"Илхаадын судлал, шинэ хандлага" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн дугуй танхимд үргэлжилж байна. Тус хурал гурван өдөр болох юм байна. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Түүхийн тэнхим, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй. Хуралд 20 орчим орны эрдэмтэн судлаачид оролцож Монголын хаадын талаар хийсэн судалгааныхаа талаар илтгэл тавилаа.
Сүүлийн жилүүдэд Чингис хаан судлал хийгээд монголчуудын байдлан дагуулалт дэлхийн эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж, энэ талаар сонирхон судалж буй талаар түүхийн багш нар дурдаж байв. АНУ-ын Индианагийн их сургуулийн профессор Кристопер Этвүүд "Рашид Ад-Дины түүх ба Монгол эх үүсвэр" сэдвээр илтгэл тавьсан нь судлаачдын анхаарлыг татаж байлаа. Мөн Италийн Пизагийн их сургуулийн багш П.Ж.Борбони "Ил хааны улсын түүхэн эх сурвалжууд" илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Тодруулбал, Их Монгол Улсын Илхаант улс (Персийн Монгол улс буюу Хүлүгийн хаант улс ч гэгддэг) оршин тогтносон 100 гаруй жилийн (1256 -1357 он) үе хамаардаг байна.
Бид МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, профессор Ц.Жамбалсүрэнтэй уулзсан юм. Тэрбээр "Монголын түүхийн ншнжлэх ухаан хөгжлийнхөө үе рүү орж байна. Нэг хэсэг хоцрогдож байсан. Улсын хэмжээгээр түүх судлалын асуудалд ихээхэн анхаардаг болжээ. Мөн элдэв төрлийн ой тэмдэглэж түүх судлалд их ач холбогдол өгдөг боллоо. Энэ удаагийн хурлаар Илхаадын үеийн түүх судлалын шинэ хандлага сэдвийн хүрээнд болж байна. Хуралд Монголын түүхийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс уригдаж ирсэн. Их сонирхолтой илтгэлүүд тавигдлаа. Илхаадын улсын түүх Чингис хааныг залгамжлагчдын үед нэлээд хөгжсөн.
Илхаадын улсын төрийн сайд байсан Рашид Ад-Дин гэдэг хүн Монголын хааны зарлигаар "Судрын чуулган" хэмээх гайхамшштай номыг бичсэн. Энэ номонд Монголын хаадуудын тухай багтсан байдаг. Тухайлбал, Чингис хаан, түүний залгамжлагчдын түүхийг маш нарийн өгүүлсэн. Дэлхийн түүх гэж хэлж болохоор ном бий. Сүүлийн үед Дундад Ази ба Монголын харилцаа, хөгжлийн асуудал судлаачдын анхаарлыг татдаг. Илхаан судлалын түүхчдийн томоохон бүтээлийг манай сургуулийн багш Баярсайхан бичсэн. Энэ бүтээлээрээ Кембрижийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. Түүхийн томоохон судалгааны бүтээл болсон гэж дүгнэж хэлмээр байна. Монголын түүхийг маш сайн судлах хэрэгтэй гэж багш нар үздэг. Манай улсын түүх маш сонирхолтой бас сургамжтай байдаг.
Нөгөөтэйгүүр Монголын түүхийг маш сайн мэддэг хүн дэлхийн түүхийг ойлгоно. Олон улсын түүх манай улсын түүхтэй холбоотой. Дундад Азийн түүх гэхэд монголчуудтай холбоотой байдаг. Жишээлбэл, Хүлүг гэж Тулуй хааны хүү хүчирхэг улсыг байгуулсан. Түуний байгуулсан улс 100 гаруй жил оршин тогтносон. Хүлугийн залгамжлагчдын ноёрхол унасны дараа доголон Төмөр хааны ноёрхол эхэлсэн. Ийм хүчирхэг хаадын түүхээс үзэхэд Дундад Азийн түүхийг бүтээхэд монголчууд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь харагДаж байгаа. Мөн Зүчийн байгуулсан Алтан ордны улс гэхэд л Дундад Азийн хэсэг, Орос, Зүүн Евронын зарим хэсэг орж байсан.
Тиймээс манай хүүхдүүд өөрийн улсынхаа түүхийг сайн судалсан байхад бусад улсын түүхийн талаар мэдэж чадах ач холбогдолтой. Энэтхэгийг л гэхэд Монгол удмын хаад бараг 300 жил удирдсан байдаг. Могол гэдэг чинь Монгол гэсэн үг шүү дээ. Түүхийг судлаад үзэхээр зөвхөн Дундад Ази биш, Евро ази хүртэл монголчуудын түүхтэй холбогддог. МУИС-ийн хувьд өөрийн улсын түүхийг дэлхийн түүхийн фонон дээр судлах арга барилаар хичээллэдэг" гэлээ.
Зүчийн удирдаж байсан Алтан орд улсын нийслэл өнөөгийн Казахкстан улсын Жезказган хотоос 50-иад километрийн зайд орших Хар хэнгэрэгийн голын бэлчир нутагт байрладаг байна. Энэ тухай хуралд оролцсон түүхчид хөөрөлдөж байлаа. Монголын эртний хаадын дүрийг Афганистан, Иран зэрэг орон зоосонд мөнхөлсөн байдаг ажээ.
Б.ГАНАА /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих