Үүнд улс төрийн намуудын удирдлагууд анхаарах ёстой.
Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос Шинэчлэлийн ЗГ-ын тэргүүн Н.Алтанхуягт засаглалын талаар саналаа хүргүүлж байсан боловч, асуудлыг ойшоогүй бөгөөд хариу өгөөгүй юм. 2000 онд талийгаач сэтгүүлч Мөнхжаргал "УИХ цус ойртжээ" гэж нийтлэл гаргаж байсныг санаж байна. Улс төрийн намууд гэр бүлсэг тогтолцоог бий болгосноо хамгийн сайн улс төр хийж байна гэж бие биенээ хөөрөгддөг байсан нь сайхан юм шиг санагдаж байна. Он цаг улиран одож, төрийн засаглалын хэмжээнд хүрч дампуурлаа. 2000 оноос авилгал, албан тушаалын хэнээрхэл газар авч эхэлсэн. Одоо хар. Намын гишүүнээс илүү хамгийн итгэлтэй нь садан төрөл, үр хүүхэд гэр бүл, байгын найз нь болсон. Анх ардчиллын төлөө явж, зүтгэж байсан тэр сэтгэлгээг хэвээр хадгалах зүрх сэтгэл дутаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ТАНАА
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд баяр хүргэж, ардчилал, өөрчлөлт, шинэчлэлтийн ажлын амжилт хүсье.
Төрийн өндөр албан тушаал хүлээн аваад "нийгэмд шударга ёс тогтоох, хүнд суртал, авилгатай хатуу тэмцэх” талаар таны илэрхийлсэн байр суурийг бүрэн дэмжиж байна. Шударга бус бүхий л явдлаас ангижрах хамгийн чухал арга хэмжээ нь удирдлагын дунд, анхан шатны байгууллагуудын бие даасан, гадаад орчиноос үл хамаарах байдлыг хангах явдал мөн. Энэ талаар Азийн "бар” болон хөгжсөн орнууд тухайлбал, Япон Улс "мерит” зарчим хэрэгжүүлж ихээхэн үр дүнд хүрчээ. Удирдлагын энэхүү шинэчлэл нь Эзэн богд Чингис хааны үеэс уламжлагдаж ирсэн "аравт”-ын шалгарал болохыг судлаачид хүлээн зөвшөөрч байна. Удирдлага, менежментын энэхүү аргын агуулга нь "нэг хүн арван хүнийг л удирдана, хамт олон бүхий л асуудлаа бие даан шийдвэрлэнэ” гэсэн энгийн зарчимд суурилдаг байна.
Зохион байгуулалтын гол онцлог нь арван хүн бүхэн заавал нэг удирдагчтай байна гэхээсээ илүү тухайн бичил хамт олон өөрийн удирдагчаа бие даан сонгох, удирдагч итгэл хүлээж чадахгүй бол удирдлагын ажлаас чөлөөлөх эрх мэдлээр хангагдсанд оршиж байна. Төвлөрсөн захиргаадалтын арга барилыг халах гэж бид хорь гаруй жил ярилаа. Эрх мэдэлтэн хариуцлага хүлээх, асуудлыг хэнээс ч хараат бусаар бие даан шийдвэрлэх, өөрөөр хэлбэл эрх мэдлийн төвлөрлийг задлах гол зорилтыг зоригтой хэрэгжүүлж чадахгүй байгаад хамаг учир байгаа юм.
Төвлөрсөн захиргаадлын арга барилаас салахын /энэ асуудал дээр социализмын арга барилыг сайжруулах гэж олон жил зовсныг өөрчилөх/ тулд энэ сонголтыг эрч хүчтэй, санаачилгатай, бүтээлч, цаг хугацаа алдахгүй хийх нь монголын ард иргэдийн 2012 оны УИХ-ын сонгуулийн сонголтын илрэл болж, ардчиллын төлөө зүтгэдэг хүн бүхний хийх ажил мөн.
Шийдвэр гаргах эрх мэдлийг удирдлагын анхан, дунд шатны хамт олны мэдэлд шилжүүлж, авилгалын хүлээснээс ангижрах бодит шаардлага тавигдаж байна. Энэхүү нарийн төвөгтэй зорилтыг хэрэгжүүлэхийн тулд "Монгол Улсын Үндсэн хууль”, "Төрийн албаны тухай хууль”, "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль зэрэгт зохих өөрчлөлт оруулах эрх зүйн шинэчлэлт хийх хариуцлага та бидэнд ирэх болно.
Хамтран ажиллах сэтгэлийн тэнхээ бидэнд үлдэж байна.
Сайн бүхэн дэлгэрэх болтугай
Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүлэгч гишүүд
| |
Дашнамжилын Цогтбаатар
Жамцайн Баасандаш
Баадайн Батбэх
2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих