Энэ удаагийн дугаартаа "Guys"' хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяртай ярилцлаа. Түүнийг "Rес"дуу бичлэгийн студи, "Imagination" фильмийн захирал, ая зохиогч, найруулагч гээд урлагийн олон салбарт уран бүтээл туурвиж байгаагаар нь үзэгчид андахгүй.
-Ярилцлагаа таны оюутан цагийг дурсч эхэлье. СИУС-д элсэн орох гэж гурван удаа шалгалт өгч байсан гэж сонссон юм байна?
-Тэгсэн
шүү. Гурван удаа шалгалт өгсfн. Дунд сургуульд сурч байхдаа МУГЖ,
дуучин Б.Сарантуяа эгчийн ард бүжиглэдэг байлаа. Уг нь би өөрөө дуучин
болно л гэж боддог л доо. Эхний жилдээ СУИС-д дууны шалгалт өглөө. Урд
Найдалмаа, Хайдав, Жамъяндагва гээд л багш нар суугаад л. Тэгээд "Дуугаа
дуул" гэхээр нь орчин цагийнхаа дууг дууллаа. Тэгсэн чинь нөгөө багш
нар чинь савж унаад л, надаас "Урлагийг чи юу гэж боддог вэ" гээд асууж
байна. Би ч "Урлагаар улс орны хөгжлийг тодорхойлж болно" гээд л
хэлчихлээ. Тэгсэн намайг "Чи дуучин болох хүн биш ээ. Гэхдээ чамд нэг юм
харагдаад байна. Жүжигчний ангид шалгалт өгөөд үз" гэдэг юм байна.
Ингээд л хасагдчихсан.
Дараа жил нь жүжигчний ангид шалгалт өглөө. Хэрэв тэр жилдээ орж чадсан бол би жүжигчин Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ нарын ангид орох байсан. Тэр жилдээ бас л өөрөөсөө болоод уначихсан. Тэгээд нэг жил станцад гагнуурчин хийлээ. Цалин мөнгө олоод л гэрийнхэндээ нэмэр болж байгаа юм. Дараа жил нь СУИС-ийн дэргэд Г.Жигжидсүрэн найруулагч анги авч байна гэхээр нь яваад очсон. Шалгалт өгөөд тэнцлээ. Ангийн дарга ч боллоо. Надаас бусад нь бараг бүгд урлагийн сургуулиас шилжиж ирсэн хүүхдүүд байсан даа. Тэгээд хавар нь жинхлэх шалгалтаа өгч тэнцээд СУИС-ийн оюутан болж байсан юм. Оюутан байхдаа их хөдөлгөөнтэй байсан. Нэг талаас азгүй ч гэх юм уу. Ямар нэг хэрэг төвөг болохоор яагаад ч юм би тэнд нь явж л байдаг. Их дэгдэгнэсэн хүүхэд байсан юм шиг байгаа юм. Оюутан байх хугацаандаа СУИС-аас их олон удаа хөөгдөх дээрээ тулж байсан даа.
-Оюутан
насных нь хамгийн сайхан дурсамж "Guys" хамтлагтай нь салшгүй холбоотой
байх. Хамтлаг анх байгуулагдаж байсан үеийн тухай дурсвал?
-Хамтлагийн
маань хамгийн эхний дуунууд "Зүгээр л", "Сонсч бай" нэртэйгээр гарч
байлаа. Би СУИС-д орохоосоо өмнө "Нэг хороолол" гэж хамтлаг байгуулж
байсан юм. Тэгсэн тэр хамтлагийнхан маань амьдралын шаардлагаар
тарчихсан. Дахиад "Хэт даврагсад" гээд хамтлагт дуулж үзлээ. Бас
бүтээгүй ээ. Тэгээд СУИС-д оюутан болсны дараа манай ангийн Лхагваа
надтай их төстэй юм сонсоод байгаа харагдлаа. "Еast 17", "2Рас", "ТLС"
гэх мэт тухайн цаг үеийн арай хэмнэлтэй дуунуудыг сонсоод байна.
Тэгэхээр нь Лхагваагаас "Би нэг ийм хамтлагтай байсан юмаа. Тэгээд энэ
дуунаасаа холдож чадахгүй байна. Чи надтай хамтлаг байгуулах уу" гээд л
асуучихлаа. Манай хүн дуртай зөвшөөрч байна. Ингээд хоёулаа болчихоод
"Залуу нас" гэж дуутай боллоо. Гэтэл дуу маань яг сонсохоор нэг л биш
ээ. Яг л нэг басс юмуу баритон хоолой хэрэгтэй юм байна гээд л хоорондоо
ярилцлаа. Манай ангид байсан ганц бүдүүн хоолойтой нь манай Мягмар.
Гэтэл. нөгөө Мийгаа маань бид хоёрын стилиэс их хол хүн байлаа /инээв/.
Юу ч гэсэн асуугаад үзье гэж бодоод асуулаа. Зөвшөөрч байна. Ингээд л гурвуулаа болсон. Гэхдээ Мийгаа эхэндээ "Энэ хоёр дандаа л сонин юм ярьж байх юм. Энэ хоёрын хамтлаг гэж юу байдаг юм. Гэхдээ за гээд хэлчихье" гэж бодсон гэсэн /инээв/.
Тэгээд гурвуулаа нөгөө "Залуу нас" гээд дуугаа бэлтгээд л байлаа. Бас арай биш ээ. Тэгтэл манай ангид шинээр нэг хүүхэд ирлээ. Тэр нь Х.Бат-Ундрал. Уугий бид хоёр нэг дор өссөн хүүхдүүд л дээ. Гэхдээ тийм сүрхий харилцаатай байгаагүй. Өмнө нь манай хүн "Зэрлэг цэцэг" гээд хамтлагтай байсан юм. Тэгээд нэг өдөр хичээлээ тараад явж байхдаа "Би Мийгаа, Лхагваа хоёртой хамтлаг байгуулж байгаа. Чи манай хамтлагт орох уу" гээд хэлээд үзлээ. Тэгсэн чинь над руу аймаар том харснаа "Тэгье" гэдэг юм байна. Ингээд л хамтлаг бүрдсэн дээ. Хичээлээ тараад л Уугийгийндаа очоод дуугаа бэлтгэдэг байлаа.
-Хамгийн анхны фэнүүд нь мэдээж ангийнхан нь байсан байх?
-Яг
л ангийнхан. Бид хэд муу гитартайгаа ч дуулна, арай гэж хийлгэсэн
фонограмтайгаа ч дуулна. "Элькондор" хамтлагийн Амараа ах. Болорхүү
ахаар бичлэгээ хийлгэнэ. Тэд маань биднийг оюутан юм чинь гээд харж
үзээд 10 мянган төгрөгөөр хийж өгнө /инээв/. "Ритм" гээд студид бичлэгт
ордог байлаа. Эхний "Залуу" нас, "Дурсамж" дуугаа гаргасны дараа
ангийнхандаа сонсголоо. Нөгөө хэд чинь өмднөөс татаад л, худлаа ухаан
алдаж унаж мэдрэлтээд л. Хаанаасаа ч тэгдэг гээд харчихсан юм бүү мэд.
Анхны тайз бас их сонирхолтой. Уугий бид хоёрын сандрал бас арай гайгүй.
Тайзан дээр гараад харсан чинь нөгөө хоёр маань харагддаггүй. Тэгсэн
яригчны ард орчихсон дуулж байна. Нөгөө хоёртойгоо бүжгийн бэлтгэл
хийдэг боллоо. Тухайн үед тоглолтонд орохоор нэг гараа нь 25 мянган
төгрөг байлаа. Оюутан цагийн 25 мянган төгрөг гэдэг чинь маш их мөнгө
шиг санагддаг байлаа. Удалгүй "Дурсамж" дуу маань РМ радиогийн хитэд
гурван долоо хоног тэргүүлээд систем хөгжмөөр шагнуулж байлаа. Тийм
гурван ч хөгжимтэй болж байсан юм байна.
-Хамтлагийн ихэнх фэнүүд охид байсан байх. Фэн охидоосоо хэр их бэлэг, захидал авч байв?
-Авдаг л байсан. Гэхдээ манай нөгөө гуравт надаас илүү ирдэг байсан шүү.дээ. Ялангуяа Лхагваад бүр их ирдэг байсан /инээв/.
-Хамгийн анх ямар дүрээр камерийн өмнө гарч байв. Миний санаж байгаагаар "Тавилан" байсан байх?
-Нэгдүгээр
курс төгсөх үед "Урлагийн ажилтны холбоо"-ны захирал Одгийв ах, Аси ах,
найруулагч Баяраа ах нар намайг пробонд оруулна гээд аваад явсан. Яваад
очсон чинь манай нөгөө ангийн Ч.Ундрал, дээд ангийн Б.Амарсайхан эд нар
сууж байна. Маргааш нь сургууль дээр сууж байсан чинь Баяраа ах багштай
намайг кинонд авч явах зөвшөөрөл авах гээд уулзаж байна. Ингээд л
тэнцсэнээ мэдсэн. Энэ нь "Тавилан" кино байсан. Хамгийн анхны камерийн
өмнө гарсан дүр минь юм даа. Энэ үед хамтлаг маань ч "Эмзэгхэн хайр",
"Тавилан" гэж дуунуудаа гаргаж байлаа.
-Оюутан байх хугацаандаа "Guys" хоёр ч тоглолт хийсэн санагдана?
-Оюутан
байхдаа манай хамтлаг хоёр тоглолт хийж амжсан. Бид 2001 онд СУИС-ийг
Г.Жигжидсүрэн, Н.Уртнасан, Н.Ганхуяг гэсэн гурван багшийн удирдлаган дор
төгссөн. Манай анги нэг кино, хоёр жүжигтэй төгсч байлаа. "Бидний
найзын дурлал" гэж кино найруулаад, тэрнийхээ "Хайрын бүжиг" гэж дууг
зохиож байсан даа. Кино маань театрт гарч, "Гамлет", "Цаг өөр болжээ"
гэж хоёр жүжиг тавьж байлаа.
-"Зун орсон цас" тоглолтын тухай ярья. Тухайн үедээ 1000 ам.доллараар тоглогдлоо гээд их л шуугиан тарьж байсан даа?
-2005
онд тоглосон тоглолт. Театрын номонд "Монголын анхны рок попын мюзикл"
гэж бичигдсэнд баярладаг. Энэ бол манай хамтлагийн хувьд нэр төрийн
хэрэг. Бүх дуунуудаа оруулах, хөгжмийн найруулгыг нь шинэчлэх,
жүжиглэлт, тайз засалт гээд их л хөдөлмөр зарсан тоглолт л доо. Нэлээд
их бодож байж хийсэн. Яг "Валентины баяр"-ын өдөр 1000 ам.доллараар
тоглосон. Нийтдээ 16 хос ирж үзсэн. Харин маргааш нь 100 ам.доллараар
тоглосон. Тэрний дараа нэлээд их шүүмж ирж байлаа. Тухайн үед ямар ч
тоглолтын тасалбар 5-8 мянган төгрөг л байсан шүү дээ. Тэрний хажууд
1000 ам.доллар гэдэг аймаар сонсогдсон байх. Тэгээд ард түмэндээ
толилуулах хэрэгтэй гэж бодсон. Ингээд 10 мянган төгрөгөөр бүтэн сарын
турш тоглосон. Үнэхээр сайхан, мундаг тоглолт оолсон. Өнөөдөр яг манай
"Зун орсон цас" шиг бүтэн сарын турш танхим дүүрэн үзэгчидтэй тоглосон
тоглолт ховор шүү дээ. Бас манай хамтлагийн хувьд хамгийн сүүлийн
тоглолт байсан даа.
-СУИС-д элсэх гэж гурван удаа
шалгалт өгсөн гэж ярилаа. Заавал урлагийн хүн болох гэж тэмүүлсэн тэр
шалтгаан юу байсан бол. Урлаг гээч зүйлийн чухам юунд нь тэглээ их
татагдсан юм бол оо?
-Эхний удаа шалгалтандаа уначихаад
гудамжаар уйлаад явж байхад надад өөр юу ч бодогдохгүй байсныг санаж
байна. Хоёр дахь шалгалтандаа унахад нүдэнд юу ч харагдахгүй болж
байсныг бас санаж байна. Урлаг гэдэг зүйлд нэг гэрэл гэгээ харагдсан
байх. Миний зүрх сэтгэл тэнд байгаа гэрлийг олж хараад л тэмүүлээд
байсан байх. Одоо ч үүндээ их баярладаг. Уг нь бол манай аав ээж намайг
инженер юмуу хуульч болгоно гэдэг байсан. Яг энэ шийдвэрээ гаргахын тулд
би гэрээсээ зугтааж байлаа. СУИС-д шалгалт өгөхийн тулд өвлийн хүйтэнд
зуны гуталтай бэлтгэлээ тараад алхдаг л байсан. Гэтэл одоо хүссэн
мэргэжлээ эзэмшээд 13 жил болчихож. Энэ хугацаанд 80 гаруй дуу зохиосон
байна. 30 гаруй дэлгэцийн уран бүтээлд ажиллалаа. Өөрөө зохиолыг нь
бичиж, найруулсан киноны тоо бас 10-аад болчихсон байна. Театрын бүтээл ч
бас хоёр гурав болчихлоо. Яахав явж л байна. Ямар ч байсан "Энэ муу юм
хийчихлээ" гэж хүнд муу хэлэгдэхгүй л явж байна. Би ч өөрөө их чимээгүй
хүн юм. Нэг их айхтар гял цал өнгө будаг, элдэв чимэгтэй амьдралд дургүй
болохоор өөрийн өмнөх юмаа хийгээд явж байя гэсэн бодолтой амьдардаг
хүн. Одоо байгаадаа сэтгэл хангалуун байна даа.
-Сүүлийн
үед жүжигчид, найруулагчид маань өөрсдөө кино зохиол бичих нь ихэсчээ.
Энэ юутай холбоотой юм бол оо. Яг найруулагчийн хүссэнээр, мэргэжлийн
түвшинд кино зохиол бичих зохиолч дутмаг байгаатай холбоотой юу. Өөрөө
бичээд найруулах нь найруулагчдад ажиллахад дөхөм байдаг уу. Эсвэл бүр
санхүү хэмнэх гэсэн арга уу?
-Урлаг мөнгөөр үнэлдэг, хийдэг
зүйл биш. Энийг санхүү хэмнэх арга гэж хэлж болохгүй. Юм хоёр талтай л
байх л даа. Гэхдээ кино ч бай театр ч бай угаасаа л зохиол хамгийн
чухал. Би өөр дээрээ аваад үзье л дээ. Би өөрөө бичих маш их хүсэлтэй
хүн. Тийм болохоор өөрийнхөө хүчийг сорьж үзэж байна. Дээрээс нь кино
зохиолч, жүжгийн зохиолч үнэндээ ховордсон байгаа нь нөлөөлж байгаа
байх.
-Сүүлийн үеийн уран бүтээлчид хэт их гадныхныг
дуурайж, Монгол ахуй гэж зүйлээ үгүйсгээд байх шиг. Энэ тухайд таны
бодол ямар байдаг бол?
-Миний үе бол миний л үе. Гэхдээ
бидний дээр байсан алтан үеийнхэн, миний багш нар, тэнгэр болсон мундаг
хүмүүс минь биднийг дээрээс харж л байгаа. Тэд бидэнд юу үлдээсэн бэ
гэхээр тухайн цаг үеийнхээ монголын нийгмийн амьдралыг, тэр тусмаа
монгол хүний зүрх, сэтгэл төрхийг зүй ёсоор үлдээсэн байдаг. Харин
бидний нэг алдаа юу вэ гэхээр хэт их барууныг дуурайж байгаа явдал.
Нийгэм бидний сонголтыг зангидаж байгаа. Гэхдээ өнөөдөр бид алдаад
байна. Монгол зан заншил, монгол ахуй, монгол хүний ухаан гэж зүйлээ
алдаад л байна. Энэ бүхэн урлагаар дамжиж л үлдэх ёстой шүү дээ. Бид
өөрсдөө тэр үлдэцүүдээ устгаад байгаа ч байж магадгүй.
-Сүүлийн хадэн жил дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллалаа. Жүжигчин хүний хувьд тайзны уран бүтээлд ажиллах бодол байна уу?
-Чи
яг миний аазгай хөдөлгөөд байгаа зүйлийг л асуучихлаа даа. Кино урлаг
руу хэсэг хугацаанд орлоо. Одоо тайзны уран бүтээл рүү орох санаатай л
байна. Төлөвлөгөөнд орсон байгаа. Он гаргаад "Валентины баяр"-т
зориулсан хоёр хүний жүжиг тавихаар ажиллаж байна. Нийгэмд байгаа
зүйлийг харуулах гэж, бодсоноо хийх гэж хичээж байна.
-Зохиосон дууны шүлэг, өгүүлэгүүдээрээ ном гаргах төлевлөгөөтэй байгаа гэж байсан. Энэ номын ажил хэр явж байгаа вэ?
-Явж
л байна. Ихэнх материалууд нь бэлэн шахуу байгаа юм л даа. 1995 оноос
хойш бичигдсэн шүлэг, ганц хоёр өгүүллэг багтана. Кино зохиол ч багтаж
магад. Аятайхан юм гаргах гээд хичээж байна. Түүнээс заавал мөнгө олох
гээд, миний тухай хүмүүс бичээсэй гэсэндээ биш. Бас заавал миний
ертөнцийг ойлгоосой гэсэндээ ч биш юм л даа. Миний бичсэнээс нэг өнцөг
олоод харахад л хангалттай.
-Кино, жүжгийн хөгжмийн ажилд бас анхаараад байх шиг. Хөгжмийн зохиолч гэсэн тодорхойлолт бас таныг дагах болж?
-Надтай
хамтарч ажилладаг Хишигбүрэн гээд хөгжмийн зохиолч бий. Ая аялгуу
гаргана, дууны ая гаргана, шүлэг бичнэ гэдэг маань нийлмэл урлаг шүү
дээ. Бас оролдож үзэж л байна. Хөгжмийн зохиолч гэх нь хаашаа ч юм.
Гэхдээ ая зохиогч гэвэл илүү ойрхон сонсогдож байна. Сайн муу
хэлэгдэхдээ гол нь биш. Гол нь надад хийсэн зүйл байгаа гэдэг нь чухал.
-Залуу
уран бүтээлчид хамтраад "Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл" гээд байгуулж
байсан. Үүний үр дүнд "А-Саррellа" хххамтлагийн анхны цомог, "ТВ
Коктейль" хамтлагийн нэвтрүүлгүүд, "Guys"-ын уран бүтээл үүд ар араасаа
гарч байсан. Мөн "Сайн уу, амьдрал минь" кино хийгдсэн. Гэтэл яагаад энэ
ажил зогсчихвоо?
-СУИС-ийн төгсөгчид, гурван хамтлагийн
нэгдэл байсан л даа. Эхний уран бүтээл "Сайн уу, амьдрал минь" ч
амжилттай боллоо. Манай хамтлагийн "Му UВ", "А-Сарреllа"-ийн цомог ч
гарлаа. Маш амжилттай болсон. Гэхдээ төвөгтэй асуудал хаа ч байдаг шиг
байгаа юм. Өнөөх л мөнгөний асуудал. Хүмүүс үнэнийг мэдэх хэрэгтэй байх л
даа. Дээрээ суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж үг бий.
Ерөнхийдөө тиймэрхүү л юм болсон. Биднийг удирдаж чиглүүлдэг байсан,
зангиддаг байсан М.Болд хүн зарим хэсэгтэй нь маргалдсан. Зарим хэсгийг
нь өөртөө урвуулж авах гэсэн. Нэг тиймэрхүү үл ойлголцлууд ар араасаа
гарсан даа.
-Хүмүүс "Guys"-ынхан хоорондоо мөнгөний асуудлаас болж маргалдсан гэж ярьцгаадаг юм билээ?
-Яахав
тухайн киноноос хангалттай мөнгө орж ирсэн нь үнэн. Манай Уугий
"Хэдүүлээ сайхан хувцаслая, амаръя" гээд урагшаа явах санаачлага
гаргасан. Тэрийг нь ч бид дэмжсэн. Бид залуу хүмүүс шүү дээ. Яагаад явж
болохгүй гэж. Нэлээд их хэмжээний мөнгө зарцуулсан л даа. Яваад ирсний
дараа М.Болд ах эсэргүүцсэн. Уг нь "Сайн уу, амьдрал минь" киноны дараа
дахиад нэг кино хийнэ гээд зохиолыг нь бичиж эхэлсэн байлаа. Гэтэл бөөн
хэрүүл маргаан гарч бүтэхгүй болсон. Тухайн үед М.Болд ах манай талаас
ганц нэг гишүүдийг минь сугалж аваад хооронд нь эсрэгдүүлсэн л дээ.
Хүмүүсийн хоорондох хандлагыг их сонин болгоод хувиргачихсан. Тэгээд л
бутарсан. Би ч их гомдсон. Одоо бол гомдоод яахав дээ. Хүнийг уучлах
хэрэгтэй. Эв зүйгээ олох хэрэгтэй. Хүн хэлэх ёстой үгээ хэлэх хэрэгтэй л
дээ. Өмнө нь надад ингэж хэлэх боломж гарч байсангүй. Гэхдээ үнэн юм
үнэнээрээ сайхан. Хэн байгаад хэн болсноо мартаж болохгүй гэж үг бий.
Тэгэхээр тэр хүн ч гэсэн яагаад ингэсэн тухайгаа хэлэх хэрэгтэй л байх.
Үнэхээр чаддаг юм бол буцаагаад цуглуулах хэрэгтэй. Буруугаа хүлээх
ёстой. Тийм зориг хэрэгтэй л дээ.
-Тэрнээс хойш
хамтлагаараа уран бүтэл хийсэнгүй. Хоорондоо ярилцаж төлөвлөсен зүйл
байгаа юу. Фэнүүдийн дунд нэлээд хүлээлт байдаг байх?
-"Сургууль
минь баяртай"-гаас хойш хамтлагаараа уран бүтээл хийсэнгүй ээ. Бараг
таван жил өнгөрч. Бас бусдын маань цаг зав ямар байх нь вэ гэдгийг харж
байж л болно доо. Өөр өөрсдийн төлөвлөсөн ажил байгаа л йаих. Гэхдээ
зүрх сэтгэл гэж зүйл биднийг холбоод байж л байгаа.
-Таны хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэр их гүтгүүлж байв. Хамтлаг тарсан, тараагүй гээд нэлээд их бичсэн болов уу?
-Хөөрхий
би ч мөрөөрөө, чимээгүй хүн шүү дээ. Харьцангуй бага бичүүлсэн. 1997
оноос хойш би үсрээд л 10 телевиз, 10 сонинд л ярилцлага өгсөн байх.
Тэрнээс бол хэтрэхгүй ээ.
-"Кес" дуу бичлэгийн студи, "Imaglnation" фильмийн үйл ажиллагааны тухай яриач?
-"Imaglnation"
фильм дүрс бичлэгийн студи маань жилдээ нэг кино хийнэ, дээрээс нь
хамтлаг дуучдынхаа клипийг хийдэг. "Кес" дуу бичлэгийн студидээ
"Урлагийн ажилтны холбоо"-ны захирал Одгийв ах, хөгжмийн зохиолч, дууны
найруулагчаар Хишигбүрэн, Мөнх-Оргил гээд зураач залуу, зураглаач
Отгондаваа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дээрээс нь студийн
артистууд байна даа. Одоогоор "МААZ" хамтлаг, дуучин Урангоо, залуу
дуучин Гантулга, Түлхүүр гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Хажуугаар нь бусад
хамтлаг дуучидтайгаа хамтран ажиллаж байна даа.
-Үндсэн артистуудын шинэ уран бүтээл, цомгийн ажлын тухай сонирхмоор байна?
-Манай
студийн хамгийн анхны цомог "МААZ" хамтлагийн цомог байх болно. Энэ
хамтлаг маань манай "Guys"-ийн стилийг тодорхой хэмжээгээр тусгасан
хамтлаг. Нэг талаасаа надад хамтлагаа тасалчихмааргүй санагдсан байж
болох. Нөгөө талаас надаас гарч байгаа уран бүтээл энэ төрлийнх байгаад
байж ч магадгүй. Харин "Guys"-аас онцлогтой нь нийгэмд болоод байгаа үйл
явдлыг арай нэг ёж байдлаар гаргаж байгаа юм. Хамтлагийн нэр нь ч тийм
учиртай. Тулгаа маань "Нарны жим" киноны "Он жав" гээд дууг дуулж анхны
уран бүтээлээ хүргэлээ. Дараа дараагийн уран бүтээлүүд нь ерөнхийдөө
бэлэн байна.
-Харин таны хувьд?
-Миний хувьд эд нартаа дуунуудаа өгөөд л байж байна даа. Түүнээс миний дуулах гэж юу байхав. "Guys"-тайгаа
бол болно /инээв/. Хамтлагтаа зориулаад гурван шинэ дуу зохиочихсон
байгаа. Тэрийгээ нам дарж байна /инээв/. Бусдыгаа цаг завтай болохоор
хийх юмаа хийнэ дээ. Их сайхан мэдрэмж төрж байна.
А.ХАЛИУН /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих