Худалдааны чөлөөт бүсийн тухай "хий үзэгдэл" бараг 20 жилийн турш
Монголоор хэсүүчилсэн. 2002 оны зургадугаар сард Худалдааны чөлөөт
бүсийн тухай хуулийг батлан гаргаж, Алтанбулаг, Замын-Үүдэд хэсэгхэн
газрыг хашаалснаас хэтэрсэнгүй.
Түүнээс хойш 12 жил өнгөрч байна. Харин энэ хугацаанд чөлөөт бүс чөдөртэй байж, их л сайндаа сонгуулийн популист амлалтын нэмэр хачир төдий явж ирсэн юм. Сайшаалтай нь Шинэчлэлийн Засгийн газрын өнгөн дээр Алтанбулагийн чөлөөт бүс нээгдлээ. Гэхдээ одоогоор төгс төгөлдөр биш гэдэг нь тодорхой. Учир нь Монгол Улс энэ талын уламжлал, туршлага байхгүй, алдсан оносоны аль аль нь л байгаа байх. Хоосон яриа төдийгөөр 20 шахам жилийг үдсэн худалдааны чөлөөт бүс үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж, үүд хаалгаа нээж байгаа нь одоогоор хамгаас чухал болж байна. Хэрэв цаашид тогтмолжоод ирвэл аяндаа дадлага туршлага сууна, алдсан гэнэдсэнээ засч залруулаад явах боломж бий.
Алтанбулагийн чөлөөт бүсийг нээх ёслол өнгөрсөн амралтын өдрөөр буюу энэ сарын 22-нд болов. Эдийн засгийг эрчимжүүлэх "Эзэн 100"-гийн хүрээнд энэ чөлөөт бүсийн асуудал тусгагдаад байсан нь биеллээ олж байгаа хэрэг. Алтанбулагийн Худалдааны чөлөөт бүс гэж эх орны торгон хилийг хөвөөлсөн 500 га газар байна. Одоогоор бол ихэнх зай талбай нь хоосон цэлийж байна билээ. Тооцож байгаагаар ирээдүйд Эрээн шиг олон улсын арилжаа наймааны томоохон хот болно гэсэн төсөөлөл буй.
Монгол гэрийн хэлбэртэй том орох хаалга нь хийц донж нь чамлалттай ч өгүүлэмж сайтай юм шиг санагдсан. Орох хаалгаа дагаад хатуу хучилттай багахан зам, талбайтай. Тэнд нь нээлт болсон. Чөлөөт худалдааны төвийн байнгын ажиллагааны нээлттэй зэрэгцээд экспо үзэсгэлэн худалдаа найм хоног үргэлжлэх юм. Мөн бүсийн дотор талд хоёр давхар худалдааны төв баригдаад хэзээ мөдгүй ашиглалтад орохоор болчихсон байна. Эндхийн бүх талбай түрээслэгчдийн захиалгыг хэдийнэ авчихсан гэсэн. Энэ худалдааны төвөөс зүүн тийш бас нэг барилга баригдаж байсныг зарим нь татваргүй барааны дэлгүүр болох юм гэж тодотгов. Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн үзэл санаа амилж эхэлсэн тэр үеэс хойш улсын төсвөөс энд 23.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Энэ мөнгөний ихэнх нь цэвэр бохир усны шугам хоолой, эрчим хүчний дэд бүтэц, хашаа, хатуу хучилттай зам зэрэгт шингэсэн гэж байна. Хувийн хөрөнгө оруулагчид чөлөөт бүсийг чамгүй сонирхож, итгэл найдварын нүдээр харж байгаа бололтой. Тухайлбал, одоогоор долоон аж ахуйн нэгж нэг саяас дээш ам.долларын хөрөнгө оруулахаар болоод байгаа бол тэдгээрийн араас 11 аж ахуйн нэгж санал гаргаад байгааг тус бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн нээлтийн үеэр хэлнэ билээ.
Чөлөөт бүсэд хамгийн түрүүнд хэрэгжиж эхлэх хэд хэдэн төсөл байгаа аж. Тодруулбал, Мод, модон бүтээгдэхүүний зах бирж, олон улсын үзэсгэлэн яармаг худалдаа, Олон улсын хурдны "Чингисийн зам" төсөл болон барилгын материалын нэгдсэн хангамж, тээвэр ложистикийн төслүуд зэрэг юм. Эдгээрээс гадна Хятад ОХУ, Монгол гурван улсын хамтарсан эх газар хоорондын аялал жуулчлалыг хөгжүүлэх "Цайны зам" төсөл бий.
Нээлтийн үеэр чөлөөт бүсээр дамжиж БНХАУ-д нийлүүлэгдэх модон материал ачсан анхны тээврийн цуваа орж ирсэн юм.
Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр урьд нь 90 шахам аж ахуйн нэгж санал гаргасан юм байна. Харин энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын 50 гаруй бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байв. Олны сайн мэдэхээс 'Түмэн хишигтэн", "Солонго инвест", "Дархан нэхий", "Монтана жинс", "Улаанбаатар хивс" зэрэг компаниуд харагдсан. Тэд өдрийн 100 мянган төгрөгийн түрээсийн төлбөр төлж найм хоног арилжаа наймаа хийхээр гэрээ байгуулсан ч худалдан авагчид хаана байна вэ гэсэн асуудалтай анхны өдрөөсөө эхлэн тулгарлаа хэмээн гомдоллож байна билээ. Учир нь нээлтийн үеэр оросын үйлчлүүлэгчид ирсэнгүй. Уг нь хил залгаа нутгийн оросууд чихэр жимс тэргүүтнээ аваад олноороо орж ирэх байх гэсэн төсөөлөл ойлголттой байсан гэнэ.
Гэхдээ оросууд аяндаа орж ирдэг, авахаа авч, зарахаа зардаг болтол цаг хугацааны асуудал бий гэцгээж байна билээ. Юутай ч "ах" нарын зүгээс энэ чөлөөт бүсэд ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл болгож Хиагтын боомтоо 24 цагийн үйлчилгээтэй болгосон гэнэ. Харин нутгийнхны зүгээс Улаан-Үүд Хиагтын оросууд чөлөөт бусийн талаар ойлголтгүй, тэдэнд мэдээлэл хүрээгүй байна гэж шүүмжилж байсан.
Алтанбулагийн чөлөөт бүс байнгын ажиллагаатай болж байгаатай холбогдон энэ бүсэд ОХУ-ын иргэд визгүй зорчих, харин бусад улсын иргэд 10 хоногийн хугацаатай дамжин өнгөрөх визтэйгээр зорчиж болох тухай Засгийн газрын шийдвэр гарсан гэдгийг тэдний хувьд сонсож мэдсэн эсэх нь эргэлзээтэй. Харин Монголын иргэд бол иргэний үнэмлэх, гадаад паспорт болон жолооны үнэмлэхээ үзүүлээд энэ бүсэд чөлөөтэй орж гарах боломжтой. Зарим нэг нь чөлөөт бүс гэдэг чинь Нарантуул захаас ялгарах зүйл байгаа юм уу хэмээн "ам хэлээ билүүдэж" байна билээ. Адилхан л арилжаа наймаа хийгдэнэ, гэхдээ хууль эрх зүйн маш их ялгаа, татваргүй орчин гэхчилэн давуу талыг нь хүмүүс төдийлөн олж хараагүй байх шиг анзаарагдсан.
Чөлөөт худалдааны бүс гэдэг нь дотоод гадаадын бизнес эрхлэгчдэд Монголын төрөөс олгож байгаа нэг боломж юм. Геополитикийн байрлалаа давуу тал болгох олон санаануудын нэг нь чөлөөт бүсээр хэрэгжиж эхэлж байгаа нь энэ билээ. Үүнийг дагаад үндэстэн дамнасан бараа, тээвэр ложистик, санхүүгийн урсгал бий болно гэсэн хүлээлт байгаа. Чөлөөт худалдааны бүсийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж "чулуу" болгож чадвал Монголын эдийн засагг хөрөнгө мөнгөний багагүй урсгалыг авчрах бүрэн боломж бий. Хилийн цаахна байх ОХУ-ын бүс нутгуудад 50 сая орчим иргэн амьдардаг бөгөөд тэдний хэрэглээний 70 орчим хувь нь Хятадын импортоор хангагддаг гэсэн тооцоо байна билээ. Өөрөөр хэлбэл энэ нь 300 сая хүн амтай ОХУ-ын үлэмжхэн багтаамжтай зах зээлд нэвтрэх үүд хаалга нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүс болох дүр зураг тодорч харагдахаар байгаа юм.
Алтанбулагийн Чөлөөт худалдааны төвийн гол зорилго нь эдүгээ Бээжин-Манжуур-Чита-Улан-Үдэ гэсэн маршруттай байгаа ОХУ-ыг зорьсон ачаа барааны урсгалыг Бээжин-Эрээн-Алтанбулаг-Улаан-Үүд гэсэн маршруттай болгох явдал юм. Ингэвэл туулах замыг ихээхэн багасгаж, тоолох цаг хугацааг үлэмжхэн богиносгох давуу талтай.
Чөлөөт худалдааны энэ бүс нээгдсэнээр
Монголын эдийн засагт шинэ жим харгуй бий болж байна. Энэ харгуй улам
бүр тодрон зурайна гэсэн итгэл хүлээлтээ энд дайж үлдээе.
ӨДРИЙН ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих