Хэнтий аймгийн ҮХААГ, Монголын зөгийчдийн нийгэмлэгтэй хамтран Хэнтий аймгийн салбар холбоог байгуулж анхны хурлаа хийж, аймгийн зөгийчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Ё.Болорчимэгийг томилсон байна. Одоо Хэнтий аймгийн хэмжээнд нийт 59 хүн зөгийчин мэргэжил эзэмшиж, холбооны гишүүн болжээ. Тус аймгийн зөгийчдийн холбоо сумдад зөгийн аж ахуйг дэлгэрүүлэх, зөгийнөөс гардаг 10 төрлийн бүтээгдэхүүний гарц хэрэглээг нэмэх, балны гарцыг нэмэгдүүлж аймаг орон нутгийнхаа зах зээлийг хангах, төрийн болон төрийн бус, сувилал, аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн "Буриад зөгийн бал" брэнд бүтээгдэхүүн гарган авах зэрэг зорилтууд дэвшүүлсэн байна.
2009 онд Дэлхийн Зөн Монгол ОУБ, "Бор-Өндөр 2 Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрөөс "Нисдэг сүргийн гайхамшиг” төсөл хэрэгжүүлж эхэлснээр Хэнтий аймгийн Биндэр суманд зөгийн аж ахуйг сэргээсэн байна. 3 жилийн хугацаатай хэрэгжсэн төслийн үр дүнд Биндэр сумын 29 иргэн 3 бүлэг, Дадал сумын 5 иргэн 1 бүлэг үүсгэн нийт 150 бүл зөгийг тоног төхөөрөмжийн хамт 100 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж төслөөс буцалтгүй тусламж болгон өгчээ. Эдгээр анхны зөгийчид мэргэжлийн сургалтанд хамрагдан Дорнод, Сэлэнгэ, Төв аймгуудад туршилга судалж чадваржиж мэргэжлийн зөгийчид болохын зэрэгцээ шавь нартаа бүлэнцэр таслах журмаар зөгийг өсгөж байна.
2012 оноос энэ төслийн үргэлжлэл болох "Ойн хамгаалал ба өрхийн амьжиргааг дээшлүүлэх” төслийн хүрээнд Биндэр сумын 4 ойн нөхөрлөл шинээр хамрагдан ойн нөхөн сэргээлт, гал түймэр гамшгаас сэргийлэх, ойн дагалдах баялгаа зөв зохистой ашиглах, зөгийн аж ахуй, жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор 4 жилийн хугацаатай шинэ төсөл хэрэгжүүлж байна. Саяхан шинэ нөхөрлөлийн гишүүдэд зөгийчин мэргэжил олгох сургалтыг Монголын зөгийчдийн нийгэмлэг, Хэнтий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран Биндэр, Баян-Адарга, Батширээт, Өмнөдэлгэр сумын нийт 28 иргэнийг хамруулан зохион байгуулж зөгийчдийн эгнээ өргөжсөөр байна.
Э.ЭГШИГЛЭН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих