Төв
Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс
хотын туурь, цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний
үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа
тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийм
нэрийдсэн домогтой. Судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар
нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг. Их хэрмийн өмнөд хэсэгт 5
давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан
чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10
гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан ажээ.
Дорнод монголын нутаг дахь Хятаны үеийн хот суурины томоохон дурсгалын нэг нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баруун Дөрөө нуурын зүүн урд оршдог Хэрлэн Барс хот юм. 1953 онд тэнд хийсэн эртний судлалын хайгуулаар Хэрлэн Барс хотын хуучин үлдэгдэлтэй холбогдох хоёр хэрмийг ойролцоо нь илрүүлж,судлаачид тусгайлан дугаарлаж,нутгийнхны Барс хот гэж нэрлэдэг суварга бүхий их хэрэмт хотыг Барс хот-1 гэж бичиж тэмдэглэх болжээ. Барс хот-1-ийн их хэрмийн хэмжээ нь хааш хаашаа 1600-1800 м,зузаан нь 4 м, өндөр нь 1,5-2 м юм. Хэрмийн дотор болон зүүн талд тав, долоон давхар хоёр суваргатай байжээ. 1953-1955 онд археологич Х.Пэрлээ Барс-1 хотын хэрмийн доторхи дөрвөн барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж олон, том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг, жансагийн мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлэн олж уг барилга нь бурхан шүтээний газар байсан болохыг тогтоосон байна.
Хэрлэн Барс хотын хөх тоосгоор барьсан тав, долоон давхар хоёр суварга хийц маягийн хувьд Энэтхэгийн суварганы хэлбэртэй бөгөөд 1940-өөд он хүртэл хананд нь том бурхны зурагтай байжээ. Таван давхар суварга нь 1940-өөд онд нурж, долоон давхар суварга нь өнцөг булангаасаа нурсаар өдий хүрчээ. Барс хот-1-ээс малтлагаар илэрсэн олдвороос үзэхэд Хятан улсад буддын шашин их дэлгэрч, олон хүрээ хийд байгуулсан ба олон мянган лам нартай байсан гэж Хятаны түүхийн сурвалж бичигт дурдсантай дүйдэг.
Хэрлэн Барс хотын малтлагаас олдсон олдворуудын ихэнх нь бурхан шашны зүйл боловч чухамдаа жинхэнэ хот, цэргийн хуаран байжээ гэж судлаачид үздэг бөгөөд Хятан улс эзэлсэн баруун хойд зүгийн аймаг угсаатны эсэргүүцлийг дарангуйлж, Хэрлэн голд гол төлөв нүүдэлчдээс дайчлан бүрэлдүүлсэн олон анги цэрэг суулгаж, байсны нэг анги нь Барс хотын их хэрмэнд түр сууршин сууж байсан гэж эрдэмтэд үздэг.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих