Өвлийн бүүдгэр саарал тэнгэрт үүлс хойноосоо урагш нэг л тогтвор муутайхан хөвөрч, үе үе салхин аясаар дэгдэх цасан шамарга өмнөх зам харанхуйлна. Мөн алсын бараа үл харагдах энэ цагаар голын голдирол дагаж хөлдсөн халианы арга эвийг олон туулайн мөр даган урагшлах гурван морьтон ийш тийш чих тавин хараачилж, их л сэрэмжтэйгээр урагшлах ажээ. Тэдний түрүүнд өндөр хээр моринд, давхар оломтой цэрэг эмээл тохон хазгай суусан дунд зэргийн нуруутзй махлаг шар залуу явах бөгөөд тэрбээр замд таарах бартаа саадыг сурмагаар тойрон, битүү ургасан бургас торлогон дундуур үзэгдэх төдий жимийг алдалгүй дагах нь энэ бөглүү зэлуүд алс хол нутагт эзэн байдаг гэдгийг нэг талаас нотолж, нөгөө талаас
газар орныхоо байршлыг арван хуруу шигээ мэддэгийн шинж илт харагдаж байлаа.
Түүний араас суран бугуйл ганзагаласан бор залуу шогших ажээ. Мөн багавтар ачаатай бадриун махлаг хээр морь хөтөлсөн залуу наргүй өдрийн жаврыг эс тоон, халиа гүйж хөлдсөн мөсөн дээр халтирах морьдын туурайнаас оч үсрэн гал маналзах шиг болохыг сониучирхан явах агаад энэ нь туүнд ихээхэн тааламжтай байгаа бололтой. Тэд арсгар барсгар дэл хадтай, хойшоо харсан хошууг ороон хөндлөн хөх унаанги моднуудыг тойрч, зундаа битүү намаг бамбалзуур байсан бололтой овон товон бүхий хонхорыг гатлаад, хөвдөнд идэгдсэн хөх чулууны дэргэд ирж буулаа. Тэгээд "Энд байх ёстой сайн хар! Наад цасаа ух" гэх ахлагчийн үгээр тэрхэн хавьд нь хөлөөрөө цасыг ярж бутарч унасан, өнгө нь саарал болсон хэдэн цементэн чулууг их л энхрийлж, олзуурхан цуглууллаа.
Уншигч танд алт мөнгөний олз хайгч эрсэн зүйлээ олсон, эсвэл аав ээжийнхээ гэгээн шарил дээр ирсэн үр хүүхэд нь хөшөө чулууг нь хөндсөнийг эвлүүлж байгаа төрх сэтгэлд тань бууж байна уу? Тэгвэл аль нь ч биш гэдгийг юуны өмнө хэлье. Энэ бол агуу эх орныхоо аюулгүй байдлын амин зүрх болсон ариун нандин эрхэм торгон зурвас хил хязгаараа, хөрш зэргэлдээ орноосоо зааглан тогтоож, дархлан бататгаж байдагалтаар ч үнэлэмгүй сүлдэт баганыхаа хугарч унасан суурин дээр ирж, бутарч хагарсан өөдөс бүхнийг цуглуулж буй хилчдийн минь дүр зураг. Байгаль ээжийн хааяа гаргадаг хатуу араншин бус ерөөсөө л байгаа байдал нь манай эндхийн хилийн багануудыг ганц хоёрхон жилийн дотор ийм болгодог гэдгийг энэ дашрамд өгүүлье. Эргэж тойрдоггүй юм хэмээн бодож болохоос тэр.
Манай хариуцсан хэсгийн хэмжээ бага ч байгаль цаг уурын хунд нөхцөлд уулын болон усан гээд цементэн багануудтай. Өвөл хавартаа цас их унадаг, зун намартаа бороо их орж, уулын голуудын түвшин эрс нэмэгдэж, үер их буудаг нь манай хилийн багануудын өнгө зүсийг асар богино хугацаанд гандаана. Тэгээд дараа нь усан бороо дэвтээгээд багана гэж хэлэхийн аргагүй юм болгодог. Товчхон хэлэхэд хувь заяа нь ийм. Ер нь хойд хилийн бүх отряд заставын хариуцсан хэсгийн ихэнх газар орон нь байгаль цаг уурын хүнд нөхцөлд оршдог. Өндөр уул даваа, гол ус намаг ихтэй, хөвдөрхөг зөөлөн хөрстэй, уулын үер буудаг, хад чулуу ихтэй, боролж торлог шигүү ургасан хилийн дагуу жим зам байхгүй, хүрч очих боломжгүйгээс баганадаа байнга засвар үйлчилгээ хийх нөхцөл байдаггүй зэрэг нь хилийн алслагдсан хэсгийн цементэн багана тэмдэгтүүдийн маань бат бөх чанарыг алдагдуулж зарим нь хугарч нугарч унадаг юм. Хилчин биднийг хилээ шалган тойроод хүрээд ирэхээр сүлд ч үгүй, сүр үгүй багана минь сүумийж бөртийгөөд нэг л гундуу, цаанаа нэг юм хэлэх гээд байгаа ч юм шиг, тэгсэн атлаа гомдоод байгаа ч юм шиг сэтгэлд нэг юм огшуулаад, уйлж хашгирмаар ч юм шиг сонин мэдрэмж төрүүлсэн энэ хэдэн багана маань газар нутаг улс орон, эдийн засаг, соёл иргэншлийн маань үндсийн үндэс нь, үндэсний амин чухал эрх, орших эс оршихын эх булаг нь болж байдаг агаад эх нутгийн минь хаяа хатавчийг хариин газар нутгаас зааглан тэмдэглэсэн зах хязгаарын эцсийн цэг билээ. Хэрвээ энэ багана байхгүй бол ирээдүйд хил минь ямар байхыг тааж хэлэхийн аргагүй.
Наад зах нь манай хилийн дагуу орших газар нутаг, уул усаа монгол нэрээр газрын зургийн тэмдэглэгээнд оруулж, нэрлэж занших хэрэгтэй байна. Зөвхөн манай хариуцсан хилийн хэсэгт л гэхэд оросоор нэрлэсэн газар байгааг анзаарахад ийм буюу. Тухайлбал, Дээд кумырь голыг Дээд, Доод кумырь голыг Доод шүтээн гол, Чех хаан голыг Их хааны гол, Катанц голыг Хатан гол хэмээн нэрлэж заншвал ямар бол. Мөн хилийн багануудаа цемент мод биш, бороо усыг огтхон ч тоодоггүй хуванцар материалаар хийвэл ямар бол гэх зэргийн бодол сүүлийн үед тархи толгойд маань эргэлдэх болсон тул зориглон бичлээ.
Хошууч Б.БАТАА
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=933
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих