Монголын олимпийн баатруудын нэг О.Гүндэгмаа их спортдоо эргэн
ирлээ. Лондонгийн олимпийн дараа ихрүүдээ төрүүлж, хэсэг хугацаанд их
спортоос хөндийрсөн тэрбээр энэ өдрүүдэд Германы Мюнхен хотноо болж буй
буудлагын Дэлхийн цомын тэмцээнд онч сорьж байна. Тэрбээр өчигдөр
болсон эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж,
аваргын алтан медаль хүртсэн байна. Бараг хоёр жилийн турш тэмцээн,
уралдаанаас хөндий байсан түүний хувьд Лондонгийн олимпиос хойшхи анхны
олон улсын тэмцээндээ оролцож, түрүүлснээрээ онцлогтой байлаа. Энэ нь
түүний Дэлхийн цомоос авч буй долоо дахь алт, нийтдээ 15 дахь медаль нь
юм.
Зургадугаар сарын 4-13-нд Мюнхенд үргэлжилж буй Дэлхийн цомд О.Гүндэгмаагийн үндсэн дасгал болох эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд нийт 95 буудагч өрсөлдсөнөөс О.Гүндэгмаа урьдчилсан дасгалд 584 оноо авснаар тавдугаар байраар шигшээ наймд шалгарчээ. Улмаар хагас шигшээ буудлагад 21 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Ингээд аваргын төлөө Герман улсыг төлөөлж буй нутаг нэгт тамирчин Д.Мөнхбаяртай халз буудаж, 8:0 харьцаатай ялалт байгуулжээ. Харин хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Жан Жинжин 8:2-оор мөн өмнөд хөршийн буудагч Чен Инийг ялсан байна. Сануулахад, Бээжингийн олимпийн медалийн тавцангийн хамгийн өндөрлөгт Чен Ин зогсч, О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нар мөнгө, хүрэл медаль зүүж байсан билээ.
"Атланта-1996”, "Сидней-2000”, "Афин-2004”, "Бээжин-2008”, "Лондон-2012” гээд таван олимп дамжин оролцсон О.Гүндэгмаа ийнхүү хоёр жилийн дараа Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох зуны XXXI олимпийн наадмын гараагаа амжилттай эхлүүлж, их спортдоо алтан медальтай эргэн ирлээ. Сануулахад, дөрвөн жил тутамд болдог буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох бөгөөд тус тэмцээнээс Риогийн олимпийн эрх олгох юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих