-БИД ГАР УТАСГҮЙГЭЭР НЭГ Ч ӨДӨР БАЙЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ ҮҮ-
Зомби нарын
тухай өгүүлэх "Walking Dead" цуврал дэлхий дахиныг байлдан дагуулж
байна. Энэхүү цувралд гардаг зомбинууд бидний амьдралд байдаггүй
болохоор бодит амьдралтай тийм ч ойр биш гэж хүмүүс боддог байх. Гэтэл
уг кинон дээр гардаг шиг зомбинууд дэлхийн хаа саагүй сая саяараа
бодитоор бий болж байна гэвэл та итгэх үү. Тэгвэл тийм зүйл яах аргагүй
болоод байна.Та бод доо. Таны ойр хавьд гар утсаа 10 минут тутамд
шалгаж, утас чичирч байгаа чимээ хий сонсох гээд хэвийн үзэгдэл мэт
болсон рефлекстэй хүмүүс гарцаагүй байгаа. Шөнийн цагаар нүд нь улайж,
эвшээлгэж ядарсан ч хөнжилдөө шурган гар утсаараа тоглож олон нийтийн
сүлжээ, янз бүрийн вэб хуудсаар "тэнэж", зам гарахдаа хүртэл утаснаасаа
нүдээ салгаж чадахгүй, урдах замаа ч харахгүй дэлгэцээ ширтэн алхах
хүмүүсийг зомбинууд гээд байгаа юм. Ерөнхийдөө бол дуудлага ирэхээс
бусад үед хүртэл гар утсаа шагайж суудаг хүмүүс бол донтогчид. Найзуудын
цугларалт, уулзалт, тэр ч байтугай өглөөний цай, оройн хоолоо идэж
байхдаа хүртэл утсаа гартаа атгачихсан, нүдээ, гар хуруугаа салгах
"завгүй". Бүр зорьж уулзсан хүмүүс өөд өөдөөсөө харж суусан хэрнээ шууд
ярилцахын оронд утсаараа харилцах ч тохиолдол гарах болж. Заримдаа ямар
нэг онцгой шаардлагагүй байсан ч дэлгэцээ хараад, эсвэл мэйлээ шалгаж,
твиттер, фэйсбүүкээ хардаг. Завтай цагтаа ч, ажилтай байсан ч зав гаргаж
утсаа шалгадаг. Ер нь гар утас хэрэглэх болсноосоо хойш бугуйн цагаа
биш гар утасны цагаа хардаг зуршилтай болсон нь ч үүний баталгаа.
Зомби нар цөөхүүлээ биш, олуулаа. Гар утсанд донтогсод дан ганц манайд ч биш, Токио, Лондон, Нью-Йорк, Хонконг гээд дэлхийн хаа саагүй нэмэгдсээр л байна.
1990 оны үед хамгийн анхны ухаалаг гар утас бий болж технологийн шинэ зуунд хөл тавьсан. Гэвч технологи сайжрах тусам хүмүүс өөрсдөө технологийн боол нь болж, амьд харилцаа устаж байна.
Өдгөө гар утсанд донтох нь өвчний нэршилтэй болжээ. Энэхүү донтолт 2008 онд Их Британийн судлаачдын хийсэн гар утасны технологийн талаархи судалгаанд тулгуурлан өөрийн нэршилтэй болсон байна. "Номофобиа" буюу гар утасны донтолт нь 18-24 насныхны дунд хамгийн түгээмэл тохиолддог аж. Энэхүү донтолт мансууруулах бодис, архи шиг элэг, эсвэл уушгинд муу хор нөлөөтэй биш ч тархинд нөлөөлж, өөрийгөө илэрхийлэх болон бусадтай харилцах харилцаанд хор нөлөө үзүүлдэгийг судалгаагаар нотолжээ. Ерөнхийдөө гар утсанд донтсон хүмүүст марихуан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийнхтэй адил сөрөг нөлөө илэрдэг бөгөөд дээрх донтолтуудын адил хэрэглээгээ хязгаарлаж байж л энэ өвчнөөс ангижрах боломжтой аж.
"Time" сэтгүүл "Techland"' буландаа, Их Британи, Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг, Өмнөд Африк, Индонези, Бразилийн 5000 хүний дунд санал асуулга явуулж, гар утасны донтолтын талаархи статистик үзүүлэлтийг нийтэлжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн олонхи нь халаасандаа гар утсаа орхиж чадахааргүй болтлоо донтжээ. "Time" сэтгүүлийн судалгаа нь гар утас, компьютерийн дэлгэцээ ширтээд суудаг хүмүүсийн дур зургийг төвөггүйхэн харуулсан байна. Судалгаанд оролцсон 5000 хүний 84 хувь нь гар утасгүйгээр нэгээс дээш хоног байж чадахгүй гэжээ.
-Америкуудын 50 хувь нь тедди баавгай, тэвэрч унтдаг,
дэрнийхээ оронд утсаа хажуудаа тавьж, дэрлэж, өвөртөлж унтдаг болжээ.
Мөн 80 хувь нь 18-24 насныхан байсан гэнэ.
-20 хувь нь 10 минут тутам утсаа шалгадаг
-24
хувь нь мессеж ашиглан хэн нэгэнтэй танилцаж, болзоонд явж байсан гэнэ.
Тэдний 56 хувь нь хятадууд байв. Зам тээврийн ослын 41 хувь нь гар
утастай холбоотой. Зорчигчид алхаж, эсвэл дугуй унаж явахдаа гар утсаа
ашигласнаас болж осолд ордог тухай Токиогийн гал унтраах төвийн дарга
Тэцүя Ямамото "Japan Times"-д ярьжээ. "Хэрэв хүмүүс ингэж утсаа ширтэн
алхсаар байвал бид цаашид осол, аваар улам нэмэгдэхийг л харах болно"
гэжээ.
Гадаадын хэвлэлийнхний мэдээлснээр энэ оны есдүгээр сард Японы Онтакэ галт уул оргилох үеэр 56 хүний цогцсыг тэдний гар утсан дээрх зургаар таньсан байдаг аж. Тэд галт уулын лав, нурангид автсан байжээ. Энэ нь сошиал медиагаар дамжуулан юу болж байгаа, яах гэж байгаагаа үзүүлэх нь чухал гэж бодогдуулах болжээ.
"NTT
Docomo"-гийн гаргасан судалгаагаар ухаалаг гар утас ашиглагчдын таван
хувь нь алсын бараа харалгүй, утсаа ширтэж явдаг байна. Мөн эдгээр хүний
апсын барааг харах, холын юмыг анзаарах чадвар илт буурсан байдаг нь
тогтоогджээ.
Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцины цэнгэлдэх хүрээлэнд явган зорчигчдын хоёр эгнээ байдаг аж. Эхний эгнээнд "гар утасгүй" гэх тэмдэг байрлуулсан байх бөгөөд гар утас хэрэглээгүй хүмүүс зорчдог байна. Харин нөгөө эгнээнд "гар утас хэрэглэхийг зөвшөөрнө. Гэвч үүнээс үүдэлтэй үр дагаврыг бид хариуцахгүй. Таны сонголт" гэх тэмдэг байрлуулсан байдаг гэнэ.
Мөн Хонконгийн метроны буудлуудын урсдаг шат руу гарах хэсэгт хятад, мандарин, англи хэл дээр "Цахим хэрэгсэл бүү ашигла" гэсэн анхааруулгыг хөлийнх нь дор байрлуулсан байдаг гэнэ. Нью-Йорк мужийн нэг хотод зам хөндлөн гарахдаа цахим хэрэгслүүдийг ашиглахын эсрэг хууль эрх зүйн төслийг хотын захиргаа боловсруулж байгаа гээд гар утасны донтолтыг улсын хэмжээнд авч үзсэн жишээ цөөнгүй.
АНУ-ын "Рем" хэмээх судалгааны төвөөс гаргасан
судалгаагаар тус улсад л гэхэд насанд хүрсэн иргэдийн 46 хувь нь ухаалаг
гар утас барьдаг гэсэн 2012 оны судалгаа байдаг аж. Энэ үзүүлэлт 2011
онд 25 хувьтай байсан гэхээр өнөөдөр бүр өссөн нь ойлгомжтой. Тус төв
1600 менежер болон мэргэжилтнүүдийн дунд судалгаа хийхэд ийм сонирхолтой
тоо баримт гаргажээ. Тэдний 44 хувь нь гар утсаа алдвал долоо хоногийн
дотор шинэ утас авна. Тэрнээс удаан байж чадахгүй гэх судалгааны дүн
гарчээ. Түүнчлэн бид нэг өдөрт хамгийн ихдээ 110-150 удаа утсаа нээж,
шалгадаг байна. Энэ нь ямар нэг зорилгогүй байх нь их аж.
Нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэгч бол өвчин эмгэг, улс төрийн маргаан байдаг. Гэтэл үүнийг үүсгэгч шинэ хүчин зүйл нэмэгдсэн нь гар утас юм. Гэр бүлийн хоорондох хэрүүл маргаан, үл ойлголцлын ихэнх нь гар утастай холбоотой хэргээс үүдэлтэй байдаг гэнэ.
Үүнээс гадна гар утас
нь нийгмийн үйл ажиллагаа, үе тэнгийнхнээс нь өсвөр насныхныг тусгаарлаж
байдаг гэнэ. Түүнчлэн энэ нь ядаргаа, сэтгэл гутралын өвчин гээд
мэдрэлийн гаралтай өвчин үүсгэгч болж эхлээд байгаа юм. Түүнчлэн утасгүй
байгаа үедээ гар утас нь эвдэрсэн, утсаараа нийгмийн сүлжээнд нэвтэрч
чадахгүй байх үедээ сэтгэл санааны тавгүйтэлд ордог нь донтохтой
холбоотой шинж тэмдэг гэж үздэг байна.
ГАР УТАС АШИГЛАСНЫ УЛМААС УЧРАХ БУСАД АСУУДАЛ
Судалгаанаас
харахад өнгөрсөн арван жилийн хугацаанд гар утасны хэрэглээ гайхмаар
хурдан өсчээ. Гар утасны хэрэглээний нэгэн чухал хэсэг бол найз нөхөд,
гэр бүл, хамтран ажиллагсадтайгаа холбоо барих үйл явц юм. Судалгаанд
оролцсон америкуудын 25 хувь нь нийгмийн сүлжээгээр дамжуулж асуудлаа
ярилцах нь тав тухтай санагддаг хэмээн хариулсан амьд харилцааг хүмүүс
гээх болсон нь харагдаж байгаа юм. Түүнчлэн гар утсанд донтсон өсвөр
насныхны 67 хувь нь дотно ярилцах найз нөхөд байхгүй хэмээн хариулжээ.
Харин дундаж болон ахмад үеийнхэн танил ихтэй ч цөөн хүнтэй харилцаатай
байдаг гэжээ.
Үүнээс гадна, гар утас амьдралын бусад салбарт
нөлөөлсөн байна. Гар утас ашиглах, харилцаа холбооны шуурхай хандах нь
тэдний ажилд чухал ач холбогдолтой гэдгийг олон тайлангаар баталсан
байна. Гэвч Испанид явуулсан гэнэ судалгаагаар өсвөр насны гар утас
хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь сургуулиас завсардах болон
сурагчдын сурлагад онцгой нөлөөлж байгааг харуулжээ. Сурагчидөдрийн
6-аас дээш цагийг мессеж болон онлайнд зарцуулдаг байна. Түүнчлэн
сурагчдын дунд сард гар утасны төлбөр нь мянган ам.доллараас давж байгаа
бөгөөд сурагчид энэхүү төлбөрөө төлөхийн тулд хулгай хийх гэмт хэрэг
нэмэгдэж байгаа аж.
Түүнчлэн Австралийн судалгаагаар гар утас
хэрэглэгчдийн олонхи нь өөрөө өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй байна гэх
сэтгэл гутралын шинж тэмдэгтэй байгааг харуулжээ. Судалгаанд оролцогсдын
сэтгэл санааны таагүй байдал ажиглагдаж байсан бөгөөд ихэнх судалгаанд
оролцогсдын зүрхний цохилт хүчтэй, унтаж байхдаа хүртэл тайван бус
байгааг баталжээ. Өөрөөр хэлбэл гар утастай байх нь тэдний хувьд шаналал
болж хувирчээ.
Түүнчлэн муухан гар утастай хүүхдээ дээрэлхэх,
ад үзэх тохиолдол хүртэл байдаг нь өсвөр насныхны дунд нэгнээ хэмжих
хэмжүүр болжээ.
СТИВ ЖОБС ХҮҮХДҮҮДДЭЭ ГАР УТАС ХЭРЭГЛҮҮЛДЭГГҮЙ БАЙСАН
Шинэ
эрин зууны суутнууд бол яах аргагүй технологийн салбарынхан. Гар утсыг
улам ухаалаг болгох шинэчлэлийг хийсэн зохион бүтээгчид магадгүй
өөрсдийн хийсэн зүйлдээ харамсдаг ч байж магадгүй. Амьд харилцааг эвдэж,
улам ухаалаг болгосноороо хүний үйл ажиллагааг хүртэл хязгаарласан нь
магадгүй нэг талаар мөхөл байсан байж ч болох юм. Харамсалтай нь ихэнх
технологийн суутнууд өөрсдийн ололт, амжилтыг өөрийн үр хүүхэдтэйгээ
хуваалцахыг хүсдэггүй байна.
Дэлхийн ухаалаг гар утас хэрэглэдэг хүмүүсийн бараг олонхийн түнш болсон "Аррlе"-ийг үндэслэгч Стив Жобс хүртэл хүүхдүүддээ гар утас, компьютер, таблет хэрэглүүлдэггүй байсан гэнэ. Түүний гэрт "технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн ашиглахгүй байх" дүрэм үйлчилдэг байжээ. Түүнээс 2010 онд нэгэн сэтгүүлч "Мэдээж таны хүүхдүүд iPad-нд нугасгүй л биз дээ" хэмээн асуухад тэрээр "Манайх номын тавиуртай. Тэнд iPad биш ном өрөөстэй байдаг. Хүүхдүүд маань гар утас, таблет ашигладаггүй. Би гэртээ хүүхдүүдээ технологийн дэвшилтэт зүйл ашиглахыг хориглож, хязгаарладаг" гэжээ. Мөн тэрээр гэрт ирсэн зочдоо "Аррlе" биш, жинхэнэ алимаар дайлахыг эрмэлздэг хэмээн хариулж байсэн гэнэ.
Орчин үед эцэг эхчүүд хүүхдүүддээ ном уншиж өгөхийн оронд тэднийг унтахаас нь өмнө гар утас, таблетаар нь тоглуулдаг болсон. Үүний дараа тухайн сэтгүүлч технологийн алдартнуудтай уулзах бүртээ энэ асуултыг асуух болжээ.
"Wired" компанийн захирал "Би технологийн боол болохоос айдаг. Үнэндээ би өөрөө үүнд донтсон нэгэн. Гэвч би үүнийг үр хүүхэд минь битгий амсаасай гэж боддог. Манай эхнэр, хүүхэд, манайд ирсэн зочин хүртэл гар утас, таблет ашиглах нь хориотой байдаг" хэмээн хариулсан байна.
Blogger, Twitter, Medium гээд олон нийтийн сүлжээг бий болгогч Эван Уильямс өөрөө болоод хүүхдүүддээ гар утас, таблет ашиглуулдаггүй байна. Мөн түүнд өөрт нь твиттер эккаунт хүртэл байдаггүй гэнэ. Тэрээр хоёр хүүхэдтэй бөгөөд өдгөө түүний хоёр хүүхдийн номын сан өдгөө 200 гаруй номын цуглуулгатай гэнэ.
Б.СУВД-ЭРДЭНЭ /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих