Анх Солонгосын хөрөнгө оруулалтаар
байгуулагдаж байсан Монголын үүрэн холбооны анхдагчдын нэг "Скайтел”
компани өөрийн хэрэглэгчдийн 50-тай дугаарыг хааж эхэлсэн ба үүнтэй
холбоотойгоор нэлээн асуудал үүсээд байгаа бололтой. Өөрийн ашиглаж
байсан дугаараараа зар мэдээ өгсөн, мөн бидний "азын” гэж нэрлэдэг
дугаар барьж байсан хүмүүсийн хувьд хүндрэл үүсээд байгаа юм байна.
Хэдийгээр, "Скайтел” компанийн зүгээс дурын дугаараа сонгож ав хэмээх
санал тавьж байгаа ч очоод авах гэхээр олигтой гэхээр дугаар "үзээд
өгье” гэсэн ч байхгүй, бараг л бүх тооны цуглуулга гэмээр зүйлс байгаа
нь хэрэглэгчдийн таашаалд төдийлөн нийцэхгүй байгаа аж.
Ингээд "Хэрэглэгч – ХААН” гэх үзлийг баримтлан, "азын” дугаар барьж байсан хүмүүс аятайхан дугаар авчих боломж бий эсэх талаар санал хүсэлтээ тавихад тус компанийн үйлчилгээний ажилтнууд нь огтхон ч хүлээж авахгүйгээр барахгүй, ихэд бүдүүлэг, үл ойшоосон байдлаар харилцаж байгаа нь зарим хэрэглэгчдийн сэтгэлийг эмзэглүүлсэн байна.
Эндээс харахад, тус компанийн цахим хуудсан дээр залрах "Бид 2014 онд Мэдээлэл харилцаа холбооны шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар манлайлсан БИЗНЕСИЙН ЗАГВАР КОМПАНИ болно” хэмээсэн том зорилт нь худлаа, хий хоосон лоозон төдий зүйл болох магадлал өндөр байна! Ялангуяа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны амин сүнс болох хэрэглэгчийн сэтгэл ханамж (Customer care management)- даа ихээхэн анхаарахгүй бол өөрийн үйлчлүүлэгчдээ өөр үүрэн холбооны оператор руу алдах явдал гарахыг үгүйсгэхгүй. Аливаа бизнесийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээ ямар нэг талаар доголдолтой байсан ч ажилтнуудынх нь харилцааны ур чадвар үнэхээр өндөр бол тэрхүү сул талаа нөхөөд аваад явчихдаг тал амьдрал дээр олонтоо ажиглагддаг. Харин эсрэгээр, үйл ажиллагаа нь сайн хэдий ч хэрэглэгчидтэй харилцдаг үйлчилгээний ажилтнуудынх нь ааш "адсага” шиг байвал уг байгууллага төдийлөн өсөж хөгжих нь юу л бол, үнэхээр зах зээл дээр ганцаараа монополь биш л бол...
Д.Мигаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих