-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусах дөхөж байна. Хот, хөдөөгийн сурагчдын цахим бүртгэлд хандах идэвх ямар байна вэ?
-Энэ жил ерөнхий боловсролын дунд сургуулийг 34 мянга орчим хүүхэд төгсч байгаа. Одоогийн байдлаар 27 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн байна. Мөн өмнөх оны 3-4 мянган хүүхэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлдэг. Нийт 38 мянган хүүхэд бүртгүүлнэ гэсэн тооцоо байна. Бүртгэл хэвийн явагдаж байна. Хотын бүртгэл 60, хөдөөгийнх 80 гаруй хувьтай явж байна. Сурагчдын бүртгүүлсэн байдлыг харахад 50 орчим хувь нь дөрвөн хичээлээр сонголтоо хийсэн байна. Өөрөөр хэлбэл, математик, хими, физик, биологи, газарзүй, англи хэл, монгол хэл, орос хэл, нийгмийн тухай мэдлэг, түүхийн хичээлээс математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлийг хамгийн их сонгожээ. Хураамжийн хувьд, энэ жил нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг болсон
-Бүртгэлийг цахим хэлбэрээр явуулаад хэдэн жил боллоо. Сурагчид нэлээд туршлагатай болсон байх?
-Жил ирэх тусам сурагчдын алдаа гаргах хандлага тодорхой хэмжээгээр багассан байна. Зарим сурагчид мэргэжил сонголтоо тодорхой болгоогүйн улмаас буруу хичээл сонгодог. Тиймээс дараа нь хичээл сонголтоо өөрчилье гэсэн асуудал гарч ирдэг. Тиймээс цаашид бүртгүүлэх гэж байгаа сурагчид ямар хичээл сонгож шалгалт өгвөл, ямар мэргэжлээр сурах боломжтойгоо урьдчилан сайн судлах хэрэгтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтад эцсийн байдлаар нэг удаа бүртгүүлэх боломжтой гэдгийг сайн анхаараарай.
-Цахимд нэгэнт бүртгүүлсэн бол хичээлээ хасч болохгүй. Харин нэмж оруулах тохиолдолд заавал танайд хандах ёстой юу?
-Бүртгэл үргэлжилж байх хугацаанд хичээлийг хасч, солих боломжгүй. Харин хичээлийг нэмэх байдлаар бүртгэлийг өөрчилж болно. Улаанбаатар хотын сурагчдын хувьд хичээлээ нэмж бүртгүүлэх гэсэн тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд ирж хүсэлт гаргах шаардлагатай. Хөдөө орон нутгийн сурагчдын тухайд аймаг бүрт БҮТ-ийг төлөөлөн ажиллаж буй элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан зөвлөгөө, мэдээллийн ажилтнуудад хандах хэрэгтэй.
-Монгол хэл, бичгийн хичээлийн журамд өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотой бүх нийтээр авах монгол хэл, бичгийн шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жилээс бүх нийтээрээ монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт өгнө. Өөрөөр хэлбэл, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа бүх хүүхэд монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр давхар бүртгүүлж байгаа гэсэн үг. Энэ жилийн хувьд босго оноо байхгүй учир шалгалтын дүнд нөлөөлөхгүй. Монгол хэл, бичгийн шалгалтыг зургадугаар сарын 14-нд авна. Харин 16,17,19-нд элсэлтийн ерөнхий шалгалтууд явагдана. Улсын хэмжээнд монгол хэл, бичгийн шалгалт өгч байгаа бүх хүүхдийн материалыг Улаанбаатар хотод төвлөрүүлэхээр болсон. Ингэж багш нарын оролцоотойгоор гараар засах юм. Мэдээж үүнд тодорхой хэмжээний хугацаа шаардна. Энэ жил анхных нь учраас бид заавал долдугаар сарын 1-нээс өмнө дүн гаргана гэсэн шаардлага тавиагүй. Харин долдугаар сарын 10-наас өмнө гаргах төлөвлөгөөтэй байна.
-Сурагчдын нийтлэг гаргадаг алдааны нэг нь муу зураг оруулах явдал. Энэ тохиолдолд алдааг яаж засч байна вэ?
-Чанарын шаардлага хангаагүй зураг оруулах тохиолдол гарч байна. Зураг нь чанарын шаардлага хангаагүй устгагдсан тохиолдолд тухайн сурагчийн бүртгүүлсэн цахим хаяг руу автоматаар цахим шуудан очиж байгаа. Өөрөөр хэлбэл, таны зураг шаардлага хангаагүй учир устгагдлаа. Зургаа дахин оруул гэсэн утгатай захидал илгээгдэнэ. Ийм цахим шуудан авсан тохиолдолд дахин зураг оруулж, бүртгэлийн хуудсаа хэвлэх хэрэгтэй.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна. Энэ жил хэдэн газар шалгалт авах вэ?
-Улсын хэмжээнд 52 газар шалгалт авахаар товлоод байна. Ихэнх нь өмнөх жил шалгалт авч байсан газрууд бий. Улаанбаатар хотод ганц, хоёр шалгалтын байрыг өөрчлөх болсон. Манайх энэ жил хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай засагч машиныг авсан. Мөн бид цахим хуудастаа өмнөх жилүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтад ирж байсан бүх материалыг байршуулсан. Тиймээс сурагчид хүссэн хичээлийнхээ материалыг үнэгүй татаж авах боломжтой болсон.
Д.ЦЭЦЭГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих