Дорнод аймгийн Халх голын 330,000 га газрыг солонгосчууд худалдаж авсан, бас Хятадын компани тэнд нэлээд том газар авсан гэх мэдээлэл арваад жилийн өмнөөс дуулдах болсон билээ. Гэтэл энэ нь оргүй мэдээлэл биш байсан юм. 2014 оны 7 дугаар сарын 9-нд УИХ Халх голын 500,000 га нутгийг "олон улсын ХАА-н чөлөөт бүс” болгох тогтоол гаргав. Ингээд Халх голд үй түмэн хятад, солонгосчууд болон бусад харь иргэдийг чөлөөтэй оруулах, газрыг нь харийн мэдэлд өгөх боломжтой чөлөөт бүс гэгчийн ноцтой асуудал бий болов. Асуудал гараад 4 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ард түмний төлөөлөл, иргэний байгууллагууд Халх голын сав газрыг "чөлөөт бүс” болгох шийдвэрийг эсэргүүцсээр ирсэн боловч харийханд газар нутгаа найр тавих гэсэн эрх баригчдын санаархал хэвээрээ байна. Гэтэл Халх голын асуудал дуусаагүй атал бас нэг чөлөөт бүсийн асуудал тавигдаж эхэллээ. Энэ нь Монголын нийслэл Улаанбаатарт чөлөөт бүс байгуулах асуудал юм.
Олон улсад "эдийн засгийн чөлөөт бүс” гэх ойголт бий. Энэхүү чөлөөт бүсийг улс орнууд хил орчмын суурин, усан боомт зэрэг хилийнхээ бүсэд байгуулдаг ажээ. Гэтэл 2018 оны 2 дугаар сарын 14-нд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын Тэргүүлэгчид нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан байна. Тус өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд "Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн дарга Р.Дагва гэгч танилцуулжээ. НИТХ Тэргүүлэгчид тус ажлын хэсгийн үйл ажиллагааг сайшааж, улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогод хувь нэмэр үзүүлэхүйц хэмжээний Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хөтөлбөрийг НИТХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэхээр 100 хувь дэмжсэн байна. Ингэснээр НИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотын хөгжил шинэ шатанд гарна гэж үзсэн ажээ.
Өмнө нь хилийн чөлөөт бүс гэж ярьдаг байсан бол одоо Монгол Улсын нийслэл хот өөрөө олон улсын чөлөөт бүстэй болох хачин асуудал гарч ирлээ. Хэрэв түүнийг байгуулбал, Улаанбаатар хот чөлөөт бүстэй болж, гадны иргэд манай улсын нийслэлд визгүй үй түмээрээ чөлөөтэй нэвтэрэх боломжтой болно.
2017 он гарахын өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Наранхүү нэгэн телевизээр Монголд 5 сая хятадыг чөлөөтэй оруулж ирэх хэрэгтэй гэж хэлсэн нь монголчуудыг хэсэгхэн хугацаанд шуугиулсан юм. Зарим хүмүүс Наранхүү гишүүнийг тоглож ийм үг хэлсэн байх гээд итгээгүй ажээ. Гэвч дараахан нь Наранхүү дээрх үгийг тоглож хэлээгүй гэдэг нь тодорхой болов. Түүний энэ санааг МАН-ын Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн байна. 2017 оны 2 дугаар сарын эхээр тухайн үеийн БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр хятадуудыг визгүй зорчуулахаар ажиллаж байгаа тухайгаа мэдэгджээ. Тэр "Одоогоор 42 улсын иргэнийг аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад визгүй зорчуулах Засгийн газрын шийдвэр 2014 онд гарсан. Засгийн газар сая хуралдаад эдгээр 42 улс дээр нэмж хил орчмын аялал жуулчлалаар жуулчлах гадаадын иргэдийг визгүй зорчуулахаар ярилцсан. Үүнд БНХАУ-ын иргэд багтана. БНХАУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ болон ГХЯ ажиллаж байна” хэмээн хэлсэн байна.
Өмнөх засгийн газар хятадуудыг хил орчмоор визгүй оруулна гэж ярьж байсан бол өнөөгийн эрх баригчид харийн иргэдийг нийслэлд маань визгүй оруулах асуудал тавиад эхэллээ! МАН ч бай, АН ч бай өнөөгийн эрх баригчид улс орноо, ард түмнээ үгээгүй ядууруулчихаад, дээр нь харийнханыг Монголд суурьшуулахаар шийдсэн бололтой. Гэхдээ тэднээс төрөө цэвэрлэх боломж ард түмэнд байсаар л байна.
Ш.Лантуу
GASHUUN.MN

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих