Улстөр болоод нийгмийн амьдралд энэ долоо хоногт болж өрнөсөн томоохон үйл явдлыг хураангуйлан толилуулья. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор эдийн засгаа хумих зорилгоор хүүхдийн мөнгийг танах гэж байснаа больж өмнөх жишигээр өгөхөөр болсон юм.
Хүүхдийн мөнгөөр шоудлаа
"Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, өргөн мэдүүлэхээр тогтов.
Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж, дээрх сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоолыг гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлээд байсныг өөрчилж, өмнөх жишгээр олгох тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулжээ. Хүүхдийн мөнгийг 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, 426.3 мянган хүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болсон. Эдгээр хүүхэдтэй өрхийн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89,512 орчим өрхийн 108 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байгаа юм. Энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад Халамжийн сангийн хэмнэгдэж байгаа хөрөнгөөс 933.9 сая төгрөг зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн боловч эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх үүднээс бүх бүлгийн өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байна. Ийнхүү Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Ерөнхий сайд нар ярилцаж зөвшөлцсөний эцэст ардын хүүхдийг алаг үзэлгүйгээр сар бүр олгодог 20 мянган төгрөгийг цаашид үргэлжлүүлэн олгох шийдвэрийг гаргаад байгаа нь олны таалалд нийцлээ
Биологич залуу амиа алдсан хэрэгт Ерөнхий прокурор үүрэг чиглэл өглөө
"Ирвэс хамгаалах сан”-д биологич ажилтай Л-н амь насаа алдсан хэрэгт УЕП М.Энх-Амгалан холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөн ажиллаж байна. "Ирвэс хамгаалах сан”-д ажилтай 28 настай Лнь 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, зургаан хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох Балчиргант гэх газраас олдсон байдаг. Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна. Талийгаач Л-ийг мөн энэ оны 4 дүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних 2 хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Улсын Ерөнхий прокурорын газраас дээрхи 2 хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаж, нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт явуулах, Нийслэлийн прокурорын газарт уг хэргийн ажиллагаанд хяналт тавих харъяаллыг тус тус тогтоож, хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгөн ажиллаж байгаа юм.
Хоёр нутагтан Н.Энхбаяр суугуул нутгаа зорилоо
Улстөрд орох арга саам хайж энэ намаржин л улстөрийн шоу хийж засгийг хувааж чадсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Солонгос улсыг зорилоо. Тэрээр ээлжит эмчилгээндээ орохоор явсан хэмээн эх сурвалжууд хэлж байгаа ч зарим нэгэн улстөрчид улстөрд орох боломж олдохгүй болохоор хоёр дахь эх орон руугаа явсан хэмээн жиг жуг хийж байгаа юм.
Тэрээр засгийн газар шадар сайдаар орох гэж ихээхэн тэмцсэн бөгөөд намын нөхөд нь өөрийн бүхий л боломжийг бүрдүүлж улстөрийн тоглолт хийсэн ч амжилтанд хүрээгүй юм. Түүний эсрэг зогсох АН-ын эрх баригчид саад болсоор түүнийг туйлдуулсан бололтой.
Төрийн дээд шагналын тухай хуулийг шинэчиллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцуулсан долоо хоног байв. Энэхүү хуулинд Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах, төрийн дээд шагналын нэр төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын үндсэн хууль, үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлжээ. Ингэхдээ зарим шагналыг хасч өөрөөр хэлбэл байхгүй болгосон аж.
Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг цолыг хассан байна. Ингэснээр шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилго дор шалгуурыг өндөрсгөсний зэрэгцээ зарим гавьяа шагналыг таван жилд нэг удаа, нэгээс ихгүй хүнд олгох зэргээр тогтоож өгчээ. Түүний зэрэгцээ гавьяа шагналыг хэн, хэн гардуулах вэ гэдгийг ч хуульчилж өгсөн аж. Тухайлбал, Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна. Мөн Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс дараах эрх бүхий этгээд гардуулж болно. Үүнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга гардуулахаар тус тус зааж өгчээ.
Гэрээ санасан хоёр цэрэг оргов
Мөн өнгөрсөн долоо хоногт болсон ноцтой үйл явдал бол цэргийн армиас зэвсэглэсэн хоёр цэрэг харуулын манаагаа орхиж оргож зугтаасан явдал байв. Тодруулбал, энэ сарын 06-ны орой Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн цэргийн 0101 -р ангиас оргосон хоёр цэрэг зэвсэглэн тус ангийнхаа машиныг хөлөглөн зугтсан байна. Ингэхдээ буу тулган, бусдын машиныг дээрэмдэн, 30 мянган төгрөг өг гэж дарамтласан байдаг. Дуудлагаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, цэргүүдийг шуурхай баривчилсан. Харин хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Оргосон хоёр цэргийн тухайд өнгөрсөн жилийн нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдсан цэргүүд бөгөөд тэд гэрээ санаж, гэдэс өлссөний улмаас гэртээ харих зорилготой ийм төлөвлөгөө боловсруулж, зугтаасан гэдгээ мэдүүлжээ. Одоогоор тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих