Хэзээ, хаанаас томилогдож хүмүүний эрхэм төрлийг олж энэ гэрэлт хорвоод мэндэлдэгээ хэлж чадах бас олж мэдсэн хүн энэ дэлхийд байхгүй биз ээ. Мөн хэзээ, хэрхэн буцахаа ч хэлж үл мэднэ. Ердөө л анх хорвоод ирснээсээ буцах хүртэлх хугацаагаа бид амьдрал хэмээн нэрийддэг. Нэг бодлын бурхнаас бидэнд өгсөн хэсэг хугацааны томилолт юм. Тэгвэл энэ амьдралдаа та бид хэн байсан, хэрхэн ажилласан, бусдад хэн хэмээгдэж үлдэв гэдэгт л бидний томилолтын зорилго оршиж буй юм. Нэг үгээр бол амьдралыг томилолт хэмээн түр нэрийдье. Гэрэлт ертөнцөд хүмүүний төрлийг олж мэндэлсэн хүн бүрийн томилолтын үр дүн, нэр хүнд өөр өөр. Зарим нь бүхний дээд мэт хүндлэгдэж томилолтоо дуусгахдаа олон хүний өр зүрхийг үүрд өнчрүүлэн одож байхад зарим нь эсрэгээрээ. Харин хилчдийн дунд, олны дунд далай мэт сэтгэгдэл үлдээж, тэдний сэтгэл зүрхэнд үргэлж амьд сэрүүнээрээ хоногшин үлдсэн маш олон баатар бий. Баатар хэмээх цолоо хүртсэн ч бай хүртээгүй ч бай хилчид бол энэ цагийн хамгийн хүндэт баатрууд. Үе үеийн хилчид энэ газар нутаг, хил хязгаарыг ариун дагшнаар нь өвлүүлэх гэж цэл залуу насаа, цээжиндээ тээсэн хүсэл мөрөөдөлтэйгөө цуг онгон дагшин хилдээ дархалсан. Өдгөө ч тэр хилчдийн цуваа хилийн зүг чиглэсээр буй. Миний сурвалжлагын гол учир чиглэж буй эрхэм ч мөн хилчдийн баатар байсан юм. Тийм ээ. Тэр баатар байжээ.
Зургадугаар сарын 30-ны билэгт сайн өдөр Хилийн 0275 дугаар ангийг төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор, академич, хошууч генерал Дашбалбарын Базарсадын нэрэмжит болгож түүний гэрэлт хөшөө төрсөн нутаг нь болох Дорнод аймгийн Баян-Уул суманд сүндэрлэн бослоо. Хөшөөний нээлтэд оролцохоор Баян-Уул сумыг зорьсон хүмүүс хэр олон байсныг хэлэх нь илүүц биз ээ. Тал бүрээс, нутаг болгоноос Хилийн 0275 дугаар ангийг зорьж байсан гэхэд илүүдэхгүй. Хөшөөний нээлтэд ая дуугаа өргөхөөр ХЦДБЧ-ын хэсэг уран бүтээлчид ч Улаанбаатараас гарлаа. Тэдний бүрэлдэхүүнд манай хамт олны төлөөлөл мөн багтав. Бид өглөөний 06.00 цагт Улаанбаатараас хөдлөхөөр ХХЕГ дээр цуглахад генералын найз, үеэл дүү нар мөн бидэнтэй хамт Хилийн 0275 дугаар ангийг зорихоор аль хэдийнэ ирсэн байсан юм. Эндээс эрхэм генералын ах дүү, анд нөхөддөө хэн байсны хамгийн энгийн жишээ эхэлсэн билээ. Зам мөр нь гэгээн цагаан байсан хүний хишиг буян харж ивээсэн үү юутай ч бид замдаа огт сааталгүй тогтсон хугацаандаа Баян-Уулдаа хүрлээ. Хөшөөний нээлтэд оролцох зочдын хөлд отрядынхон дарагджээ. Шөнийн 03.00 цагт хүрсэн биднийг отрядынхон халуун хоол цайтай угтав. Бүсгүйчүүдийн хувцасны жигдрэлт зэргээс харахад отрядынхон маш их ач холбогдол өгсөн нь илт. Отрядын хашаанд зочдод зориулж гэр, майхан зэргийг барьжээ. Зочид ч ихтэй байв.
Хөшөөний нээлт зургадугаар сарын 30 буюу шинийн гуравны өдрийн билэгт сайн өдрийн морин цагт эхэллээ. Тус хөшөөг сүндэрлүүлэх ажлыг хошууч генерал Д.Базарсадын гэр бүлээс санаачилж Монголын Урчуудын эвлэлийн хорооны Л.Гантөмөр ахлагчтай барималчид урлажээ. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаа Дорнод аймгийн ИТХ-ын зургадугаар сарын 19-ний өдрийн 3 дугаар тогтоолоор нутгийн унаган хүү Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор, академич, хошууч генерал Дашбалбарын Базарсадын нэрэмжит анги болсныг уншиж танилцуулан хүндэт зочид ёслолын тууз хайчилснаар эхэлсэн юм. Нээлтэд оролцохоор хошууч генерал Ж.Ишдорж, Ж.Дашдаваа, П.Сүндэв, бригадын генерал Д.Ганбаатар, М.Заяабаатар, А.Лхагвасүрэн, ХХЕГ-ын Захиргааны удирдлага, хангалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Сайнтөр, ХХЕГ-ын Тамгын хэлтсийн дарга, хурандаа Д.Гантөмөр, Хилийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Батцэнгэл, Хилийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мэндсайхан, Хилийн 0287 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж нарын хүндэт зочид болон генералын хань, үр хүүхэд, ах дүү, анд нөхөд зэрэг олон хүн оролцсон юм. Хөшөөний нээлтийн үйл ажиллагааны дараа ХЦДБЧ-ын уран бүтээлчдийн тоглолт, хүндэтгэлийн зоог хүлээн авалт боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр зарим зочид төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.
ХХЕГ-ын Захиргааны удирдлага, хангалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Сайнтөр:
-Тус ангийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх үйл явдлын гэрч болж, тэрхүү торгон агшин, баярт мөчийг хуваалцахаарХХБ-ын удирдлага, хамт олноо төлөөлөн оролцож байгаадаа миний бие туйлын баяртай байна. Генерал маань хилийн отряд, Хил хамгаалах байгууллагыг командлаад зогсохгүй, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад ажиллаж өөрийн мэдлэг чадварыг харамгүй зориулж, хил хилчдийнхээ төлөө өөрийгөө умартан ажиллаж явсан цаг саяхан мэт санагдаж байна. Энэ их ариун үйлсийн тодхон жишээ нь 1990 онд Монгол Улсад улс төр, нийгэм, эдийн засгийн байдал хурцдаж, хил хязгаарын аюулгүй байдал алдагдаж байсан хүнд хэцүү цагт УАБХЕГ-ын Хилийн цэргийн штабын даргаар ажиллаж, хилд үүрэг гүйцэтгэж буй хилийн манааны амьдрал, алба үйл ажиллагаа төдийгүй, хил орчимд оршин сууж байгаа ард иргэдийн аюулгүй байдалд анхаарч Дорнод аймгийн Баян-Уул суманд Хилийн 0275 дугаар ангийг байгуулахад чухал хувь нэмэр оруулан тус ангийн шавийг тавьсан нь хил хязгаарын амар амгалан, тайван байдлыг ханган бататган бэхжүүлж байгаа өнөөдрийн гэрэл гэгээ, аз жаргал, амжилт бүтээл бялхсан Баян-Уулын хилийн отряд юм. Түүний хилчид болоод нутгийн ард түмнийхээ төлөө хийсэн бүтээсэн бүхнийг юугаар ч үнэлээд барамгүй их юм. Түүний дурсгалыг мөнхжүүлэх ажилд гар бие оролцсон хүн бүхэнд эх орныхоо өнцөг булан бүрт үүргээ гүйцэтгэж буй хилчдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье.
Хошууч генерал Д.Базарсад агсны гэргий Ц.Цэцэгмаа:
-Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн цогтой халуун мэндийг хүргэе. Миний хань Д.Базарсадын дурсгалыг мөнхжүүлж төрөлх нутаг Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн отряд, Хилийн 0132 дугаар ангийн Хавиргын заставыг түүний минь нэрэмжит болоход үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын төр засаг, Дорнод аймгийн ИТХ, Хил хамгаалах байгууллагын шат шатны удирдлагууд, Хилийн 0275 дугаар ангийн захирагч болон хамт олон, Баян-Уул сумын ЗДТГ, ИТХ болон өнөөдөр үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа гэр бүлийнхээ өмнөөс илэрхийлье. Хөшөөг урласан, эл үйл хэргийг дэмжсэн хүн бүхэнд маш их баярлалаа. Хилийн 0275 дугаар ангийн хамт олондоо дахин дахин баярласнаа илэрхийлж ханийн минь дурсгалыг мөнхөлсөн энэхүү хөшөөг хайрлана гэдэгт гүнээ итгэж буйгаа хэлье.
Хошууч генерал П.Сүндэв:
-Монгол Улсынхаа дархан хилийг хамгаалах үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа Хилийн 0275 дугаар ангийг бидний дотны анд, НҮБ-д Зөвлөх эрх бүхий Мэдээлэлжүүлэлтийн Олон улсын академийн жинхэнэ гишүүн академич, доктор, профессор, хошууч генерал Д.Базарсадын нэрэмжит болгон түүний минь гэгээн дурсгалыг мөнхжүүлж буйд Дорнод аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Байлдааны гавъяаны улаан тугийн одонт ХХЕГ-ын дарга, удирдлагуудад анд нөхдийнхөө нэрийн өмнөөс болон хувиасаа гүнээ талархаж буйгаа хэлье. Андын минь хань, гэр бүлийн санаачилга Хил хамгаалах байгууллагын даргын дэмжлэгээр бүтсэн энэхүү гэрэлт хөшөө билгийн тооллын зуны дунд сарын шинийн гуравны өлзий учрал бүрдсэн Балжиннямтай билэгт сайн өдөр нээж буйд бүр ч их таатай байна. Миний анд төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн дипломатч байлаа. Тэрбээр төрөлх нутгийнхаа зон олноор үргэлж бахархаж тэднийхээ төлөө үргэлж санаа тавьдаг байсан бөгөөд олон түмнийхээ итгэлийг хүлээж хоёр ч удаа төрийн түшээгээр сонгогдсон юм. УИХ-ын гишүүн байх үедээ Монгол Улсын Хилийн тухай хуулийг санаачлан батлуулж, хилчдийн ажиллаж амьдрах эрхзүйн баталгааг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн хүүхэд залуусын хүмүүжилд ихээхэн анхаарал тавьж тойрогтоо сургууль цэцэрлэг, соёлын төв байгуулахын зэрэгцээ Хилийн 0275 дугаар ангийг өөрийн унасан газар, угаасан усаа түшиглэн байгуулсан түүхтэй.Өнөөдөр энэ анги андын минь нэрэмжит болсонд сэтгэл маш хангалуун байна. Баян-Уулын хилчиддээ цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүсье.
Хилийн 0275 дугаар ангийн захирагч, хурандаа В.Батжаргал:
-Анги маань төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Д.Базарсадын нэрэмжит болсон нь хилчид бидэнд урам зориг өгсөн баярт үйл явдал болж байна. Үүнтэй зэрэгцэн бидний үүрэг хариуцлага ч нэмэгдэж буй хэрэг. Хамт олныхоо өмнөөс хошууч генерал Д.Базарсадын нэр төрийг өндөрт өргөж, улсын хилийг хамгаалах үүргээ сайн биелүүлнэ гэдгээ илэрхийлье.
Бэлтгэл хурандаа А.Дашням:
-Миний ажил хөдөлмөрийн гараа Хилийн цэргээс эхэлж байлаа. ОХУ-ын Бабушкиний сургуулийг төгсөөд Өмнөговийн хилд ажилласан. Сүүлдээ ХХЕГ-ын Холбооны хэлтсийн дарга, НАХЯ-ны орлогч сайд зэрэг албыг хашиж явлаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд маш сэтгэл хангалуун байна. Миний хувьд Д.Базарсадыг багаас нь мэднэ. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, хамт олондоо хүндтэй, шударга хүн байлаа. 1980 онд шиг санагдана. Дорнодын хилийн отряд дээр Зөвлөлтийн ангитай хамтарсан хээрийн сургууль болоход нөхөр Д.Базарсад отрядынхоо бие бүрэлдэхүүнийг амжилттай оролцуулсан учир хугацаанаасаа өмнө хошууч цолоо хүртэж байсныг нь мэдэх юм. Д.Базарсад маань УИХ-д хоёр ч удаа сонгогдохдоо нутгийнхандаа болон хилчиддээ учирч буй асуудалд төрийн хэмжээнд шуурхай шийдвэрлүүлж байсанд нь олон хүн талархаж явдаг.
Хошууч генерал Ж.Ишдорж:
-Өнөөдөр яруу алдарт хилчдийн түүхэнд нэгэн шинэ содон үйл явдал тохиолоо. Баян-Уулын хилийн отрядыг төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Базарсадын нэрэмжит болгосон нь хилчдийн түүх нэгэн шинэ үйл хэргээр баяжиж байна. Д.Базарсад генералтай 1980-1981 онд хамт ажиллаж байлаа. Намайг отрядын дарга байхад миний штабын дарга байсан юм. Өнөөдрийн үйл ажиллагаанд сэтгэл маш хангалуун байна. Баян-Уулын хилчиддээ баяр хүргэж амжилт хүсье.
Бригадын генерал М.Заяабаатар:
-Юуны өмнө миний бие маш их баяртай байна. Миний мэдэхээр иргэний үнэмлэх авсан цагаасаа эцсийн амьсгалаа тасартал Монгол Улсын хилийн төлөө ажиллаж, хилчдийн төлөө зүрх нь цохилсон хүн бол хошууч генерал Д.Базарсад.Энэ гарамгай хүний нэрээр нэг отрядоо овоглоно гэдэг маш зөв зүйтэй асуудал.Талийгаачийн удирдлагад ажиллаж байсан хүний хувьд хил, хилчдийн төлөө яаж сэтгэл зүрхээрээ зүтгэж ирснийг нь мэднэ. Тиймээс энэ агуу хүний дурсгалыг мөнхжүүлж, хойч үеийн хилчиддээ түүний зүтгэлийг өвлүүлэн үлдээж буйд туйлын баяртай байна.
Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, Улсын начин Г.Пүрэв-Очир:
-Д.Базарсад бид хоёр багын найз. Ах нь байлдагчаас хурандаа, шигшээ багийн тамирчнаас дасгалжуулагч, дасгалжуулагчаас Монголын биеийн тамирын салбарын дарга хүртэл алба хашлаа. Самбо, жудо бөхийн анхдагчийн нэг шүү дээ. Д.Базарсадтайгаа хамт аймгийн арван жилийн дунд сургуульд хамт сурч явлаа. Тэр үеэс бид дотно нөхөрлөсөн. Бүх шатны албан тушаалд байхад нь төдийгүй сүүлийн амьсгал хураах мөч хүртэл нь бид хамт байлаа. Миний анд Хил хамгаалах албанд олон жил хүчин зүтгэхдээ маш олон зүйлийг хийсэн. Үүнийг нь хүн бүхэн мэднэ. Өнөөдөр Хилийн 0275 дугаар ангийг миний андын нэрэмжит болгосонд би их талархалтай байна. ХХЕГ-ын удирдлага, холбогдох дарга нар болон Хилийн 0288 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайхан нарт болон нийт хилчиддээ баярлалаа гэж хэлье.
Мөн хөшөөний нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхий прокрор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав, Хилийн 0275 дугаар ангийн хамт олон болон Д.Базарсад агсны гэр бүлийнхэнд баяр хүргэж цахилгаан ирүүлсэн юм. Тэрбээр цахилгаандаа, "Миний цэрэг үеийн захирагч, сайд үеийн удирдлагад минь ажиллаж байсан сайн нөхөр Д.Базарсадын дурсгалыг мөнхжүүлсэн явдалд гүн талархал илэрхийлье” гэжээ.
Ийнхүү Хилийн 0275 дугаар анги Төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор, академич, хошууч генерал Д.Базарсадын нэрэмжит болж, хөшөөний нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Хөшөөний нээлтийн үйл ажиллагааны үеэр зочид төлөөлөгчдөд үйлчилж ар талын ажлыг сайн гүйцэтгэж ирсэн бүсгүйчүүдийнхээ ажилтай товчхон танилцсан юм. Хилийн 0275 дугаар ангийн хилчин бүсгүйчүүд Хил хамгаалах байгууллагадаа үргэлж өндрөөр үнэлэгдсээр иржээ. Тэгэхээс ч аргагүй хөдөлмөрч бүсгүйчүүд юм билээ. Отрядын бүсгүйчүүд цуглаж ажил хэргээ явуулдаг өрөөгөө гэхэд өөрсдийнхөө гараар тохижуулжээ. Тэр нь гайхалтай шийдэлтэй. Бүсгүйчүүдийн ажил сар бүрээр төлөвлөгөөтэй. Хамгийн сүүлд хүүхдийн баярын үйл ажиллагааг өөрсдийн дотоод орлогод түшиглэн зохион байгуулсан бөгөөд энэ долдугаар сард отрядынхоо бүх бүсгүйг хамруулсан аргазүйн цугларалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм билээ.
"Эмэгтэйчүүдийн ажил өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Удахгүй жимс ногоо боловсорч гүйцэхээр бүр ч ажил ундарна. Ер нь отрядод зохион байгуулж буй бүх ажлын ар талыг манай бүсгүйчүүд сайн гүйцэтгэж байгаа” хэмээн ахлах ахлагч Д.Туул хэлж байсан юм. Харин соёлын арга зүйч Я.Мөнхзул отрядын номын сандаа баяжилт хийхээр "Нэг хилчин-нэг ном” аянаа амжилттай үргэлжлүүлж буйгаа хэлээд хошууч генерал Д.Базарсадын нэрэмжит танхимдаа биднийг урьсан юм. Тус танхимд Хилийн 0275 дугаар анги байгуулагдаж байлдааны тугаа хүлээж авч буйгаас эхлээд генералын ажил үйл хэргийг харуулсан гэрэл зургуудыг байрлуулжээ. Ер нь эдний соёл сурталчилгааны ажил аль хэдийнэ жигдэрчээ. Тэр бүү хэл МУСТА хэмээх хүндэт цол тэмдгийн эзэн ч тус ангид бий. Ингэхэд Хилийн 0275 дугаар ангийн СМССА-ны даргаар дэд хурандаа Л.Гантөгс ажиллана. Хил хамгаалах байгууллагаас зохион байгуулж буй уралдаан тэмцээнд амжилттай оролцоход түүний гүйцэтгэх үүрэг мэдээж их.
Тус ангийн авъяаслаг хилчид удахгүй болох Алтаргана наадмынхаа бэлтгэлд гарчээ. Мөн Хилийн 0275 дугаар ангийнхан ХХБ-ын хэмжээнд эмэгтэй үлээвэр хөгжмийн состав бүрдүүлж чадсанаараа анхдагч болж чаджээ. Тэд Хилийн 0151 дүгээр ангид явагдсан хөгжмийн сургалтанд зургаан бүсгүйгээ хамруулж амжилттай төгсгөсөн байна. 2014 оныг Хил хамгаалах байгууллага офицерийн манлайллыг дээшлүүлэх жил болгосонтой холбогдуулан тус анги багагүй зүйл хийж буй талаар Хилийн албаны дарга, дэд хурандаа Э.Мөнхбат ярилаа. Тухайлбал, ангидаа офицерийн зөвлөл байгуулж олон ажлыг санаачлан хийхээр төлөвлөжээ. Зөвлөлөөс санаачлан хилийн хянах байрыг шинээр барих болоод бие бүрэлдэхүүнийг хамарсан сургалт хичээлүүдийг хичээллэж байгаа юм билээ. Тус ангиас дэслэгч Б.Эрдэнэчулуун, ахмад Б.Баатархүү нарын офицерууд бусдыгаа манлайлж байгаа ажээ.
Гэхдээ Баян-Уулынхан зөвхөн офицерууд биш хувь хүн бүр манлайлагч байх зорилтыг дэвшүүлээд буй юм билээ. Энэ нь ч ихээхэн үр өгөөжтэй байгаа гэдгийг хилчид ярьж байлаа. Мөн хилийн албаны чиглэлээр инженерийн байгууламж шинээр барьж байгуулах ажил нэлээд амжилттай яваа төдийгүй эхний хагас жилийн байдлаар хилд тулсан 13 удаагийн 500 толгой малыг хилчид илрүүлж ард иргэдэд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ. Тус отрядын хариуцсан хэсэгт айлууд хилд ихээр тулж суурьшдаг тул хилчид малчдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хууль дүрэм таниулах ажил нэлээд хийсэн байна. Энэ ч үр дүнгээ өгч өмнөх оноос хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил эрс багасчээ. Мөн шаардлагатай хэсгүүдэд мөр хянах зурвас, өргөст утсан хашааг нэмж байрлуулснаар хилийн зөрчлийг таслан зогсоож чадсан байна. Ийнхүү Хилийн 0275 дугаар анги хийж бүтээхийн их хүслэн дундуур бүтээмж өндөр ажиллаж буй ажээ. Юутай ч их хүмүүнээр овоглосон тус ангийн ажил хөдөлмөр цаашдаа ч улам их гэрлээр урагшлах биз ээ. Та бүхэндээ сайныг ерөөе.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих