндсэн хуулиар
өмчтэй байх, төрөөр хамгаалуулах зэргийг хийж өгсөн ч үүнийгээ тодорхой
хуулиудаар бататгаж чадаагүй.
Үүний нэг жишээ нь манай татварын
хуулиуд. Яг өнөөдрийн Монгол Улсын Татварын бодлого, эрх зүйн орчин нь
хуучин социализмын үеийн төвлөрсөн эдийн засгийн төрийг дээдэлдэг,
төрийн өмчийг дээдэлдэг хэлбэрээр яваад байгаа. Мөн БНХАУ, ОХУ хоёрын
татварын системтэй хэр зэрэг уялдуулах, дэлхийн татварын системтэй
уялдуулж өгснөөр бизнесийн орчин сайжирна.
Тиймээс татварын
бодлого, эрх зүй нь аль болох хувийн хэвшил, хувийн өмчийг хамгаалж,
дээдэлсэн тогтолцоо руу дорвитой шилжихэд түлхэц өгөхүйц шийдвэр гаргах
нөхцлийг бүрдүүлээсэй гэж ихээхэн хүсч байна. Дээр нь хувь хүний орлогын
албан татварыг өөрчлөх чиглэлд ахиц гараасай гэж хүсч байгаа. Мөн манай
татвар төлөгчид гурван тэрбумаас дээш орлоготой бол 25 хувийн татвар
төлдөг.
Тэрнээс бага бол 10 хувийг төлдөг. Энэ мөрдөгдөж байгаа
хууль хаа байсан 2006 онд батлагдсан. Товчхондоо иргэн, аж ахуйн
нэгжүүд инфляцаас болж өндөр татвар төлдөг одоогийн гажуудлаас бага ч
болтугай ангижруулах хэрэгтэй байгаа юм.
-Эдийн засгийн эрх чөлөөг төр хангах үүрэгтэй гэж зөв үү?
-Үндсэн хуульд тодорхой бичсэн байгаа. Иргэн аж ахуйн нэгжийн сайн
сайхны төлөө төр оролцож болно гэж заасан. Гэхдээ сайн сайхны төлөө шүү.
Тэрнээс биш өнгөрсөн жил шиг бүх бизнесмэнүүдийг 30 хувь шатаачихаад
өнөөдөр төр сайн оролцсон гээд яриад сууж байвал учир дутагдалтай.
-Засгийн газрын шалгаруулсан 888 төслийг хэр ирээдүйтэй гэж харж байна вэ?
-888 төслөөр ямар юм руу орж байна вэ гэхээр, 1992 оны өмнөх эдийн
засгийг 100 хувь төр зохицуулдаг байсан тэр хэлбэр рүү орж байна. Эдийн
засгийн бүх санхүүжилтийг төр зохицуулдаг байсан тэр үе рүү орж байна
гэсэн үг. Чөлөөт эдийн засгийг орхих ёстой.
Төр хэдий
хэмжээгээр оролцоно, чөлөөт зах зээлийн өрсөлдөөн байхгүй болж байна.
Манай бизнесмэнүүдийн ихэнхи нь засгаас өгч байгаа хүүгүй мөнгө,
татаасанд дугаарладаг болсон. Тэнд очоод авлига өгөөд ч хамаагүй авах
сонирхолтой болжээ. Арилжааны банкнаас 12 хувийн хүүтэй зээл аваад
бизнес хийх хүсэлгүй болчихсон байна шүү дээ. Эргээд л комунист
зохицуулалтад ороод байна. Эндээс л жаахан айж байна.
-Аж
ахуйн нэгжүүд хаалга үүдээ барьж дампуурч эхэлсэн талаар мэдээлэл
цацагдаж байгаа. Нөхцөл байдал үнэхээр муудчихсан байна уу?
-Өнгөрсөн жил бүх аж ахуйн нэгжүүд 30 хувь шатсан. Гэхдээ ингэлээ гээд
тэд шантраагүй. Мянган малтай малчин зудны дараа 500 малтай болсон ч
малаа өсгөх сэтгэл нь хэвээрээ байдаг шиг 73 мянган аж ахуйн нэгж маань
өнөөдөр ажлаа явуулахын төлөө л зүтгэж байна.
Төрд нэг зүйлийг
хэлэх ёстой. 73 мянган аж ахуйн нэгжээр тоглоод байж болдоггүй юм. Энэ
чинь эдийн засгийн нэгжүүд. Энэ нэгжүүдийг хайрлаж, хамгаалж байх ёстой.
Хэдийгээр мөнгөний бодлого, сангийн бодлогоос алданги үүрсэн ч
бизнесээ өргөжүүлэх, үргэлжлүүлэх хүслээ орхиогүй. Тиймээс энэ хүмүүст
итгэл өгөхийн тулд Санхүүгийн өршөөлийн хууль, Ил тод байдлын тухай
хуулиа хурдан гаргаж өгөөч гэж төр засгийн шийдвэр гаргагч, хууль
боловсруулагчдаас хүсээд байгаа юм.
Тэгвэл бизнес эрхлэгчид
маань зудны дараа ч гэсэн ажлаа хийгээд л явна. Өнөөдөр тэнхээтэй
байгаа. Гэхдээ тэнхээтэй байна гээд гурван жил дараалж макро төвшний
алдаануудаар цохиод байх юм бол бүх бизнес эрхлэгчид маань дампуурч
мэдэх нь. Өр тавихаас илүүтэй аж ахуйн нэгжүүддээ найдмаар байгаа юм. Аж
ахуйн нэгжийн дотоодын эх үүсвэрийг гаргамаар байна.
-НӨАТ-ын
босгыг өөрчлөх Засгийн газрын боловсруулсан хуулийн төсөл яригдаж
байгаа. МАН-ын зүгээс ч мөн хуулийн төсөл өргөн барьж байсан. Татварын
хууль тогтоомжуудад гишүүд хэтэрхий их гар дүрж, тогтворгүй байдал
үүсгээд байгаа бололтой?
-НӨАТ-ын хууль нь шууд бус татвар.
Ер нь бол баруун зүүний нам хоёр юмаар ялгардаг. Шууд бус татвар дээр
оролдох уу, шууд татвар дээр оролдох уу гэдгээрээ ялгардаг. Өнөөдөр
НӨАТ-ын асуудал дээр АН, МАН хоёулаа алдаа гаргаж байгаа. НӨАТ-ыг эцсийн
хэрэглэгч төлдөг учраас бүгдээрээ төлөх ёстой.
Харин буцаан
авалтыг ахиухан өгч, ямар салбарт өгөх, хаана мөнгө хэрэглэж байгаа зах
зээл байна вэ гэдгийг олох нь чухал байдаг. Тиймээс НӨАТ-ыг философи,
онолын хувьд зөвөөр шинээр хийх асуудал байгаа. 1997 оны НӨАТ-ын хууль
ихээхэн алдаатай.
-Эдийн засгийн чуулганаар "Монголдоо бүтээцгээе” уриалга дэвшүүллээ. Бид Монголдоо юу бүтээх ёстой гэж харж байна вэ?
-Дэлхий дээр хөдөлмөрийн хуваарилалт явагдчихсан. Тийм учраас бид
дэлхийн зах зээл рүү юугаараа гарах вэ гэдгээ олж харах ёстой юм.
Тэрнээс биш 2.9 сая хүний хоорондын хэрэгцээний хангалт сонин биш байна.
160 мянган малчин өрх маань яг адилхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.
Сүү цагаан идээ, мах ноолуураа хоорондоо зарах нь утгагүй. Тэгэхээр
төрийн үүрэг бол 160 мянган өрхийн тасралтгүй үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг
цааш нь яаж дэлхийн зах зээл дээр гаргах, хоёр дахь түүхий эд
боловсруулах вэ гэдэгт төрийн толгой ажиллаж байх ёстой юм.
Монголын мэдээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих