Авлигатай тэмцэх газар төрийн өндөр албан тушаалтнуудын 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн дүнг олон нийтэд танилцуулаад байна. Энэхүү жагсаалтад Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, ЗГ, яам тамгын газруудын дарга нар, аймгуудын удирдлагууд гээд нийт 239 хүний хөрөнгө орлого бичигдсэн юм. Бид уншигч та бүхэндээ парламентад суугаа Дорнодын хоёр гишүүний хөрөнгө орлогын үзүүлэлтийг танилцуулсан билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд 2012 онд 118.4 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2013 онд 50 хувиар буурч 59.5 сая төгрөгийн орлоготой болсон гэж мэдүүлсэн байна. Харин мал сүрэг нь өсч үржин 20 хоньтой байснаа 30 хоньтой болж, гурван үхэр нь тав болж өсчээ. Харин 25 адуу нь хоёроор хорогдож 23 болсон бололтой.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд 2013 онд ашиг орлого нь өсч, 318 сая төгрөг болсон гэжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань 114 сая төгрөг хадгалуулсан аж. Харин ТБД Андуудын эзэн, Шадар сайд Д.Тэрбишдагва хөрөнгө санхүүгийн хувьд хамгийн их бэрхшээлтэй хүнээр тодорсон бололтой. Түүний орлого буурсаар байгаа бөгөөд 2013 онд ердөө л 22.2 сая төгрөг олсон гэнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд, БОНХ-ийн сайд С.Оюун УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Арвин, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Одонтуяа, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Эрдэнэчимэг нар унах унаагүй гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Н.Наранхүү нар хамгийн олон машин тэрэгтэй гишүүдээр тодорчээ.
УИХ-ын гишүүдийн орлого нийтдээ буурсаар байгаа гэж мэдүүлсэн бол УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд 2013 онд түрийвчээ хамгийн ихээр” түнтийлгэсэн” тэрбумтан болж тодорчээ. Тэрбээр 2013 онд 33 тэрбум 139 сая төгрөг олсон байна. Л.Болд сайд ингэж огцом баяжсан шалтгаан нь "Голомт” банкнаас хувиа салгаж, өрх тусгаарласантай нь холбоотой гэнэ. Гэхдээ тэрээр ХОМэдүүлэгтээ унах унаагүй, гахай явган нохой нүцгэн гэж мэдүүлсэн нь гайхалтай. Төрийн түшээд албаны машинаар морилдог учраас машин тэрэг шаардлагагүй ч байж болох л юм.
Тэгвэл Л.Болд сайдаас хөрөнгө мөнгөө тусгаарласан гишүүдийн нэг Д.Зоригт хамгийн их өртөй төрийн түшээгээр шалгарсан байна. УИХ-ын гишүүн Д.Зоригт хоёр тэрбум гаруй төгрөгийн авлагатай ч Худалдаа хөгжлийн банкнаас дөрвөн тэрбум 250 сая төгрөг зээлсэн гэнэ.
Тэрбумтан, саятан гишүүдийн дунд зөвхөн цалингаараа амьдардаг, "эгэл боргилхон” ганц нэг түшээд байх нь гарцаагүй. Тэгвэл ийм гишүүдийг БШУ-ны сайд Л.Гантөмөр тэргүүлж байна. Тэрээр гишүүний цалин дээрээ сайдын урамшууллыг нэмээд 18 сая төгрөг авсан гэнэ. Мөн О.Баасанхүү, Д.Арвин, Я.Содбаатар, Н.Энхболд, Л.Энх-Амгалан нар багтжээ. Эдгээр хүмүүсийн жилийн орлого 20 саяас хэтрэхгүй аж. Гэхдээ Монголын хамгийн том компани MCS-ийн хувьцаа эзэмшигч, Хөвсгөлчүүдэд мөнгийг харамгүй зарцуулдаг өгөөмөр гишүүн Л.Энх-Амгалан, барилга үйлдвэрлэлийн босс Д.Арвин нар зөвхөн цалингаараа шар нар, бор хоногийг аргацаадаг гэхээр нэг л үнэмшилгүй харагдаж байгаа юм.
Ард түмний анхаарлын төвд байдаг 76 эрхэм гишүүний хөрөнгө зоорь нэг иймэрхүү. Тэгвэл аймгуудын засаг ноёд олсон орлогын хэмжээгээр шинэ цагийн баячуудын эгнээнд бичигдэж эхэлжээ. Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь 2013 онд 2 872 150 000 төгрөгийн орлогоороо толгой цохисон бол Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг 2 385 959 000, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр 2 254 647 000 төгрөгийн хөрөнгөөрөө удаалжээ.
Харин манай аймгийн засаг дарга С.Ганбат 2013 онд хэр хэмжээний хөрөнгө хураасныг бид сонирхсон юм.
Тэрээр 2013 онд 21690360 төгрөгийн орлого олсон бол гэр бүлийнхэн нь 40373380 төгрөгийн орлоготой байжээ. Засаг дарга маань 2 орон сууц, 6 үйлдвэр үйлчилгээний зориулалтын объекттой. Эдгээр нь нийтдээ 245000000 төгрөгөөр үнэлэгддэг байна.
Засаг дарга С.Ганбат хувьдаа Hyundai Porter, Toyota Mark2 автомашинуудтай. 21 адуутай, үүнийх нь 4 нь хурдын удмынх гэнэ. Мөн 4 толгой үхэртэй гэж мэдүүлсэн байна. Мөн эзэмших эрх бүхий 1 га, өмчлөх эрх бүхий 700м2 газартай. 10000000 төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй аж.
Мөнгөн хөрөнгийн хувьд хадгаламжиндаа 1069590 төгрөгтэй, Капитрон, Голомт банкнуудаас нийтдээ 44сая төгрөгийн зээл аваад байгаа гэж байна. Эрдэнэс тавантолгой, Дорнын ариунтан ХХК-иудын хувьцааг эзэмшдэг аж.
А.Хэрлэн/Dornod.NET
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих