
Олонхи болсон ч засаглаж чадаагүй аймгуудын нэг зовлон Дорнод аймагт үүссэн. Үүнээс болоод УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын хооронд зөрчил үүсч байлаа. Харамсалтай нь, нөхцөл байдал бүрдүүлж өгөөд байхад аймгийн АН-ынхан санаачилгатай, идэвхтэй ажиллаж чадсангүй. Хоорондын зөрч-лөө дарж чадалгүй явсаар Засаг даргын суудлаа алдлаа. Зас-гийн газарт МАН АН хамтрагч болсон учраас дээрээс түлхээс өгөх тохироо нэгэнт бүрдсэн бололтой. Засаг даргын орлогчоор ажиллаж буй М.Бадамсүрэнг дахин нэр дэвшүүлэн зүтгүүлэхээр болж.
Түүнтэй Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр нэрээ дэвшүүлэн өрсөлдөх гэнэ. Гэсэн ч гурван жилийн дараа л М.Бадамсүрэнд Засаг даргын суудал ирэх нь бололтой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт Дорнод аймгийн ИТХ-д Засаг даргыг 14 хоногийн хугацаанд тодруулан саналаа ирүүлэх үүрэг өглөө. Тэгэхээр МАН-ын хоёр нэр дэвшигчийн хэн дэмжлэг сайтай нь үлдэж буй ганцхан жилийн хугацаанд Дорнод аймгийг удирдах нь. Улсын төсөвт газрын тосны олборлолтын орлого нэмэр болдог учир тус аймагт Засаг даргаар ажиллана гэдэг дараагийн сонгуулийн төсөв бүрдүүлэх их ажлыг нугалах чухал хүн болж таарна.
Үүнтэй зэрэгцээд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг огцруулах асуудал хөндөгдөж эхэлсэн. ИТХ нь Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан ч Ерөнхий сайдын гар дээр албан тоот нь ирээгүй байгаа аж. Үүнийгээ Ерөнхий сайд баасан гарагт аймгуудын удирдлагуудтай цахим уулзалт хийхдээ хэллээ. П.Ганхуяг Дорноговь аймгийн Засаг даргаар хоёр дахь удаа улиран ажиллаж байгаа. Түүнийг Засаг даргын тамгын газар, чөлөөт бүсийн газарт танил талынхаа хүмүүсийг ажилд авч, хууль, тогтоомж зөрчсөн хэмээн ИТХ нь огцруулах үндэслэлээ тайл-барлажээ. 2013 оны сүүлчээр мөн л ИТХ-аас Засаг даргыгаа огцруулах шийдвэр гаргаж, газрын маргаантай асуудал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж чаддаггүй хэмээн үзсэн. Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг шийдвэрийг хүлээн авалгүй ажилд нь үлдээсэн юм. Уг нь, тус аймгийн ИТХ-д АН олон суудалтай. 27 төлөөлөгчийн 16 нь АН-ынх. Гэсэн ч тэдний дотоод зөрчил сонгуулиас хойш явсаар өдийг хүрээд байгаа аж. Энэ удаад ч гэсэн Ерөнхий сайд Засаг дарга П.Ганхуягийг цээжээрээ хамгаалаад өнгөрөх нь тодорхой байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Хаврын тариалалт, мал төллөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хариуцлагатай цаг үед албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байж таарахгүй. Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин албан бичиг хүлээж авахгүй" гэлээ. Харин хариуцлага алдсан Засаг даргад Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцож ажиллана гэдгээ хэлсэн юм.
2012 оны орон нутгийн сонгуулийн дараагаас аймгуудад Засаг даргын сандал, ширээ булаацалдсан маргаан огт тасраагүй. Зөвхөн нам хоорондын маргаан гэлтгүй дотоод зөрчлөө дарж чадалгүй өөрсдийгөө татан унагаасаар байна. Сонгуулийн жил хаяанд ирсэн энэ үед аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд ч огцруулах их аян эхлүүлээд байх шиг. Дээрх хоёр аймагт бол АН-ын дотоод асуудал хурцдаж албан тушаалын тооцоо бодож эхэлсэн нь гол шалтгаан гэж харагдана. Халаа сэлгээ ар араасаа үргэлжилдэг шиг Засаг дарга нарыг тойрсон огцруулах, унагаах ажиллагаа үүгээр эхлэл тавьж байж ч мэдэх юм. Улс төрийн идэвхи нь сэргэсэн намын гишүүдийн амбийц нь ч мөддөө дарагдахгүй болов уу.
Т.Цэлмэг /АРДЧИЛАЛ/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8789
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих