Мэргэжлийн боксын дэлхийн хоёр удаагийн аварга, "Монголын дайчин” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэвийг редакцийн зочноор урьж ярилцлаа.
"Өө, энэ нөхөр тань заалан дотроо хэнийг ч ялгалгүй зоддог юм байна”
- Сонирхогчдын боксоор хичээллэж эхэлсэн тэр он жилүүдийн дурсамжаас яриагаа эхлүүлэх үү?
- Анх 22 настайдаа 1993 оноос сонирхогчдын боксоор хичээллэж
эхэлсэн. Анхны тэмцээн маань 1993 оны нэгдүгээр сард болж, улсын аваргын
хүрэл медаль хүртсэнээр миний боксчин болох зам минь эхэлсэн дээ.
- Анх сонирхогчдын боксоор хичээллэж эхлээд, тун удалгүй мэргэжлийн бокс руу "урвасан” байдаг?
- Тийм ээ. Ойролцоогоор жил гаруй хичээллээд, мэргэжлийн бокс руу
орж байлаа. Залуу, халуун ч байж дээ. Мэргэжлийн бокс руу шилжиж байхдаа
ямар ч эргэлзээгүйгээр дэлхийн аварга болно гэсэн зорилт тавьж байсан.
Мэргэжлийн боксоор хичээллэж байсан эхний он жилүүд одоо бодоход их л
адал явдалтай өнгөрсөн юм шиг санагддаг. 1996 онд МУГТ, дэлхийн аварга
Д.Лхагва найзынхаа бэлтгэл хангагчаар ажиллаж байгаад өөрөө араас нь
очиж тулалдаж эхэлсэн. Тухайн үед манай боксчид БНСУ-д бэлтгэл хийдэг
байсан. Би тэнд очоод гурван жил болсныхоо дараа 1999 онд бараг л
хөөгдөх шахам ирж байсан юм даг.
- Яагаад?
- Менежерүүдтэйгээ таараагүй. Та нар Монголд очихдоо сайхан, сайхан
юм амлаад л байсан. Одоо тэр чинь хаана байна гээд муудалцсан. Тэр нь ч
бас учиртай л даа. Манай боксчид цөмөөрөө тушрлагатай тамирчид байлаа.
Тэдэнд цалин өгөөд, надад өгөхгүй. Учир нь би анх очихдоо мэргэжлийн
боксоор хичээллээд дөнгөж гурван жил болж байсан, туршлага багатай,
залуу тамирчин байсан юм. Гэхдээ тэнд их юм сурч, өөрийгөө хөгжүүлээд
ирсэн нь бас сайшаалтай.
- Тэгээд дараа жил нь Англи явсан хэрэг үү?
- Тийм ээ. Мэргэжлийн бокс одоо л манайд хөгжиж эхэлж байна. Гэтэл
1993 оны үед ямар түвшинд байсан байж болох уу, төсөөлөгдөж байгаа биз
дээ. Тийм ч учраас гадаадад бэлтгэл хийлгэх төрийн бодлого барьж байсан
үе. Манай Д.Лхагвагаас хойш мэргэжлийн боксын хэд хэдэн тамирчин төрсөн л
дөө. Бидний туулсан спортын замнал бол дараагийн үеэ хөгжүүлэхийн тулд
хийсэн золиос байсан юм. Ямар ч спортод нэг ийм золиос байдаг шүү дээ.
Тэр ч үүднээс гадагшаа гарах, гадаадад тулалдах, олон улсаас туршлага
судлах үндсэн үүргүүд хамгийн анх мэргэжлийн боксоор хичээллэж эхэлсэн
хэдэн тамирчдад ногдсон хэрэг.
Би ч мөн адил ийм зам мөрийг туулсан. 2000 онд Англи улсыг зорьж,
очингуутаа л бэлтгэлээ хийж, тасралтгүй өөрийгөө шамдуулдаг байлаа. Тэнд
хоёр жил бэлтгэл хийсний эцэст тодорхой амжилтуудыг үзүүлж эхэлсэн.
2006-2008 онд дэлхийн томоохон хоёр ч боксын холбооны аваргаар тодорч
байлаа. Тэр үед яг миний ид нас байсныг хэлэх хэрэгтэй. Ингээд надад
өсөж дэвших зам харгуй нээгдлээ дээ гэж бодтол санаснаар болоогүй.
- Санаснаар болоогүй гэхээр таны амжилтад саад учирчээ?
-Намайг амжилт гаргаад эхлэнгүүт, нэг жил гаруй хугацаанд тэмцээнд
оруулаагүй. Гэнэт нэг нөхөр гарч ирээд, бужигнуулаад унахаар мэдээж
гадныханд таагүй санагдсан байх. Сүүлд сонсох нь ээ, "Энэ их омгорхуу
нөхөр байна. Жаахан даръя гэж ярьдаг” байсан юм билээ. Тэр хугацаандаа
бэлтгэлээ хийгээд л, тасралтгүй өөртэйгөө ажиллаж байсан. Тамирчин хүн
ямар ч үйл явдалд сэтгэлзүйн бэлтгэлтэй, асуудалд уужуу тайван хандаж
сурснаар амжилтын түүхээ өөрөө бүтээх хүчээ авдаг гэж би боддог.
-Дан ганц Англи улс гэлтгүй бусад орнуудын тамирчид мөн л таныг "дарамталдаг” байсан гэдэг?
- Тийм явдал тохиолдоно оо. Нэг удаа Африкийн тамирчинтай
тулалдахын өмнөх шөнө миний буудалласан өрөөний хажуу талын ханыг нүдээд
унтуулаагүй. Жингээ хасаж байсан үе болохоор би маш их ядарсан. Өглөө
нь босоод, хаалгыг нь нүдтэл онгойлгож өгөөгүй. Тэгээд жингээ
үзүүлчихээд, өглөөнийхөө цайнд орлоо. Хар арьстан эмэгтэй үйлчлэгч
өглөөний цайг минь бараг л шидэж өгөв. Халбага авъя гэж хэлтэл хүний
хэрэглэсэн сэрээ шидэх жишээтэй. Сэтгэл зүйн дарамт энэ мэтээр л ирдэг.
Гэхдээ эндээс бидний нэг сэтгэхүйн онцлог гарч ирнэ. Миний нэгэн
адил тэмцээнд оролцох гэж байгаа тамирчид хана нүдэж, хэрэглэсэн сэрээ
өгвөл тоохгүй байх. Учир нь тэд тэмцээнд оролцох гэж байгаа. Өмнө нь
чухал тэмцээн хүлээж байгаа учраас өөрсдийгөө тайван байлгахыг хичээхдээ
мэдсэн ч, мэдээгүй юм шиг өнгөрүүлээд сурчихсан байдаг. Тэд шууд
л "Хэрэглэсэн сэрээ байна. Солиулчих” гэж хэлээд л бол оо. "Хана нүдсэн.
Нүдэж л байна лээ” гэх жишээний. Гэтэл миний хувьд Монгол хүний цусан
дахь омгорхог зан маань дотроос хатгаад болж өгөхгүй.
Би тэндээс өөртөө их том дүгнэлт хийсэн. Хар арьстан эмэгтэйтэй
муудалцаж, хажуу өрөөнийхөө хаалгыг нүдэх хэрэг надад үнэндээ тэр цаг
үед хэрэггүй л байхгүй юу. Түүнийхээ оронд сэтгэл санаагаа тайван
байлгаж, тэмцээндээ анхаарлаа хандуулах нь зүйтэй юм.
Дарамтлах тоолонгоор дарагдана гэж юу байхав. Харин тэр бүхэнтэй
дасан зохицож, өөртөө эерэг хандлагыг төрүүлж явах нь хамгаас чухал юм
билээ. Яг тэр гадны тамирчид шиг зан чанарыг амжилт гаргахын тулд бид
яагаад суралцаж чадахгүй гэж бодогдсон шүү.
- Та
нэгэн үес энэ мэтээр "дарагдсан” маягтай цаг хугацааг өөрийн биеэр
туулсан болохоор магадгүй, рингэн дээр хүмүүсийн нэрлээд байдагчлан
"харгис” байдаг юм болов уу?
-/инээв/ Би ч уг нь амьдрал дээр даруухан хүн л дээ. Тэмцэж гарч
ирэхийн тулд яалт ч үгүй тийм ивээс хэрэгтэй болсон юм. Зан чанарын
гэхээсээ илүүтэйгээр миний тулааны онцлог юм. Магадгүй эрлэгдэж,
хурцлагдаж байдаг өнцөг нь ч байж болох. Тамирчин хүн бүрийн хувийн аяг,
ааш гэж байдаг шүү дээ. Тийм л илэрхийлэл гэж ойлгож болно.
Би зааланд ч тэр, рингэнд дээр ч аль болохоор зодоонч байхыг
эрмэлздэг. Надаас жингээр хавьгүй илүү 80, 90 кг-тай байсан ч би бээлий
өмссөн л бол зодохоо л урьтал болгоно. Миний энэ үйлдлээс улбаалан,
англичуудын дунд "Өө, энэ нөхөр тань заалан дотроо хэнийг ч ялгалгүй
зоддог юм байна” гэсэн ойлголтыг төрүүлэн, харгис нэр өгөхөд хүрсэн юм
билээ.
Би гадаадад тулалдаж байх хугацаандаа "Монголын дайчин” гэх нэрээр
дуудуулдаг байлаа. Энэ нэрээрээ ч дэлхий дахинаа танигдсан. Өөрөө ч энэ
нэрэндээ их дуртай. Тийм том нэр зүүчихээд нэг унжийсан амьтан яваад
байж болохгүй биз дээ.
-Та монгол дууны аян дээр үнэгэн малгай өмсөн, рингэнээ гарч ирдэг имижээ өөрөө зохиосон уу?
- Өөрөө санаагаа гаргаад л хэрэгжүүлдэг. Герман цэргийн малгайн
дээр хас тэмдэг зүүн, жанжин малгай, цацагтай вагон, цэрэг маягийн
хувцас дэглэж өмсөж байсан удаа ч бий. Гэхдээ барууныханд хамгийн их
таалагдсан нь үнэгэн малгайтай өмсгөл минь байлаа. Миний үнэгэн
малгайтай өмсгөлөөс тэд Сибирийн хүйтэн салхи дайрч өнгөрдөг Монгол
Улсын эрс тэс уур амьсгалыг ерөнхийдөө ойлгодог болсон. Бүр сүүлд нь
Монгол Улсынхаа төрийн далбаагаар хувцас хийн өмсөж, шүдний хамгаалалтаа
мөн тийм болгосон нь надад ч, барууныханд ч их таалагдсан. Энэ бүхэн нь
өөрийгөө болоод Монгол хүний эрмэг чанар, сэтгэлгээний онцлог
шинжүүдийг илэрхийлэн гаргах гэсэн санаанууд юм.
-Нэг талаараа таны эдгээр имиж тань өрсөлдөгчид рүүгээ чиглэсэн сэтгэлзүйн нөлөөллийн нэгэн хэсгүүд гэж хэлж болох уу?
- Тийм ээ. Би дээр энэ санаагаа тулааны онцлог хэмээн тодотгон ярьсан байгаа.
Нэг удаа урьд нь ялагдал хүлээж үзээгүй дэлхийн залуухан аварга,
өсвөр үеийн олимпийн аваргатай халз тулалдахаар болж, хэвлэлийн бага
хурал хийсэн юм. Бидний бүсийг зэрэгцүүлэн тавьсан байлаа. Манай багш
"Манай тамирчин хэнийг ч ялгалгүй зодно. Польшийн тамирчин гэрээ хийхээр
ирэнгүүтээ зодуулсан. Дараа нь эргэж ирээгүй” гэхэд Английн боксчин "Та
чинь харин нойр хүрмээр ярьдаг хүн байна даа. Яг унтах гэж байна” гэж
хариулсан.
Угтаа
нойр хүрэхдээ гол нь биш сэтгэлзүйд нь нөлөөлж байгаа нь тэр. Тактикийн
тулаан гэж чухамдаа энэ юм. Тамирчин хүний илэрхийлэл бүхэн нь ямар
нэгэн утгыг агуулж, тэр нь бусдад зохих сэтгэгдлүүдийг төрүүлж байх
ёстой.
-Ч.Цэвээнпүрэв гэдэг хүнийг ажиглаад байхад цаг ямагт л өөрийгөө
зоригжуулж, өөртөө эзэн байхыг эрмэлзсээр ирсэн амьдралын түүхтэй хүн
мэт санагдлаа. Энэ бүхэнд өсөж төрсөн орчин, гэрийн хүмүүжил их
нөлөөлсөн үү?
-Би багаасаа гудамжинд ноцолдож, адуу мал сургаж өссөн нь
тэвчээртэй, аливаад нугаршгүй байдлаар хандаж сургасан байж болох юм.
Манайх Түргэний голд нутаглаж, сайд нарын хонь малладаг айл байлаа.
Хажуугаар нь аав минь бугачин гэдэг мэргэжилтэй хүн байсан бөгөөд тэсвэр
хатуужил шаардсан жолооч ч хийж байлаа. Аав, ээжийн эрхлэж байсан
хөдөлмөрийн нөлөөлөл гэж хүнд байдаг. Яг энэ жишгээр бага насандаа
өөрийгөө хөдөлмөрөөр хөгжүүлж байсан юм шиг.
Яг энэ үүднээсээ хүмүүс намайг боксоор хичээллэж эхлэхэд зүгээр
ажил хийгээд сайхан амьдар гэх өнцгөөс хандаж л байсан. Гэхдээ би их
зөрүүд хүүхэд байсан болохоор боксоо орхиогүй. Өөртөө маш том зорилго
тавина, түүнийгээ биелүүлж чадахгүй бол маш их ичиж зовно.
Дунд нь бүдэрнэ, шургаж унана, хүмүүс намайг басамжилна, саад
бэрхшээл байнга тулгарна. Хаана очсон ч ялгаагүй. "Чам шиг юмыг хэн
мэддэг юм, чамайг Монгол хүн гэх үү” гэхчлэнгийн үг дагадаг байлаа. Тэр
бүхэн намайг их хурцалсан. Заавал тэмцэж, өөрийгөө хэн болохыг харуулах
унтаршгүй хүсэл зориг цээжинд минь үргэлж буцлаад байхад би тасралтгүй
хөдөлмөрлөж, хатуужиж, өөртөө эзэн байхаас өөр гарц үгүй биз дээ.
-Таны туршлага таны багш гэсэн санааг хэлэх гээд байна уу?
- Ер нь бол тийм. Би хорь гаруй жил практик байдлаар өөрөө
санаачилга гарган бэлтгэлээ хийж ирлээ. Энэ утгаараа зарим онолын багш
нартай зөрөлдөх тохиолдол гарна. Би бүхнийг биеэрээ мэдэрч туулж байна.
Ямар тохиолдолд миний булчин хэрхэн агшиж, сунаж байгааг, тэдгээрт нэмүү
ач тусыг өгөхийн тулд би өөрөө ямар дасгал хийх ёстойгоо мэднэ.
Хамгийн гол нь тасралтгүй бэлтгэлээ хийж, өдөр тутам суралцах,
өөрийн тулалдааны онцлог хэвшлүүдээ зохистой хөгжүүлэх, хадгалж байх нь
чухал байдаг. Ямар ч спортын төрөлд хэдий багаасаа суралцана, төдий
чинээ үр дүнг үзүүлдэг гэх нэг онол бий. Яг энэ утгаар би бүр хожуу 22
настайгаасаа боксын бэлтгэл хийж эхэлсэн болохоор арван хэдэн
наснаасаа бэлтгэгдсэн тамирчдыг гүйцэхийн тулд маш их хичээсэн. Ялангуяа
Англид тамирчид тав хоног бэлтгэл хийгээд хоёр өдөр амарч байхад би
долоо хоног бэлтгэлээ тасралтгүй хийдэг байсан.
-Тоглолт, тулаан гээд хоёр янзаар яриад байна. Мэргэжлийн боксын хувьд аль нь зөв нэршил юм бэ?
-Мэргэжлийн бокс сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа эрчимтэй хөгжсөөр
байгаа. Тийм ч учраас сонирхогчдын боксоос илүүтэйгээр мэргэжлийн
тулааныг сонирхож, хөгжилд нь түлхүү анхаарч байгаа. Сонирхогчдын боксыг
"тоглох”, мэргэжлийнхийг "тулаан” гэх үйл үгүүдээр хэлбэршүүлэн
нэрлэдэг. Мэргэжлийн бокс өөрөө олимпод ордоггүй учир нь ердөө л энэ.
Дэлхийн энх тайвны бэлэг тэмдэг Олимпод тулаан үзүүлэх нь зохистой бус
гэж үздэг. Манайд энэ төрлийн боксыг ганцхан тоглох гэдэг үгээр нэрлээд
байгаа нь буруу юм.
- Та санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байна?
- Мэргэжлийн боксчид ер нь өөрөө өөрсдийгөө санхүүжүүлэх замаар
анхлан гарч ирдэг. Багагүй хугацаанд ийм замаар явах нь ч бий. Миний
хувьд Англи, Авсралийн хоёр компанитай гэрээ байгуулан, тулааны бүх
асуудлуудаа шийдүүлдэг. Тулааны бооцоо үнэндээ цаасан дээр их харагдаж
байдаг ч маш өндөр татварууд төлөлт болон амьжиргааны өртөгтөө л
хүрэлцдэг гэж хэлж болно. Холбож өгч байгаа компани, багш, дасгалжуулагч
гэхчлэн бооцооны мөнгө хуваагддаг. Миний зиндааны тамирчид надаас
зодолдохоос аль болохоор тойрдог. Энэ нь миний тулааны арга барилтай
холбоотой. Мэдээж тэднийг тулалдах хүсэлт тавихыг хүлээгээд байвал миний
нас яваад өгнө. Тэгэхээр өөрөө ихэвчлэн саналаа тавьж, тулаанд дуудах
хэрэг гардаг юм. Энэ тохиолдолд өөрөө арай дээд түвшний тамирчдад санал
хүргүүлэх шаардлага үүснэ ээ дээ. Гэхдээ ч мэргэжлийн бокс, өөр бусад
ажлуудыг амжуулж, өдийг хүртэл амьжиргааны өртөг бусад зардлуудаа
зохицуулсаар ирсэн.
- Нэг ёсондоо танаас эмээгээд байдаг байх нь?
- Ямар ч тамирчин бооцоот тэмцээнүүдэд өөрөөсөө муу тамирчдыг
хялбархан ялах хүсэлтэй байдаг нь нууц биш. Энэ ч утгаар би зарим
жилүүдэд тэмцээнгүй өнжих тохиолдол ч гарна. Сайн тамирчид 300 орчим
тулаан хийсэн байхад би 40 гаруй тулаан хийж, 20 гаруйд нь хүнд
цохилтоор цэвэр ялалт байгуулсан байдаг. Дэлхийн айхтар мундгуудын
эгнээнд бол би байхгүй ээ /инээв/. Гэхдээ нэг тийм "айлгаад” байдаг
чанар байна.
- Та ОУХМ С.Шинэбаярыг анхлан Их Британи улсын боксын спорт руу хөтөлсөн түүхтэй хүн?
- Англид улсаасаа анхлан очиж, бэлтгэл сургуулилтаа хийнгээ,
томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, басхүү дээр
ярьсанчлан "дарагдаж” /инээв/ явахдаа боксчин С.Шинэбаярыг би өөрийнхөө
араас авч гарсан. Их Британийн аварга болтлоо өсөн дэвжсэн С.Шинэбаяр
маань одоо өөрийн гэсэн клубтэй болж, англи хүүхдүүдийг дасгалжуулж
байна. Англичуудын зүгээс С.Шинэбаярт заал, техник гэхчлэнгийн бүхий л
хэрэгцээг нь хангаж өгсөн. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд С.Шинэбаяр одоо
үнэтэй, хэрэгцээтэй хүн болсон гэсэн үг. Гадаадад өөрийгөө ингэж
үнэлүүлээд явж байгаа олон монгол хүмүүс бий. Гадныхан манайхаас илүү
хүний үнэ цэнийг мэдэрдэг улс болохоор шаардлагатай бүхий л талын
туслалцааг үзүүлдэг. Тэд үүнийх нь хариуд гадаад хүүхдүүдэд өөрийн
сурсан мэдсэнээ зааж байгаа. Гэхдээ би арай өөр бодолтой явдаг.
Би Шотландад 10 гаруй мянган мод тарьсан
- Таны "арай өөр бодол” тань нэг хэсэг хугацаанд Монголд саатахад хүргээд байна уу?
- Миний хувьдМонголынхоо залуучуудад сурсан мэдсэнээ хуваалцах
дуртай. Байнгын л бэлтгэлийнхээ хажуугаар тамирчдаа бэлтгэх ажлаа давхар
амжуулж байна. "Шинэ үеийн мэргэжлийн боксын холбоо”-г байгуулан,
Европийн боксын холбоотой хамтарч ажиллах талаар яриа хэлцлүүдийг хийж
байна. Одоо бол манайд холбоо байгаа хэдий ч тамирчид дутмаг байгаа.
Учир нь дээр хэлсэнчлэн, Монголд мэргэжлийн бокс хөгжиж эхэлж байна.
Сонирхогчдын боксыг дэлхийд нэр хүндтэйгээр авч явах үүднээс энэ төрлөөс
тамирчин мэргэжил рүү элсүүлж болохгүй.
Тэгэхээр шинээр сайн шавь нар бэлтгэх асуудал нэн чухал болоод
байгаа юм. Тэдний хувь хүний төлөвшил, нийгэмд эзлэх байр суурь,
спортдоо гаргах амжилт гээд бүхий л талаас нь бэлтгэхийг зорьдог. Миний
бэлтгэсэн хүүхдүүд бүгдээрээ аварга болох албагүй. Хамгийн гол нь маш
сайн төлөвшилтэй, өв тэгш бие бялдартай хүн болох ёстой гэж
үздэг. Тиймээс монгол ахуй, түүх соёл, уламжлалын үнэ цэнийг шавь нартаа
мэдрүүлэхийг хүсэн ажиллаж байгаа. Монголын түүх, угсаатан зүйг
сонирхон уншиж, шүлэг яруу найраг, дуу хөгжимд ч анхаарлаа хандуулж, эх
орондоо байх хугацаандаа тайван, юм юманд чих тавьж амьдрахыг хүсдэг гэх
үү дээ.
- Нийгмийн чанартай ажлуудад анхаарлаа хандуулах сонирхолтой болоод байгаа хэрэг үү?
- Сүүлийн хэдэн жилүүдэд дан ганц спорт хөөгөөд яваад байлгүй
нийгмийн идэвхтэй амьдарч, хүмүүст хэрэгтэй, тустай ажил үйлс хиймээр
санагдсан. Энэ үүднээс 2009 онд гэр бүлийнхээ хүнтэй хамтран "Эв
найрамдлын хүч” ТББ байгуулан амьдралын бололцоо муутай хүүхдүүдэд
бэлтгэл сургуулилт хийх боломжийг ханган өгөхөөр ажиллаж байгаа. Мөн
эрүүл хооллолтын тухай "Хэрэв та эрүүл амьдрахыг хүсвэл” гарын авлага,
зөвлөмжийг хоёр удаа гаргасан. Цаашид ч бас гаргана.
- Спортын хүн гэнэт эрүүл хооллолт яриад эхлэхээр хүмүүст их содон сонсогдсон байх даа?
- Эрүүл хооллолт бол амьдралын хамгийн чухал ойлголтуудын нэг. Хүн
бүрийн мэдэж байвал зохих сэдэв. Гэтэл өнөөгийн манай улсын нийгмийн
сэтгэлгээ нь бэлэн юм хайх сэдлээсээ улбаалан эрүүл мэндээ бас гаднаас
хайх гээд байдаг болчихсон. Нэг лектор хүний яриа сонсох, сүлжээний эм
уух гэх мэтээр эрүүл мэндээ бусдад даатгаж байна. Гэтэл хүний эрүүл
мэнд, эрч хүч өөрт байдаг. Эрүүл аж төрөх нь өөрийн мэдлийн ухаан юм.
Нөгөө талаас бид юм л бол барууныхныг дууриах гээд байдаг
хандлагатай болжээ. Гэтэл үнэндээ барууныхан өөрсдөө бидний уламжлалыг
сонирхож, хүндэтгэн үзэж байна. Харин бидний хувьд гадныхныг шүтэх
өвчнөөр өвчлөх болсноор нийгмийн бүхий л хүрээнд соёл, хэрэглээ, хууль
эрхзүйн орчин нь бүхэлдээ эрлийз маягтай болчихоод байгаа нь харамсал
төрүүлэх юм.
Монголчууд "Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэж
ярьдаг. Баруунд тэрхүү бухын хүзүүний арьсаар тулааны хэрэглэлүүд
хийдэг. Ямар хатуу, бат бэх чанартай нь эндээс харагдаж байна, тийм
үү. Яг ийм засаж залруулахад бэрхтэй эрлийз хэв маяг руу бид гулсан орж
байна шүү дээ.
- Таны харж байгаагаар монголчууд тэвчээр муутай байна уу?
- Монголчууд бид чинь жаахан юмыг дэвэргэж, хоорондоо муудалцан,
зодоон нүдээн дээрээ тулдаг хүмүүс. Шалихгүй юман дээр дуугардаг
мөртлөө амьдралд нь нөлөөлөхүйц томоохон асуудлууд дээр амнаасаа үг
унагахгүй. Тухайлбал, баруунд бензиний үнэ жаахан өсөхөд л тээвэрлэлтийн
машиных нь замыг хүмүүс хааж зогсчихоод явуулахгүй, хэдэн байшин
түймэрдэж байж л санаа нь амарна. Улс орныхоо эдийн засагт дээд зэргээр
хяналт тавьж, эсэргүүцлээ илэрхийлж чаддаг. Түймэр тавьж эсэргүүцлээ
илэрхийл гэсэн үг биш шүү. Өөрийнхөө амьдралд нөлөөлөхүйц асуудлууд дээр
дуугарч бай л гэсэн санаа. Гэтэл манай улсад сүүлийн хэдэн жилийн
туршид валютын ханш өсөж байна. Бид дуугарч, дуу хоолойгоо нийлүүлж
чадаж байна уу. Үгүй ш тээ. Тэгсэн мөртлөө гудамжаар яваа санамсаргүй
шүргэлдсэн хүмүүс хоорондоо хэрэлдэж, зодолдоно. Цаг ашиглалт маш
муутай.
- Цаг ашиглалт харин сайжирч байгаа юм биш үү?
- "Ялихгүй юманд ямааны гарз” гэдэг үгийн утга энд явж байгаа биз
дээ. Төлөвлөгдсөн цагаа тэр зүйлдээ чанартай зарцуулахдаа маруухан гэж
хэлнэ. Би шавь нартаа ч энэ үгийг хэлдэг. Та нар надтай байх хоёр
цагийнхаа хугацаанд бэлтгэлээ сайн хий. Тэгээд л гэртээ очиж амар.
Бэлтгэлийн дундуур битгий залхуур гэж хэлдэг. Тамирчин хүний анхаарал
төвлөрөлт, өөр юманд сатаардаггүй байдал амжилтын хөтөч болсоор ирсэн.
- Монголын нийгмийн өнөөгийн байдал таныг нэлээд бухимдуулдаг бололтой?
- Бухимдах зүйл олон байна. Би Монголдоо ирээд тал нутгаараа их
явдаг. Миний усанд орж өссөн нуур минь ширгэсэн байна лээ. Монголын
газар нутагт цөлжилт ихээр явагдаж байна. Өнөөдөр Монгол оронд гадны
хөрөнгө оруулалт ихээр орж ирж байгаа сайн талтай хэдий ч бид энэ цаг
үедээ байгалийн баялагтайгаа дэндүү хайр гамгүй харьцаж байна. Яг энэ
байдлаас үүдэн экологийн тэнцвэрт байдал алдагдаж эхлээд байгаа. Цөөн
хэсэг нь ярьж үглээд байхад л нөгөө хэсэг нь өөрт ашигтай байвал болно
гэсэн зарчмаар ажлаа явуулаад байх шиг санагдах юм.
- Барууны ногоон орчин санаанд тань орсоор байгаа хэрэг л дээ. Энд их өөр...
- Баруун бол үнэхээр атаархмаар байдлаар ногоон орчноо
бүрдүүлснээрээ туйлаас онцлогтой юм. Бүхий л орчин нь ногоон. Анхандаа
би их гайхдаг байлаа. Хөлбөмбөгийн талбай нь хүртэл яагаад ийм цэвэрхэн,
ногоон хэвээрээ байгаад байна гэж бодно. Эрс тэс уур амьсгалтай улсын
иргэн хүн чинь ингэж боддог юм билээ. Тэгээд ойлгож эхэлсэн.
Ногоон орчноо эвдэлж сүйтгэх эсэх нь төрийн мэдэлд байдаг. Энэ хууль айлын хашаан дахь модонд ч хамаатай.
Тэндэхийн нэгэн оршин суугч өвгөн хоёр давхар байшингийнхаа урд
талд ургадаг моддыг тайрахаар шийдэж л дээ. Хэт өндөр ургасан учраас
гэрэл хаагаад байсан учраас тийм шийдвэр гаргасан байгаа юм. Тэгээд
тайрахаар зэхэж байтал хотын захиргаанаас хүн ирж, тайрахыг хориглон,
сануулга өгчээ. Өвгөн ч учир байдлаа тоочиж. Гэхдээ хэрэгсээгүй байна.
Торгууль ногдуулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэнэ гэдгээ албан ёсоор
мэдэгдээд явсан байгаа юм.
Тэгэхээр нь өвгөн модоо хажуу талаас нь ухаад, авто масло хийж
орхиж л дээ. Ингээд мод үхэнгүүт, хотын захиргаанд хандан, миний мод
үхсэн тул буулгалаа гэж хэлснээр зөвшөөрөл авч байх жишээтэй. Тэрхүү
иргэн хэдийгээр буруу зүйл хийж байгаа ч, түүнийг тийм байдалд оруултал
нь байгалиа хамгаалдаг хатуу чанд хууль хэрэгжиж байгаагийн нэгэн
баталгаа энэ шүү дээ.
Яг энэ мэт хатуу чанд, нарийн заалт бүхий хуулиуд манайд үгүйлэгдэж байна.
- Олон нийтийг ногоон орчинд анхаарах үзлийг нь ихээхэн дэмждэг тал бас байна?
- Дэлхийн аль ч улсын хууль энэ үзэл рүү чиглэсэн байгаа. Харин
бодит байдал дээр ажил хэрэг болох эсэх нь тухайн улсын иргэдийн
ухамсар, сэтгэхүйгээс ихээхэн хамаардаг юм шиг. Тухайлбал, би Шотландад
амьдарч байхдаа 10 гаруй мянган мод тарьсан. Олон нийтийн сүлжээгээр мод
тарих уриалга их явуулдагтай холбоотой. Туслаж дэмжих, хамтран тарих
хүмүүс их олддог сайн талтай. Энэ хүмүүс тань улсынхаа өмнө хүлээсэн
үүргээ биелүүлэх чин хүсэлтэй байгаад байна. Тэр зан чанар нь өөрөө
үндэстний баялаг юм. Ядаж л хүүхдээ ямар ч материаллаг байдлаар
дутаахгүй, сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлэх нь төр улсдаа сайн үйл
хэрэг хийж байгаа явдал юм шүү дээ.
- Энэ бүх байдлаас гарахын тулд Монгол Улс хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай юм бэ?
-Хамгийн түрүүнд хүнээ анхаарах хэрэгтэй. Залуу үедээ үүх түүхийн
үнэ цэнийг мэдрүүлж, танин мэдүүлж, соён гэгээрүүлэх ажлуудыг зөв
тусгалаар хиймээр санагддаг. Тэдний оюун санаанд чиглэсэн томоохон
ажлуудыг хийж, дархлаатай болгох нь зүйтэй мэт. Аль нэг шашны ч юм уу,
бурангуйн ухуулга сурталчилгаанд автчихдаггүй, ноён нуруутай, өв тэгш,
эрүүл залуусыг төлөвшүүлмээр байна. Энэ мэт ажлуудад бага ч болов нэмэр
тусаа өгөх юм сан гэх үүднээс элдэв ажлуудыг санаачлан хийгээд л явж
байна.
Манайд хүнээ дэмждэг, оюунлаг хүмүүсээ үнэлдэг систем үнэхээр их
үгүйлэгдэж байна. Монгол хүний үнэмлэхүй чадамжийг гадныхан өндрөөр
үнэлээд байхад манайх яагаад тоохгүй, тийм хүмүүсээ сонсохгүй байгаа юм
бэ гэдэг нь өөрөө их гажуудалтай асуудал.
Надтай хамт Англид амьдарч байсан олон мундаг залуу байна.
Тухайлбал, саяхан Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн Г.Нацагням, нүдээ
шүдэнзний модоор дэвхдэж байгаад хичээлээ хийдэг, орой нь цагийн ажлаа
амжуулдаг байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар байна.
Ийм л хүмүүс өнөөдөр Монгол Улсад хэрэг болно, бусдыг манлайлан
хошуучилна шүү дээ. Тэднийхээ оюун тархин дахь тэр чадамжийг улсдаа,
нийгэмдээ ашиглах хэрэгтэй.
- Ярилцсанд баярлалаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2979
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих