Түнэлд минь өдийд манан бууж, бороошоо болов уу...Түүний номыг уншиж
суухуй ийм нэг мөр нүдэнд содон тусав. Ойрдоо манай нутаг манантай
байгаа. Хар усны дээгүүр хоёр нэг тогоруу гурр-гурр дуугаранхан ниссээр л
байгаа. Аяа, зүүдэн мэт хөх тогорууд. Тогоруу дуугарахаар бороо ордог
гэдэг дээ.
Яруу найрагч Ц.Дэлгэрмаа дүүгийн "Дотоод
тэнгис"-ийг анирдахуй, давалгаа алсад намуухан цайрч, шөнийн тэнгэрт
одод жирвэлзэж, зөөлөн салхи гэгээвчээр орж гарч, хөлөг онгоц мэт
бодлууд хөвж, "өгөөмөр навчны алганд алтан цох зүүрмэглэх шиг" дулаахан
байлаа.
Яагаад ч юм энэхүү сэтгэгдлээ Түнэл, бороо гэсэн
үгсээр эхэлчихлээ. Бороо. Яг одоо энд бороо шивэрч байна. Борооны
тунгалагхан дуслууд бургасны навчин дээр бөнжийж, үл мэдэг салхинд зарим
нь дуу алдан унана. Цонхны шил хэн нэгний сэтгэл шиг жирэлзэж, хонхны
жингэнээн шиг мэдрэмж холхид ниснэ. Хорвоо дэлхий анхилуун, амгалан аж.
Мөрөн хот борооны чимээнд сэржээ. Эртний бодол шиг мананд эргэн тойрон
үүрд автсан шиг ээ. Ээ дээ, мөн ч сайхан өдөр эхэлж байна даа. Эгээ л
энэ шүлэг шиг,
...Аз жаргал минь ердөө л
Тэнгэр ширтэж зогсох
Тэмүүлж над руу ирсэн гэгээг
Тэмтэрч суугаад шүлэглэх...
Аз жаргал минь ердөө л
Анхны бороонд норох
Дуу шиг борооноор гуниг шиг алхаж
Дулаахан хүмүүсийг бодож инээмсэглэх.../Дотоод тэнгис. 38-р тал/
Ганцаараа мөртлөө инээмсэглэж байгаагаа би
мэдрэв. Гадаа ч инээмсэглэмээр тийм гэрэлтэй байна. Ногооны үнэр тод сэргэг, хаа нэгтэй өвөөлжийн гүн гүн дуугарах нь дэндүү цэлмэг,
цэцэрлэгийн модод цэнхэр, тааралдсан хүмүүсийн царай залхаг биш, ер нь л
ертөнцтэй найрсан тэврэлдмээр, өр зүрхэнд оршигч хэн нэгнийг дуудмаар,
борооны үгээр ярьмаар, бичиж буй зүйлээ нэг л суурин дээр дуусгаж
чадмаар, дуусмагцаа голын хөвөөнд очиж суумаар тийм л яруухан өглөө
байна. "Цонхоор шивнэсэн борооны үг шиг л" Өвс ногоог урин дууддаг тийм
бороонд би хайртай. Өвс ногоо чинь бороо! Шүлэг зохиол ч гэсэн өвс
ногоо, бороо, цас, шүүдэр! Өөр юу ч биш. Өчигдрийн зуурам халуун,
өнөөдрийн сэрүүнийг давтаж чаддаг бил үү.
Тэнгэр ямар гоё харагдана вэ
Тэнд миний бүтээгүй мөрөөдөл байгаа
Орой дээр хөхрөх тэнгэрийг бив битүү үүлс бүрхээд
Уулсын зулай дээр цэв цэнхэр алчуур мэт намирна
Уулс буурал эмгэний магнай мэт атираатан бодлогширч
Үрчлээ, нугалааных нь завсраар нулимс мэт бороо дусална.../А"тэмдэглэл.13./
Ай
даа, энэ шүлгээр л эргэн тойрон чимэглэгдсэн мэт харагдана. Уулсын
зулай дээр цэв цэнхэр алчуур намирна. Сэтгэл хүнд биш хөнгөн, гунигтай
хэрнээ гэрэлтэй. Нээрээ, тэнгэр ямар гоё харагдана вэ?
Бороо
шивэрсээр л байна. Манан. Үүлс. Модод. Үзэсгэлэнт дээвэр. "Дотоод
тэнгис" номыг Ц.Гончиг дүү мөн л бороон дундуур авчирч өгсөн юм. Өдгөө
дээвэр тогших борооны хэмнэлд уусангаа энэхүү номын тухайд өөрийн бодлыг
бичиж сууна. Чийглэг зөөлөн агаар номын хуудсыг эргүүлэнэ.
Тэнгэрт нүүх үүлстэй хамт
Юу хөвж явдагийг
Би зүүдэндээ харсан
Тэндхийн борооны дусал нэг бүр дотор
Ямар амьдрал байдгийг үзсэн.../Дотоод тэнгис.14./
Бороон
дусал дотор ямархан амьдрал багтдагийг тэр андахгүй. Тэр тусмаа түүн
шиг гуниглангуй, бодлогшронгуй нэгэнд бол бүр ч илүү харагддаг байж
мэдэх л юм. Борооны дусал, цасны ширхэг, навчны үйрмэг сэтгэлийг аль
зэрэг хүчтэй онож буйг харж чадсан хүнд бол яруу найрагч байх боломж нь
хязгааргүй. Харж чаддаг гэдгийг нь энд дурдахад илүүц биш биз ээ. Үүнийг
үл нуршин цааш өгүүлэхэд:
Юутай тунгалаг вэ, хаврын тэнгэрт болжмор жиргэлдэх
Юм бүхнээс уйдаж гансравч хөөрхий сэтгэл амьдаараа
Шигшрэн жиргэх шувуудын
дуунд агшнаа цэлмэвч
Шид шингээж залгисан хор мэт юу ч юм үргэлж дотроос сэмлэх
Амьдралаас олоогүй аз жаргалаа зүүдэндээ үзэж сэрэх...
Үргэлж дотроос сэмлэх тэр юм
бол үнэндээ бидэн шиг хүмүүсийн гэрэл байхгүй юу. Зол жаргал нь
байхгүй юу. Тиймээс л амьдралаас олоогүй аз жаргалаа зүүдэндээ үзээд
сэрж байгаа юм. Сэрж чадаж байгаа учраас бичиж байгаа юм. Ерөөс сэрнэ
гэдэг чинь л ертөнцийн туйлын шинж. Ийм шинж үгүйсэн бол сэтгэл
хэмээгчээр юу хийнэ.
"Үхлийн тухай энгүүхэн бодох, үзэг чинь ердөө л чиний нэг эрхтэн мэт сэтгэх...
Үргэлж ганцаардах, ямагт
ганцаардах, эгнэгт ганцаардах
Ай даа шүлэг бичих...
Агаар мэт түүгээр амьсгалж явна гэдэг үү?"
Үнэн. Ингэж энгүүхэн бодох, сэтгэх, бичих, ганцаардах... Бүр эгнэгт ганцаардах...Тэгээд шүлэг бичих. Аз жаргалыг олох амархаан. Үзэг чинь чиний нэг эрхтэн гэдгийг л ойлгох...
".... Үл мэдэг шижим даган
Үзэгдэхгүй тунгалагийн зүг нисэн нисэн одно
Өчүүхэн далиных нь эрвэгнээ совинт үүлсийг хөндөж
Үгсэд хувилсан цас ингэж намайг ононо..."
Энэ ч бас үнэн. Үнэнийг бичнэ гэдэг хэцүү л дээ. Ихэнх тохиолдолд зохиохыг л эрхэм болгож байна, өнөө цагт. Үзэгдэхгүй тунгалагийн зүг нисэн нисэн одох.-.Үгсэд хувилсан цас эргээд түүнийг онох...Хийсвэр ч юм шиг эдгээр мөрүүдэд Ц. Дэлгэрмаагийн үнэн шингэжээ. Учир нь үгсэд хувилсан цас бол зохиомол зүйл биш билээ.
"Исгэрэн хийсэгчийн биегүй алганаа
Энэ дэлхий минь хүчгүйдэн бөмбөрөх шиг
Элгэндээ тэвэрсэн нандин бүхэнтэйгээ
Энэ бие минь ч хуйларч одох шиг...
Хаагаад ч нэмэргүй салхивчны цаанаас
Хаа холын араатан шиг улих
Харгис, өлсгөлөн салхины саварт
Хандах зүггүй мухардан зогсном..." /Дотоод тэнгис. 59-р тал/
Эмэгтэй хүний хүчтэй эмзэглэл, гансрал, зовнил энэ шүлэгнээс чимээлнэ. Эелдэг зөөлөн нь илтэд мэдрэгдэх хэрнээ ийм гуниг, шаналал, ганцаардал шүлгүүдээс нь үе үехэн цуурайтаад байдаг юм. Хэн ч төсөөлж, зураглаж чадахгүй тийм гунигийг тэрбээр зүрхэндээ тээж явдаг шиг. Ийм шүлгийн дараа,
Цамцан дороос бөмбөлзөх зүрхнийхээ
Эмзэглэлийг нуух гэж би дандаа инээмсэглэдэг... гэсэн мөрийг уншиж байж л тайвшрах шиг.
Инээмсэглэлийн цаана байгаа эмзэглэлийг таамаглах боломж нь тэгэхлээр инээмсэглэл болж Тс ■! даа.
"Гарч алхвал замын эцэс гэрийн үүдэнд төгсөнө
Гараа зангидаж байгаад нулимсаа татрахыг хүлээнэ
Ганганасан шувууд дээшээ, гансарсан навчис доошоо ниснэ
Ганцхан би л тэдний дунд хөшөө. мэт зогсоно.../Дотоод тэнгис.47/
Сэтгэлийн тэртээд навчис шажигнан дуугарах шиг болов Ганганасаншувууд дээшээ, гансарсан навчис доошоо нисэх нь газар тэнгэр захидалаа солилцож байгаа юм шиг ээ. Үр.минь чамайг анх тэвэрмэгцээ л Өгүүлшгүй гүн тэнгис давалгаалсаар байгааг мэдсэн Тэр л тэнгисээс биелж надад
ирсэнд чинь итгэмэгц
Тэнгэр болоод хайр ивээсээр л байгааг мэдэрсэн
Тэр л тэнгисийн давалгаанд хуучны гуниг уйтгар арчигдаж, гутрал цөхрөл туугдан оджээ.
Номоо яагаад "Дотоод тэнгис" гэж нэрлэснийг нь ч ойлголоо.
Хуанлийн хуудас гуравдугаар сар дээр иржээ
Хуруугаараа тэр тоонуудыг тэмтэрвэл
Хавар гэж уншигдана
Дэлгээтэй салхивчаар
шувуудын дуу нэвтэрч
Дэвтэр дээр минь бууж шингэнэ
Болжморын дууг жинхэнэ амьдралын дуу гэж төсөөлөмөгц өдруүд тэр чигтээ гэрэлтээд явчих шиг ээ.../Дотоод тэнгис.4-р тал/
Хавар бол яруу найрагчийн дуу алдалт юм. Болжморын дууг жинхэнэ амьдралын дуу гэж хулээж авч чадаж байгаа цагтаа бид цаг хугацаатай өшилдөхгүй. Өр зүрхээрээ, тэмүүлэн байж дуулахаа мартахгүй. Мөн:
"Хүйтэн мөс хүлхэж алхах шиг
Хүйтэн үгийг л амандаа шивнэцгээдэг..."
"Даарсан хүмүүс байдгаараа зузаалчихаад
Таарсан болгоныхоо сэтгэлийг тахчин зөрцгөөдөг" гэсэн халаглалыг алгасахгүй. Эдгээр мөрүүдийг уншсаны дараа юуг ч юм эрж хаймаар болж байна. Бас юуг ч эрж хаймааргүй бодогдож байна. Улам бүр хүмүүсээс холдсоор байгаа юуг ч юм эргэж ирнэ гэдэгт найдаж байна. Гэхдээ л... Хүйтэн мөс амандаа хүлхсээр л явах уу, таарсан болгоныхоо сэтгэлийг тахчин зөрсөөр л байх уу...Түүний оронд,
"Чамтай ярилцахдаа би дандаа гэрэлтдэг
Дараа нь гуньдаг
Чам руу очихдоо үргэлж инээмсэглэдэг
Буцахдаа уйлдаг.../Дотоод тэнгис. 13-р тал/ гэсэн бадгийг уншаад өр өвдөж суусан нь дээр. Өр өвдөх. Өмнөөс нь нулимс цийлэгнэх...Гэрэл, гуниг инээмсэглэл, нулимс аль аль нь л хүний амьдрал. Амьдрал гэдэг баяр хөөрөөс төрөх уйтгар гуниг юм.
"Өехийнөөс хатгаж өвтгөдөг өргөстэй үүрэндээ л дуртай би Өөрийг минь зорьж нисэхгүй тэр л шувууг хүлээдэг би..." Өөрийг нь зорьж нисэхгүй шувуунд хайртай байна гэдэг л үнэн сэтгэл юм. Ийм үнэн сэтгэлийг гагцхүү яруу найраг л илчилж орхих бөгөөд шувууны тухай бичиж буй хүнд далавчны хэрэг юусан билээ....Түүний дотоод эмзэглэл, шаналал энэ мөрүүдээр хурц илэрч байна. Яруу найргийн ертөнц дэх ХҮЛЭЭЛТ. "Дурлалт шувуундаа зэхэж хүлээсэн үүр". Дураараа шувууд цэцэг зууж ирээд навчис бутарган одлоо ч энэ хүлээлт эцэсгүй. Зүрхээрээ, зөнгөөрөө, хүслээрээ, бодлоороо яруу найрагч байхын жаргал энэ, зовлон ч энэ. Ийм хувь заяагаар амьдарна гэдэг амаргүй ээ. Амаргүй учраас,
"Амьдрал гэж нэрлэсэн утгагүй өдрүүддээ би хүлэгдэж
Алхах тоолондоо навч шиг сэмрэвч, хүмүүсийн өөдөөс инээмсэглэж" гэж дотогшоо хүчилж,
"Аяа, ядаж ялаа нисээсэй
Ай, энэ нулимс хашгирч унадаг болоосой!" гэж тэсгэлгүй гадагшилж, эсвэл:
"Алсад хонх цохих чимээг зүрхэн дотроосоо сонсном
Алгуурлалгүй тэр холын замд гарахаар өдөр бүр нууцаар ЗЭХНЭМ...ГЭЖ бичнэм.
Аяа, тэр л холын зам...аяа тэр л яруу найргийн зам...Халширам гэдгийг нь мэдэх хэрнээ л явахсан гэж бүгд хүсэцгээдэг. Ийм хүсэл л,
"Чичирч даарах хэрнээ өвөл битгий дуусаасай гэж
Чичигнэсэн хүйтэн хуруугаар цас тоолж зогсоход..."гэж бичүүлэхэд хүргэдэг. Энэ яасан сайхан хүсэл вэ? Яасан сайхан сэтгэл вэ? Чичирч байгаа хэрнээ өвөл битгий дуусаасай гэж бодох, чичигнэсэн хүйтэн хуруугаар цас тосож зогсох..."Энэ бодол чинийх шүү".
""А" тэмдэглэл", "Дотоод тэнгис" номууд бол түүний эхэн үе агаад энтээшээ зам нь бүДэг хэрнээ тод, нарийн хэрнээ өргөн байгаасай гэж хүснэм. Түүнд илүү нарийн мэдрэмж, дотоод эмзэглэл, үнэн гуниглал байгаа. Үнэн гуниг л зохиомол зүйл бичихгүй байхын хангалттай шалтгаан билээ. Үе үе мэдрэгдээд байх баригдмал нэг юм... Бас нэг юм..."Үзэгний нүдээ" ахиж нэг үзээрэй, дүү минь! Өөрт чинь үлдээе. Чи өөрөө бараг л мэдэж байгаа болов уу.
"Дотоод тэнгис"-д: ДАВАЛГАА, НАМ ГҮМ, НУУЦ, СЭЛҮҮРНИЙ ЧИМЭЭ, ЗОГСООЛ, АЛСРАЛ... Одоо тэнгис рүү улам алсрах цаг. Ах нь үүнийг л захья. Давалгаа зөвхөн салхинд л захирагддаг.
Салхи бол чиний сэтгэл. Бороо ч мөн адил. Энэ шүлгийг дүүдээ зориулсан билээ. Бичвэрээ энэхүү шүлгээр өндөрлөе.
Бороо
Энд бороо шивэрч байна
Эрт цагийн тухай бичиж байна
Бичиж байгаа минь ч бороо
Бодож байгаа минь ч бороо
Өвс ногоо ч бороо
Өөрийг минь бүтээсэн бороо...
Гунигтай хэрнээ гэрэлтэй сэтгэлийн
Гуйвшгүй үнэн итгэлийн
Алсад цайрах үүлэн дээр ч
Асгаран асгарсаар л байна
2014.07.06 МӨРӨН П.МАЙНБАЯР