
Ардын уран зохиолч, академич, профессор, төрийн гурван удаагийн шагналтан хэмээх бичгийн мэргэдийн тэргүүн хишиг, эрдмийн өндөр цол зэргийг хүртсэн, хорь дугаар зууны манлай соён гэгээрүүлэгч гэж бүх ард түмнээрээ өргөмжлүүлсэн Цэндийн Дамдинсүрэн абугай Матад нутгийнхны оройн дээд оюуны тэнгэр билээ.
Ингэж тэмдэглэхийн учир аваас "XX зууны монголд төрсөн хэдхэн суут хүмүүсийн нэг нь Хатагин овогийн эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн юм... Тухайн цагаасаа хэдэг бээрийн зайд түрүүлэн хол тасарсан түүний хүрсэн өндөрлөг дээр цагаа болоход олон зуун хүн авиран гарч, эргэн тойрноо сайтар ажиглан ухаарсан тэр үед л түүнийг... чухам хэн байж вэ гэдгийг сая үнэнээр ухаарна" гэж өнөө цагийн их эрдэмтэн Л.Түдэв гуай дүгнэн айлдсанд орших авай.
Монгол түмний сэтгэлд "Матад хэмээвээс Цэндийн Дамдинсүрэн, Цэндийн Дамдинсүрэн хэмээвээс Матад" гэдэг нэр урган санагдах ухаарлын уламжлал тогтжээ. Иймээс сумынхаа 90 жилийн ойг тохиолдуулан "Цэндийн Дамдинсүрэн " хэмээх судар бүтээлгэн, суугуул нутаг уугуул усандаа гал голомтоо бадраах айл өрх бүхний тахил хоймрын дээдэд залж байна.
-Төрөлх нутгийн залгамж үеийнх нь их эрдэмтнээ уншин мэдэж, тунгаан таньж, даган дуурайхын сургаал авч, хүндэтгэн дээдэлж, алдаршуулан мөнхжүүлж байхын ерөөл тавьж,-Матадчуудын гал голомтоос эрдмийн мэргэд, бичгийн билэгтэн үеийн үед тодрон дуурсахын бэлгэдэл шингээн энэхүү номыг бүтээлгэсэн болно.
Монголын ард түмнээ бичигтэн болгосон Да багшийн уран зохиол хийгээд эрдмийн бүтээлийн их өв санг "Бүрэн зохиол" цуврал ботиор түмэн олондоо хүргэх, цагаан буяны үйлээрээ энэ номыг бүтээсэн Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Д.Цэдэв абугайд Матадчуудынхаа өмнөөс номын цагаан буян дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье.
Дорнод аймгийн Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Оюуны ундарга" тэргүүн
шагналт сэтгүүлч-судлаач Лувсансүхийн ХЭРЭЭ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4177
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих